Ирэх тавдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Ази тивд төрийн тэргүүнийхээ хувиар албан ёсны анхны айлчлалаа хийхээр товложээ. Тэрбээр холбоотон орнууд болох Япон, БНСУ-д зочилж, бүс нутаг дахь Хятадын өсөн нэмэгдэж буй нөлөөлөл болон Хойд Солонгосын цөмийн зэвсгийн шинэ аюул заналхийллийн тухай хэлэлцэх аж.
“Талуудын удирдагч нар аюулгүй байдлын амин чухал харилцаагаа гүнзгийрүүлэх, эдийн засгийн холбоо хамаарлаа сайжруулах, мөн эдгээрийг бодит үр дүнд хүргэхийн тулд нягт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэх юм” хэмээн Цагаан ордноос мэдэгджээ.
Жо Байден гурван өдрийн айлчлалынхаа хүрээнд тавдугаар сарын 21-нд Өмнөд Солонгост очиж, хоёр долоо хоногийн дараа тангаргаа өргөхөөр товлоод буй шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Юн Сүк Ёл-той уулзах аж.
Харин тавдугаар сарын 22-нд тэрбээр Япон дахь айлчлалаа эхлүүлж, Ерөнхий сайд Фумио Кишидагийн хамт Австрали, Энэтхэгийн төлөөлөгчдөөс бүрдсэн “Quad” аюулгүй байдлын бүлгийн уулзалтад оролцох юм байна.
ОХУ-ын Украин дахь түрэмгийлэл, мөн Ази тивд БНХАУ-ын эдийн засаг, аюулгүй байдлын нөлөөлөл өсөн нэмэгдсэний хариу арга хэмжээ болгож Вашингтоноос холбоотнуудтайгаа улам ойртохыг эрмэлзэж буй цаг үетэй Жо Байдений энэхүү айлчлал давхцаж байна.