ХБНГУ Оросоос авах газрын тосны импортоо 2022 оны эцэст бүрэн зогсоож, мөн байгалийн хийн импортыг үе шаттайгаар тэглэх болохыг тус улсын гадаад хэргийн сайд Анналена Бербок лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Оросоос эрчим хүчний хамаарал өндөр тул Украины дайн эхлэхэд Европын Холбооны бусад гишүүн орнуудын адил Москвагийн эсрэг импортын хориг тавихад төдийлөн яарахгүй байсан Герман улсын хувьд энэ нь маш том амлалт болохыг хэвлэлүүд онцолж байна.
Өнгөрсөн жил Герман улсын байгалийн хийн импортын 55 хувийг, газрын тосны импортын 35 хувийг Орос хангасан аж.
Газрын тосны импортыг зогсоосны дараа байгалийн хийн импортын хориг эхлэхийг Бербок дурдсан бол 2024 оны дунд үед энэхүү арга хэмжээ бүрэн хэрэгжиж дуусахыг Германы эрх баригчид мэдэгджээ.
Тус улс шингэрүүлсэн хий авах, газрын тос, байгалийн хийн экспортын хэмжээгээ нэмэх тухай гуравдугаар сард Катар улстай тохиролцоонд хүрч чадсан тул дээр дурдсан эрчим хүчний хамаарлаа багасгах боломжтой хэдий ч өмнөхөөсөө мэдэгдэхүйц өндөр үнэ төлөх ёстой болохыг шинжээчид анхааруулжээ.