БНХАУ 2022 оны тавдугаар сарын 1-нээс 2023 оны гуравдугаар сарын 31 хүртэл бүх төрлийн нүүрсний импортын татварыг тэглэнэ хэмээн өнөөдөр тус улсын Сангийн яамнаас мэдэгджээ. Дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлт, нийлүүлэлтийн тасалдалтай холбогдуулан Бээжингээс эрчим хүчний найдвартай аюулгүй байдлыг хангахыг зорьж байгаа тул энэхүү шийдвэрийг гаргасан аж.
Тус улс 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруултыг бүрэн хязгаарлахын тулд нүүрсний хэрэглээгээ аажмаар бууруулах амлалт өгсөн билээ. Гэхдээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин тэргүүтэй өндөр албан тушаалтнууд улсынхаа эрчим хүчний салбарт нүүрс хэрхэн амин чухал үүрэг гүйцэтгэдэг тухай дурдах нь сүүлийн үед ихсээд байгаа.
Дээрх шийдвэрийн дагуу ган үйлдвэрлэлд голчлон ашиглагддаг антрацит болон коксжих нүүрсний одоогийн 3 хувийн импортын татвар 0 болж өөрчлөгдөх бол бусад төрлийн нүүрсний татвар 3-6 хувиас тэглэгдэх аж.
Хятад улс 2021 онд нийт нүүрсний хэрэглээнийхээ 8 хувийг буюу 323.33 сая тонн нүүрсийг импортоор авсан үзүүлэлттэй байна.