“UB Comedy Club”-ийн үүсгэн байгуулагч, продюсер, комедиан Б.Батбилэг нь Монголд стэндап комедиг анхлан нэвтрүүлж, хөгжүүлж буй. Бодит амьдралаас урган гарсан, амьдралд ойр хошигнолуудыг тайзнаа ганцаараа гарч өгүүлдэг энтертайнмент салбарын нэгэн төрөл стэндап комеди урсгалыг зориглон эхлүүлснээрээ Батаа бусад залуу уран бүтээлчдэд орой бүр комеди шоугаа олон нийтэд толилуулах боломжийг давхар нээсэн. 2014 оны нэгдүгээр сараас эхлэлтэй Монголын анхны комеди клуб өдгөө Азийн шилдэг клуб болон хөгжжээ. Түүнчлэн түүний продюсероор нь ажилладаг “Live from UB Comedy” цуврал нь 2018 оноос хойш дөрвөн бүлэг, 32 анги гарч, олны хүртээл болоод байна.