Өнгөрөгч бямба гарагт Энэтхэг улс Хятадын ухаалаг утас үйлдвэрлэлийн “Xiaomi corp.” компанийн дотоодын данс дахь 725 сая ам.долларын хөрөнгийг хураан авсан болохоо мэдэгджээ. Тус компанийн үйл ажиллагаанд шалгалт хийсний үр дүнд гадаадын харьяат хуулийн этгээд рүү роялти төлбөр хэлбэрээр хууль бус мөнгөн гуйвуулга хийснийг тогтоосон тул дээрх шийдвэрийг гаргасан аж.
Энэтхэгийн санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас тус улсын гадаад валютын хууль тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр “Xiaomi” компанийн бизнесийн үйл ажиллагааг шалгаж байсан юм. Улмаар “Xiaomi Technology India Private Limited” компани нь Хятад дахь толгой группийн хамаарал бүхий нэг этгээд, түүнчлэн АНУ-д төвтэй, нэр нь тодорхойгүй хоёр байгууллага руу 55.5 тэрбум рупитэй тэнцэх хэмжээний гадаад валютаар гуйвуулга хийснийг тус шалгалтаар олж тогтоосон байна.
“Xiaomi” компани нь Энэтхэгийн хууль тогтоомжийг дагаж мөрдөх болохоо, мөн банкин дахь роялти төлбөр болон дансны хуулга нь бүгд үнэн зөв бөгөөд хууль ёсны гэдэгт итгэж байснаа бямба гарагт хийсэн мэдэгдэлдээ тус компаниас дурджээ.
Энэхүү арга хэмжээ нь Энэтхэгийн төрөөс Хятадын компаниудад тавих хяналтаа улам чангатгаж буйн жишээ болж байна. Өмнөх оны арванхоёрдугаар сард орлогын албан татвараас зайлсхийсэн гэх үндэслэлээр “Xiaomi”-ийн Энэтхэг дэх салбар оффист нэгжлэг хийсэн бол өнгөрөгч дөрөвдүгээр сарын 12-нд тус салбарын захирал асан Ману Кумар Жаиныг дээрх хэргийн хүрээнд байцаалтад дуудаж байв.
Эх сурвалж: Reuters