Улс орных нь эсрэг сүрдүүлгийн утгатай үг хэлсэн Оросын телевизийн хөтлөгчийг “persona non grata” статустай болгохоор төлөвлөж буйгаа Казахстаны албан тушаалтнууд лхагва гарагт мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
Тодруулбал ОХУ-ын иргэн, кино найруулагч, хөтлөгч мэргэжилтэй Тигран Кеосаян нь өөрийн YouTube дээр хөтлөн явуулдаг шоуныхаа дундуур Төв Азийн Казахстан улс хэрэв Оросын талд бүрэн дүүрэн дэмжлэг үзүүлэхгүй бол Украинтай ижилхэн хувь заяа хүлээж байгаа тухай анхааруулсан бөгөөд мөн тус улсыг “Оросын ачийг умартсан”, “зальжин санаатай” хэмээн буруутгажээ.
Тэрбээр Кремлийн өмчийн медиа агентлаг “Russia Today”-ийн ерөнхий редактор Маргарита Симоняны гэр бүлийн хүн нь аж.
Хэдий Казахстан улс ОХУ-ын Украин дахь эзлэн түрэмгийллийг нээлттэй буруутгаагүй ч хоёр талын зөрчлийг НҮБ-ын дүрмийн дагуу зогсоохыг уриалж, түүнчлэн Украинд хүмүүнлэгийн тусламж илгээж, Москвагийн эсрэг барууны хориг арга хэмжээг хүлээн зөвшөөрөхөө мэдэгдээд байгаа.
Казахстаны гадаад хэргийн яамны төлөөлөгч Айбек Смадияров сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө Кеосаяны хэлсэн үгийг “ор үндэслэлгүй гутаан доромжлол” хэмээн тодорхойлоод Казахстан руу зорчих эрхгүй хүмүүсийн жагсаалтад түүнийг оруулах болохоо онцолсон байна.