Энгийн хэрэглээний болон мэргэжлийн дрон үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Хятадын DJI компани ОХУ, Украин дахь үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоох болохоо мэдэгджээ. Дроныг нь байлдааны зэвсэг болгон ашиглах явдлаас сэргийлэхийн тулд тус компани энэхүү шийдвэрийг гаргасан аж.
“Манай компани хууль тогтоомжийн дагуух шаардлагад үйлдвэрлэлээ нийцүүлэхийн тулд дотооддоо дахин үнэлгээ хийж байна. Хяналтын үр дүн гарах хүртэл ОХУ, Украин дахь бизнесийн бүх үйл ажиллагаагаа түр зогсоох нь зүйтэй гэж үзлээ” хэмээн DJI компанийн зүгээс мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ.
Барууны олон компаниуд дайныг эсэргүүцэж Оросын зах зээлээс гарсан бол Хятадын компаниуд Бээжингийн төвийг сахисан бодлогыг дагаж Орост үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн хэвээр байгаа. Харин DJI дээрх шийдвэрийг гаргаснаар өнгөрөгч хоёрдугаар сард Украины дайн эхэлснээс хойш Орост бизнесээ зогсоож буй Хятадын анхны томоохон компани болжээ.
Түүнчлэн энэ шийдвэр нь “аливаа орны бодлогод хандсан бус харин компанийн өөрийн зарчмыг дагасан” шийдвэр болохыг тус компанийн хэвлэлийн төлөөлөгч өгүүлсэн байна.
Өмнө нь Киевийн албан тушаалтнууд болон иргэдийн зүгээс DJI-ийн дронууд Украины зэвсэгт хүчний мэдээллийг Орос руу дамжуулж байна хэмээн буруутгаж байв. Үүний дараа барууны зарим худалдаа эрхлэгчид тус компанийн бүтээгдэхүүнийг борлуулахаа зогсоосон аж. Өнгөрсөн сард DJI-ийн зүгээс дээрх мэдээллийг “үндэслэлгүй худал” хэмээн зарласан байна.