Дани улс цар тахлын эрсдэлийг хяналтандаа оруулсан хэмээн үзэж, covid19-ийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрийг зогсоох болохоо мэдэгдсэнээр энэхүү шийдвэрийг гаргасан дэлхийн анхны орон болжээ.
“Хавар цаг ч ирлээ, цар тахал ч дарагдлаа. Данийн хүн амын вакцинжуулалтад хамрагдалтын хувь өндөр байна. Иймд энэ улирлын турш covid19-ийн эсрэг вакцинжуулалтын ажлыг зогсоох шийдвэр гаргалаа” хэмээн тус улсын эрүүл мэндийн газраас лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Уг шийдвэрийн дагуу ирэх сарын 15-наас эхлэн иргэдийг дархлаажуулалтад хамрагдахыг уриалахгүй ч бүрэн болон нэмэлт тунд хамрагдахыг хүссэн хүмүүст нээлттэй байх аж.
Дани улсын covid19-ийн эсрэг дархлаажуулалтын ажил 2020 оны сүүлчээс эхэлж, өнөөг хүртэл нийт 4.8 сая хүн вакцины бүрэн тунд хамрагдсан бол 3.6 сая хүн нэмэлт тун хийлгэсэн байна.