“FTX”-ийг хамтран үүсгэн байгуулагч Сэм Бэнкман Фрид гучин насныхаа төрсөн өдрөөс өмнө криптовалютын галзуурлаас ашиг олж, 22.5 тэрбум ам долларын хөрөнгөтэй болсон. Гэвч тэрбээр крипто зах зээлд итгэгч биш. Тэр зүгээр л өөрийн хөрөнгөө бүгдийг нь хандивлах хүртлээ мөнгөө сайтар хадгалж үлдэхийг хүсэж байна.
Биткойн, “Ethereum” зэрэг дижитал хөрөнгийг худалдан авах, худалдах боломжийг трейдерүүдэд олгодог Бэнкман Фридийн крипто валютын “FTХ” бирж өнгөрсөн оны долдугаар сард “Coinbase Ventures”, “SoftBank” зэрэг компаниас 900 сая ам.доллар босгож, 18 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрсэн юм. Энэ бирж нь крипто хөрөнгө оруулагчдын сар бүр арилжаалдаг үүсмэл үнэт цаасны (ихэвчлэн фьючерс ба опцион) 3.4 их наяд ам.долларын нэрлэсэн үнийн 10 орчим хувийг зохицуулдаг. “FTX нь эдгээр арилжаа бүрийн дунджаар 0.02 хувийг халаасалж амжсан бөгөөд сүүлийн 12 сарын хугацаанд 750 сая ам.долларын ямар ч эрсдэлгүй орлогоос 350 сая ам.долларын цэвэр ашиг олжээ. Өнгөрсөн жил түүний арилжааны жижиг фирм “Alameda Research” нь тусдаа сайн арилжаа хийж 1 тэрбум ам.долларын ашигтай ажилласан. Сүүлийн үед Бэнкман-Фрид биткойны үнэ, дүрэм журам болон дижитал хөрөнгийн ирээдүйн талаар санал бодлоо илэрхийлэхээр телевизээр их гарч байна.
“Энэ бол тус салбарын хувьд үнэхээр хачирхалтай, эвгүй цаг үе юм л даа. Дэлхийн улс орнуудын тал хувь нь маш тодорхойгүй байдалд байна” гэж тэр хэлэв.
Дөрвөн жилийн өмнө Бэнкман-Фрид ганц ч биткойн худалдаж аваагүй байлаа. Өдгөө 30 насныхаа төрсөн өдрөөс хойш таван сарын дараа тэрбээр 22.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “Forbes” сэтгүүлийн “Хамгийн чинээлэг 400” жагсаалтын 32 дугаарт бичигдэж байна. Марк Закербергийг эс тооцвол түүхэнд хэн ч ийм залуугаараа тийм их хэмжээний хөрөнгөтэй байсангүй. Бэнкман-Фрид бол крипто сургаалыг түгээгч биш. Тэр бүр итгэгч ч биш. Тэр бол хөлсний цэрэг бөгөөд зөвхөн мөнгөө өгөхийн тулд (хэнд, хэзээ гэдгээ ч тэр мэдэхгүй) аль болох их мөнгө олохыг хичээдэг (түүнд яаж олох нь хамаагүй).
Стив Жобс цэвэрхэн, энгийн бүтээгдэхүүндээ хэт их дуртай байсан. Илон Маск хүн төрөлхтнийг аврахын тулд бизнес эрхэлдэг гэж мэдэгдсэн. Харин Бэнкман-Фрид өөрөө бус, түүний баримталдаг “өгөхийн тулд олох” философи нь эхлээд трейдер, дараа нь бирж үүсгэн байгуулагч болсноор баяжиж чадна гэдгийг ой тойнд нь суулгасан учраас л крипто шуурганд орохоор сэтгэл шулуудсан хэрэг. Түүнээс хэрэв жүржийн шүүсний фьючерс арилжаа хийх гэх мэт өөр аргаар илүү их мөнгө олох боломжтой байсан бол криптог орхих уу гэж асуухад тэр огт эргэлзэлгүй “Тийм ээ. Тэгнэ” гэж хариулсан юм.
Бэнкман-Фридийн “үр дүнтэй альтруизм” буюу аль болох сайныг хийх гэсэн утилитар үзэл баримтлал нь бараг бүхэлдээ онолын шинж чанартай. Одоогийн байдлаар тэр нийт хөрөнгийнхөө 0.1 хувьтай тэнцэхүйц буюу ердөө 25 сая ам.долларыг хандивласан нь түүнийг “Forbes”-ийн “Хамгийн чинээлэг 400” жагсаалтын хамгийн бага буяны үйлс хийсэн эрхмүүдийн тоонд оруулж байгаа хэдий ч тэрбээр шууд бэлэн мөнгө авахын оронд криптогоо үргэлжлүүлэн олборлох замаар өгсөн хандиваа дор хаяж 900 дахин үржүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
“Миний зорилго бол нөлөө үзүүлэх” гэж тэр хэлэв. Гэхдээ тэнд хүрэхийн тулд 2018 онд Хонконг, улмаар есдүгээр сард Багамын арлууд руу нүүсэн Бэнкман-Фрид Засгийн газрын анхаарлын төвд байж, түүхэн хурдаар асар их азаар хөрөнгөжиж буй дэлхий даяарх 220 сая гаруй мөн л адил арилжаа хийдэг өрсөлдөгчдийн армийг давж гарах ёстой. Саяхан “FTX”-д хөрөнгө оруулалт хийсэн, хэвлэлийн төлөөлөгч, “ABC”-ийн “Shark Tank”-ийн од Кевин О’Лири “Тэр бол ер бусын хүн. Өдийг хүртэл маш өндөр амжилтад хүрсэн, маш олон хөрөнгө оруулагчийн хүндэтгэлийг хүлээсэн. Би тэдний нэг. Гэхдээ түүний ажил дөнгөж эхэлж байна” хэмээв.
Стэнфордын хуулийн профессоруудын хүү Сэм Бэнкман- Фрид Харри Поттер уншиж, San Francisco Giants багийг үзэн, эцэг эхийгээ Баруун эргийн эрдэмтэн судлаачидтай улс төрийн талаар яриа өрнүүлж буйг сонсон өсчээ. Тэрбээр Бэй Аэриагийн жижиг хувийн ахлах сургуулиа төгсөөд Массачусетсын технологийн институтид элсэн орж, суралцахаасаа илүү “Starcraft”, “League of Legends” зэрэг видео тоглоом тоглоход илүү их цагийг зарцуулан физикийн зэрэг авахын тулд “хагас дутуу” суралцжээ. “Хэрэв би илүү хиппи бас шинжлэх ухаанд нэг их дуртай биш байсан бол үнэхээр гайхалтай байх байлаа” гэж тэрбээр өгүүлэв.
Тэр физикийн профессор болно гэж бодсон ч ёс зүй, ёс суртахуун түүний сонирхлыг илүү татаж байв. “Үйлдвэрийн ферм дээр таван долоо хоногийн турш тахиаг тарчлаан зовоодог. Харин та тахиаг идэхэд хагас цаг л зарцуулдаг шүү дээ. Үүнийг зөвтгөхөд надад хэцүү байсан” гэж ногоон хоолтон Бэнкман-Фрид хэлэв. Тэрбээр Принстоны их сургуулийн философич Питер Сингер, “Facebook”-ийг үүсгэн байгуулагч Дастин Московиц тэргүүтэй эрхмүүдийн дэмждэг Цахиурын хөндийн өвөрмөц үзэл санаа болох үр дүнтэй энэрэнгүй үзлийн гүн ухааныг гүнзгий судлан үүнд татагдах болов.
Нотлох баримт, шалтгааныг ашиглан хамгийн сайн зүйлийг хийх нь үндсэн санаа нь. Ихэвчлэн хүмүүс тренд болж байгаа эсвэл өөрт нь нөлөөлсөн гэх мэт шалтгаануудаас болж буян үйлдэх нь их. Үр дүнтэй альтруист буюу бусдын төлөө өөрийгөө зориулах сэтгэлтэй хүний хандивлаж буй нэг ам.доллар бүрийг аль болох хамгийн олон хүний амийг аврах, хамгийн их орлого олох зэрэг хувийн бус зорилгод тулгуурлан хаана, хэзээ хандивлахаа шийддэг. Хамгийн чухал нь өгөхийн тулд эхлээд их мөнгөтэй байх нь чухал. Тиймээс Бэнкман-Фрид профессор болох мөрөөдлөө орхиж, их хэмжээний хөрөнгө хуримтлуулахаар ажиллаж эхэлсэн юм.
Тэрбээр 2014 онд Массачусетсын технологийн институтийг төгсөөд их хэмжээний санхүүгийн тоглолт хийж, “Jane Street Capital” фирмд ETF (биржийн сангийн хувьцаа) арилжаалснаар зургаан оронтой тоогоор хэмжигдэх цалингийнхаа тодорхой хэсгийг буяны үйлсэд зарцуулж байжээ.
2013 онд Холбооны мөрдөх товчоо “Silk Road” нэртэй хууль бус цахим зах зээлийг бүх төрлийн хууль бус барааг биткойноор зарж байсан хэргээр буруутган хаасан, дэлхийн анхдагч крипто бирж “Mt.Gox” 2014 онд 460 сая ам.долларын үнэд хүрч байсан 850,000 биткойноо алдсан гэх мэт криптогийн ширүүн, уналттай байсан үед тэр төдийлөн ач холбогдол өгсөнгүй.
Гэвч 2017 оны эцэс гэхэд анхны бух хөдөлгөөн буюу биткойны зах зээл өсөж ердөө зургаан сарын хугацаанд нэг койн нь 2,500 ам.доллараас бараг 20,000 ам.доллар болж өсөхөд тэр боломжийг тооцоолж эхлэв. Шинээр гарч ирж буй зах зээл үр ашиггүй байгааг анзаарсан бөгөөд АНУ-д биткойн худалдаж аваад Японд 30 хувь хүртэл илүү үнээр зарах боломжтой байлаа. “Би крипто гэж юу байдгийг огт мэдэхгүй байсан мөртлөө криптотой холбогдсон. Зүгээр л маш сайн арилжаа хийх юм шиг санагдсан” гэж тэр өгүүлэв.
2017 оны сүүлчээр тэр ажлаасаа гарч найз нөхөд, гэр бүлийнхнээсээ 1 сая орчим ам.доллар босгож “Alameda Research” хэмээх тоон арилжааны фирмийг байгуулжээ. Калифорни мужийн Беркли хотын “Airbnb”-д шинэхэн төгссөн коллежийн төгсөгчдийн хамт арбитражийн арилжаа хийхээр шаргуу ажиллаж эхлэв. Заримдаа гадаад валютын вэб сайтууд япон иенийг түргэн шуурхай ам.доллар руу хөрвүүлж чадахгүй байсан тул бүх ажилчид нь ажлаа зогсоох шаардлагатай болдог байлаа. Оргил үедээ буюу 2018 оны нэгдүгээр сард тэр өдөрт 25 сая ам.долларын биткойныг эргэлдүүлж байсан гэжээ.
Гэвч тэр удалгүй томоохон крипто биржүүдийн чанар чансаанд сэтгэл дундуур болж эхлэв. Тэдгээр нь хувь хүмүүст цөөн хэдэн биткойн худалдаж авах, зарахад хялбар байсан ч асар их хэмжээний мөнгийг хурдацтай хөдөлгөж буй мэргэжлийн трейдерүүдийг зохицуулах ямар ч боломжгүй байв. Тэр энэ үеийг овжин мэдэрч, өөрийн биржийг эхлүүлэхээр эрс шийджээ.
2019 онд тэрбээр “Alameda”-аас олсон ашгийнхаа тодорхой хэсгийг авч, хэд хэдэн жижиг VC фирмээс 8 сая ам.доллар цуглуулан “FTX”-ийг үүсгэн байгуулав. Улмаар дэлхийн хамгийн том крипто бирж болох “Binance”-д 70 сая ам.доллараар нэг хэсгийг нь маш хурдан зарж чадлаа.
Эхэндээ энэ бүгд удаан өрнөж байв. Хонконг дахь “WeWork” хамтын оффист суугаад арваад ажилтан ширээнийхээ араас арилжаалагчдыг шинэ бирж рүү татахыг оролдов. Удалгүй биткойны опцион эсвэл “Ethereum” фьючерс гэх мэт деривативын арилжаа хийх гэж буй илүү боловсорсон хөрөнгө оруулагчдад зориулагдсан салбарыг олсон. Дериватив арилжаачдын ихэнх нь криптогийн талаарх үзэл суртал, итгэл үнэмшлийн ойлголт бага байдаг. Тэд Бэнкман- Фрид шиг зүгээр л мөнгө олохыг хүсэж байгаа.
Үүний үр дүнд тэд энгийн жижиглэнгийн хөрөнгө оруулагчдаас хамаагүй их, илүү өндөр дүнтэй арилжаа хийх хандлагатай байдаг нь гүйлгээ бүрээс 0.005-аас 0.07 хувь хүртдэг “FTX”-ийн шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлдэг. “FTX” нь уламжлалт хувьцааны токенжуулсан хувилбаруудыг агуулсан цөөхөн биржүүдийн нэг бөгөөд “Apple”-ийн хувийг төлөөлдөг крипто токеныг санал болгодог. Бизнес нь бараг нэмэлт зардалгүй тул ашгийн хэмжээ нь ойролцоогоор 50 хувь буюу маш өндөр байдаг.
Бэнкман-Фрид Америкийн өндөр зохицуулалттай деривативын зах зээлд үйл ажиллагаа явуулах албан ёсны лицензгүй байлаа. Тиймээс тэр бизнесээ Хонконгод эхлүүлсэн нь нэг талаараа ойролцоох Макаод болсон биткойны бага хуралд оролцсонтой холбоотой юм. Эхэндээ энэ нь түүнд крипто арилжааны цөм болсон Ази дахь үйлчлүүлэгчдийг байлдан дагуулахад туслав. Есдүгээр сарын сүүлчээр тэр криптогийн тодорхой зохицуулалт, “Covid-19”-ийн аялал жуулчлалын хязгаарлалтыг овжин ашиглахын тулд 150 ажилтантай төв байраа Багамын арлууд руу нүүлгэхээр төлөвлөж байгаагаа (мэдээж Twitter- ээр дамжуулан) зарлав. (Түүний жижиг хөрөнгийн бирж нь Чикагод төвлөрдөг.)
Хоёрхон жилийн хугацаанд илүү их хэмжээний биткойны трейдерүүдэд үйлчилсний үр дүнд “FTX” асар том болов. Өдрийн дундаж 11.5 тэрбум ам.долларын дериватив арилжааны хэмжээ нь “Bybit” (12.5 тэрбум ам.доллар), “OKEx” (15.5 тэрбум ам.доллар) болон салбартаа тэргүүлэгч “Binance” (61.5 тэрбум ам.доллар)-ийн араас дөрөвдүгээрт бичигдэж эхэлсэн юм. Жилийн өмнө гэхэд 200,000 хэрэглэгчийн дунд өдөр бүр ердөө 1 тэрбум ам.долларын арилжаа хийж байлаа. Бэнкман- Фридийн хэрэглэгчийн бааз хоёр сая болтлоо өсөхийн хэрээр серверүүдийнхээ цар хүрээг өргөжүүлж, харилцагчийн үйлчилгээ, дагаж мөрдөх журмыг сайжруулахаар шамджээ. 43 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй “Solana” хэмээх криптовалютын үүсгэн байгуулагч Анатолий Яковенко “Тэр өөрийн зан чанарын хүчээр инженерийн цаг хугацааг итгэмээргүй хурдаар ахиулж чадна” гэж хэлэв.
Бэнкман-Фрид өнөөг хүртэл өгөхөөсөө илүү их орлого олсон. Нийт хандивласан 25 сая ам.долларын хандив нь 29 настай жирийн нэгэн америк залуу буяны үйлсийн хувин руу 15 ам.доллар хийсэнтэй тэнцэх хэмжээний математикийн тооцоолол юм.
Бэнкман-Фридийн авхаалж самбаа, гүйцэтгэлийн хурд нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээхэн татжээ. 2020 оны нэгдүгээр сард “Pantera Capital” болон “Exnetwork Capital” зэрэг криптод төвлөрсөн венчур капиталын фирмүүд “PitchBook”-ийн мэдээлснээр бизнест 40 сая ам.долларыг оруулсан байна. Долдугаар сар гэхэд дэлхийн бүх нэр хүндтэй венчур компаниуд “FTX” авахыг хүсэж байсан бололтой. Улмаар тэрбээр 900 сая ам.долларын хөрөнгө оруулалт босгож чадсанаар үнэлгээг нь 18 тэрбум ам.долларт хүргэв. Дөнгөж 29 сарын өмнө байгуулагдаж байсан ч “FTX” өдгөө “Carlyle Group” болон “Nippon Steel”-ээс илүү өндөр үнэлгээтэй болоод байна.
Бэнкман-Фрид хэтэрхий залуухан байгааг нэг аргаар харж болно. Түүний баялаг Америкийн хамгийн чинээлэг 50 хүний хаана нь ч хүрэхгүй. Швейцарийн банкны данс эсвэл хувьцаа, бондын багцын талаар бодоод ч хэрэггүй. Үнэндээ түүний бараг бүх хөрөнгө нь “FTX”-ийн тал орчим хувийг бүрдүүлдэг. “FTX”-ийн олон нийтэд арилжаалагддаг 11 тэрбум ам.долларын үнэ бүхий “FTT” токенууд нь “FTX” бирж дээр төлбөр хийх эсвэл хямдралтай арилжаа хийхэд ашиглагдаж болно.
Тэрбээр мөн өөрийн дэмжиж буй хэдэн тэрбум ам.долларын үнэ бүхий бусад криптовалютыг эзэмшиж буй. Тиймээс түүний одоог хүртэл өгөхөөсөө илүү их орлого олсон нь гайхах зүйл биш юм. Сонгогчдын бүртгэл, дэлхийн ядуурлыг бууруулах, хиймэл оюун ухааны аюулгүй байдал зэрэг олон шалтгааны улмаас түүний нийт хандивласан 25 сая ам.долларын хандив нь 29 настай жирийн нэгэн америк залуу буяны үйлсийн хувин руу 15 ам.доллар хийсэнтэй тэнцэх хэмжээний математикийн тооцоолол юм.
Одоогийн байдлаар түүний ашгийн нэг хэсэг нь ч буяны үйлсэд зориулагдаагүй. Цэвэр шимтгэлийнхээ 1 хувийн барьцааг оруулаад “FTX” болон ажилчид нь 13 сая ам.долларыг буяны ажилд зориулаад байна. Гэвч тэр өөрийн бизнест олон тэрбумыг эргүүлэн зарцуулж байгаа бөгөөд долдугаар сард “Binance”-ийн “FTX” дахь 15 хувийн хувьцааг эргүүлэн худалдаж авахын тулд 2.3 тэрбум ам.доллар зарцуулсан байна. Хэрэв тэр хөрөнгөө үргэлжлүүлэн нэмэгдүүлбэл дараа нь илүү их хэмжээний мөнгийг буяны үйлсэд зарцуулна гэсэн бодолтой байгаа.
Түүний хамгийн том сорилт нь эндээс хаашаа явах талаар байж магадгүй юм. Тодруулбал, Засгийн газрын зохицуулагчидтай зөрчилдөхгүйгээр “FTX”-ийн хэт өсөлтийг энэ чигээр нь барих арга замыг тэр олох хэрэгтэй.
Хятад, Болив, Турк зэрэг орнуудад криптовалют шууд хориотой эсвэл хатуу хязгаарлалттай байдаг. АНУ-ын Конгресс энэ жил тус салбарт шууд нөлөөлөхүйц 18-аас доошгүй хуулийн төслийг өргөн бариад байна. “Coinbase”- ийн гүйцэтгэх захирал, тэрбумтан Брайн Армстронг крипто зээлийн бүтээгдэхүүн болох “Lend”-тэй холбоотой маргааны үеэр Үнэт цаас, биржийн хороог буруушаасан бөгөөд удалгүй “Coinbase” маргаанаас гарсан юм.
Үүний зэрэгцээ, Бэнкман-Фрид “FTX”-ийн 900 сая ам.долларын бэлэн мөнгийг эргэлдүүлэх ажлыг хэрэгжүүлж, хэрэглэгчдийн баазаа өргөжүүлэх, эсвэл түүнд гол эрх мэдлийг хэрэгжүүлэх лиценз олгох аргыг эрэлхийлж байна. Наймдугаар сард “FTX” нь “АНУ-ын Түүхий эдийн фьючерс арилжааны комисс”-оос крипто дериватив худалдах зөвшөөрөл авсан Нью-Йоркт төвтэй “LedgerX” биржийг худалдаж авахаа зарлав. Энэ нь “FTX” удахгүй “Binance”, “Coinbase”, “Kraken”-ийн өмнө Америкт дериватив бүтээгдэхүүн санал болгох анхны томоохон крипто бирж болж магадгүй гэсэн үг юм. “CFTC”-ийн ТУЗ-ийн дарга асан Кристофер Жианкарло “Тэд энэ гэрээг цуцлахын тулд маш хурдан хөдөлсөн” хэмээв.
Бэнкман Фрид цахим спортын тэргүүлэгч баг “TSM” лигт “FTX” логог тамгалахад 210 сая ам.доллар, “Miami Heat”- ийн цэнгэлдэх хүрээлэнгийн брэндийг өөрчлөхөд 135 сая ам.доллар, “UC Berkeley”-ийн хөлбөмбөгийн талбайн нэрийг өөрчлөхөд 17.5 сая ам.доллар гээд маркетингийн ажилд хэдэн зуун сая ам.долларыг цацаж байна. Түүнээс гадна саяхан “Shark Tank”-ийн О’Лири, “NFL”-ийн домог Том Брэди, “NBA”-ын супер од Стеф Карри тэргүүтэй эрхмүүдээр дамжуулан “FTX”-ийг сурталчлах зорилготой 30 сая ам.долларын сурталчилгааны кампанит ажил эхлүүлсэн. Тэд бүгд “FTX”-д өөрийн гэсэн хөрөнгөтэй. Хэзээ ч эрсдэл хүлээх магадлалтай, хоёрхон жилийн настай санхүүгийн пүүсээ аюулгүй, тогтвортой болгох нь Бэнкман Фридийн зорилго юм.
Хэрэв компани хүмүүсийн өдөр тутмын ярианы нэг хэсэг болчихвол улс төрийн зохицуулагчид компанийг хаахад хүндрэлтэй байх болно. 2010 онд дээд цэгтээ хүрсэн онлайн мөрийтэй тоглоомын анхны өсөлтийн үеэр покерын одууд мөн ийм түүхийг туулж байсан бөгөөд хожим “FanDuel” болон “DraftKings” спорт тоглоомын хувцасны брэндүүд түүнийг давтан “бичиж” байлаа.
Тэр криптогоос илүү өргөн хүрээнд хүрч ажиллахыг хүсэж байна. Өнгөрсөн жил “FTX”-ийг зах зээлийн урьдчилсан таамаглалд чиглүүлсэн бөгөөд энэ нь трейдерүүдэд “Super Bowl”, Ерөнхийлөгчийн сонгууль зэрэг бодит үйл явдлын үр дүнд бооцоо тавих боломжийг олгосон юм. Нэг л өдөр үйлчлүүлэгчид “Ethereum”-ын дуудлагын опционоос эхлээд “Microsoft”-ын хувьцаа эсвэл “FTX” дахь хамтын сан хүртэлх бүгдийг худалдаж авах, зарах боломжтой болно гэж тэр найдаж байна. “Сонголт маш өргөн байгаа. Бид криптог үүрд мөнх ашигтай байх үржил шимтэй хөрс гэж төсөөлж огт болохгүй” хэмээн криптовалютын өсөлтөөс өдгөө хамгийн их ашиг хүртэж буй тэрбээр өгүүлсэн юм.