Скандинавын орнуудаар зардал багатай аялна гэдэг жуулчдын хувьд тун хэцүү шалгуур болдог. Ялангуяа амьдралын өртөг өндөр, 25 хувийн орлогын татвар бүхий Норвеги улсын томоохон хотуудад энэ нь бараг бүтэшгүй зүйл.
Гэхдээ “халаасаа хоослохгүйгээр” тус улсын гайхалтай бүхнийг мэдрэх арга мэдээж бий. Эдгээр газруудыг үзэж сонирхохын тулд та зөвхөн нийтийн тээврийн тасалбарыг л худалдан авах шаардлагатай.
1. Ослогийн баримлын паркаар зочлох
Жилд дунджаар нэг сая аялагч зочилдог Фрогнер Парк нь тус улсын нийслэл дэх заавал үзэх ёстой газруудын нэг юм. Алдарт уран барималч Густав Вигеландын хүрэл, төмөр, гранитаар урлаж, хүний биеийг янз бүрээр дүрсэлсэн 212 ширхэг баримлыг тус паркаас сонирхох боломжтой.
Түүнчлэн Сальвадор Далигийн бүтээлийг багтаасан 31 уран баримал бүхий Экебергийн паркийг Ослогийн амрагчид, нохойгоо салхилуулж буй хүмүүс, гадаадын жуулчид гээд бүгд зорьдог байна.
2. Акершус цайзын талбайд нарлах
Дундад зуунаас хойш Ослогийн нэрийн хуудаст тооцогдож ирсэн Акершусын цайз нь хотыг хамгаалах бэхлэлт, хааны удмынхны гэр, цэргийн хуаран, шорон гээд олон үүргийг гүйцэтгэж иржээ. Харин өдгөө цайзын эргэн тойрны талбай нь хүмүүсийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх гол цэг болжээ. Мөн тус цайз орчмоос Ослогийн үзэсгэлэнт эрэг, Ослофьорд далайн тохойн үзэмжийг тольдох боломжтой.
3. Осло орчмын ой дундуур алхах
Норвегийн бусад хотуудын нэгэн адил Ослогийн гол чимэг нь хоттой зэрэгцэн орших үзэсгэлэнт байгаль юм. Ослофьордын амгалан тайван арлуудаас эхлээд хотыг тойрсон шигүү ой нь бүхэлдээ амралт зугаалгын цэг болдог.
“Frognerseteren” метроны өртөөн дээр буухад л Ослогийн ойгоор алхах жимүүд таныг угтан авах болно.
4. Бриггений нарийн гудамжнуудыг үзэх
Берген хотод очсон жуулчдын ихэнх нь өнгө алагласан Бриггений байшингуудын зургийг нь дараад л өнгөрдөг. Гэвч ЮНЕСКО-ийн соёлын өвд бүртгэгдсэн Бриггений нарийн гудамжнуудад Норвегийн жинхэнэ өв соёл, баялаг түүхийг гэрчлэх зүйлс нуугдаж байдаг юм.
5. Улрикен ууланд гарах
Бергений хамгийн алдартай уулын жим нь явган аялалд дурлагсдад мартагдашгүй дурсамж үлдээх болно. Аялагчид Флойен уулын оройгоос 15 км алхаж Улрикен ууланд гараад, тэндээсээ дүүжин тээврээр Берген хот руу буудаг. Замыг бүтнээр нь туулахад дор хаяж 5 цаг шаардах тул та тухайн өдөр өөр зүйл төлөвлөх хэрэггүй болов уу.
6. Осло хотын захиргааны байр руу орох
Ихэр цамхаг бүхий Ослогийн захиргааны байр нь Норвегийн нийслэл дэх хамгийн содон барилгуудын нэг юм. Гэхдээ жуулчид тус барилгын үүд хаалга үргэлж нээлттэй байдаг, мөн дотор тал нь уран зургийн галерейгаас ялгаагүй гэдгийг төдийлөн мэддэггүй.
7. Бергений модон сүм дээр очих
Норвеги хийцийн өвөрмөц модон сүмүүд өдгөө хүрэхэд хэцүү далайн эргийн бяцхан тосгодод л үлдэж хоцорсон боловч Берген хотоос холгүйхэн нэг байдгийг цөөн жуулчид мэддэг. 19-р зуунд нэгэн тосгоноос хэсэг хэсгээр нь зөөн авчирч босгосон энэхүү сүмд очихыг тулд Берген хотын төвөөс Fantoft чиглэлийн галт тэргэнд суух хэрэгтэй. Хэдий тус сүм 1992 онд галд өртөж бүтнээрээ шатсан боловч өмнөхтэй нь яг ижил байдлаар дахин босгосон нь энэ аж.