БНСУ-ын инфляцын өсөлтийн хурд өмнөх таамаглалаас хол давж, дөрөвдүгээр сард сүүлийн 13 жилд байгаагүй дээд хэмжээнд хүрсэн тул төв банкнаас бодлогын хүүгээ энэ жил дахин өсгөнө гэсэн хүлээлт бондын зах зээлд бий болжээ.
Өмнөд Солонгосын статистикийн хорооны мэдээллээс үзвэл тус улсын хэрэглээний үнийн индекс дөрөвдүгээр сард өмнөх жилийн мөн үеийнхээс 4.8 хувиар, гуравдугаар сарынхаас 4.1 хувиар өссөн байна.
Уг үзүүлэлт нь 2008 оны 10-р сараас хойш бүртгэгдээгүйн зэрэгцээ БНСУ-ын Төв банкны зорилтот 2 хувийн өсөлтөөс 13 дахь сардаа дараалан илүү гарч байгаа аж.
Харин үнийн өсөлтөөс эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүнийг хасаж тооцдог суурь инфляц гуравдугаар сард 2.9 хувийн өсөлттэй байсан бол дөрөвдүгээр сард 3.1 хувьд хүрчээ.
Түүнчлэн төрийн сангийн 10 жилийн хугацаатай жишиг бондын өгөөж 5.4 суурь пунктээр өсч 3.426 хувьд хүрсэн нь 2014 оны 5-р сарын 14-ний өдрөөс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.
Иймд инфляцын мэдээлэлтэй танилцах дотоод хурлыг яаралтай зарлан хуралдуулж, мөн эрх баригчид инфляцын хүлээлтийг зохицуулах шаардлагатай байгааг БНСУ-ын Төв банкны (Bank of Korea) Дэд ерөнхийлөгч онцолжээ.