2020 оны нэгдүгээр сард сард 250 тэрбум ам.доллараар хэмжигдэж байсан дижитал зооснуудын нийт үнэлгээ нэг их наяд ам.ам.доллар давж, дөрөв дахин өсөөд байна. “Forbes” сэтгүүл криптовалютаар төрөлжсөн хамгийн чинээлэг хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн хөрөнгийг үнэлэхдээ зөвхөн дижитал хөрөнгийг бус, энэ төрлийн бизнес болон уламжлалт хөрөнгөд эзэмшдэг хувийг нь тооцсон болно. Үр дүнд нь 11 тэрбумтан тодорч, дээд амжилт тогтоолоо.
Редактор: ЖЕФФ КОФЛИН, ЧЕЙЗ ПИТЕРСОН-УИТХОРН, ЖЕННИФЕР ВАНГ
Сурвалжилсан: Жефф Кофлин, Майкл дел Кастилло, Стивен Эрлих,
Нина Бамбишева, Жон Хиатт


СЭМ БЭНКМАН-ФРАЙД
Нийт хөрөнгө: $4.5 тэрбум
28 настай Бэнкман-Фрайд 2017 онд үүсгэн байгуулсан, тоонд суурилсан крипто арилжаа эрхлэгч “Alameda Research” компаниараа дамжуулан 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг. Массачусетсийн технологийн их сургуулийг төгссөн, Уолл-Стритийн Валют арилжааны сангийн мэргэжилтэн асан тэрбээр 2019 онд крипто дериватив арилжааны бирж “FTX”-ийг үүсгэн байгуулжээ.

КРИС ЛАРСЕН
Нийт хөрөнгө: $2.9 тэрбум
Өдгөө 60 настай Ларсен 1997 онд цахим зээл олгогч “Eloan”-ийг хамтран үүсгэн байгуулсан ба найман жилийн дараа P2P системд суурилсан зээл олгогч “Prosper”-ийг байгуулжээ. Хамгийн үнэ цэнэтэй гурав дахь бизнес “Ripple”-ийг тэрбээр 2012 онд Жед МакКалебтай хамтран үүсгэн байгуулав. Тус компани нь блокчейн, “XRP” токеноор дамжуулан банкуудын олон улсын төлбөр тооцоог гүйцэтгэх зорилготой. 2018 оны нэгдүгээр сард криптовалютын хөөсрөл түүний хөрөнгийг 17 тэрбум ам.доллар болгон өсгөсөн ч удаах жилд нь “хөөс” хагарч, “XRP” болон холбогдох зах зээл уналтад орсон юм. 2020 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Үнэт цаас, биржийн комисс (SEC) “Ripple” компани бүртгэлгүй үнэт цаас хэлбэрээр “XRP”-ийг олон нийтэд худалдсан хэмээн буруутгаж, Ларсеныг хариуцагчаар татсан байна.

МАЙКЛ СЭЙЛОР
Нийт хөрөнгө: $2 тэрбум
Программ хангамж нийлүүлэгч “MicroStrategy” -ийн гүйцэтгэх захирал тэрбээр интернэтийн хөөсрөлийг хамгийн амжилттай ашигласан билээ. 2020 оны арванхоёрдугаар сард “MicroStrategy” бэлэн мөнгөөр болон 650 сая ам.долларын зээлээр 70,784 ширхэг “Bitcoin”-ийг нийт 1.1 тэрбум ам.доллараар (өнөөгийн ханшаар 2.5 тэрбум ам.доллар) худалдан авснаа зарлаж, хувьцааныхаа ханшийг 300 гаруй хувиар өсгөжээ. Үүнээс гадна, Сэйлор хувьдаа 17,732 ширхэг “Bitcoin” 175 сая орчим ам.доллараар (өнөөгийн ханшаар 650 сая ам.доллар) худалдаж авсан байна.

ЧАНПЕН ЖАО
Нийт хөрөнгө: $1.9 тэрбум
Жао 2014 онд Шанхай дахь байраа худалдаж, бүх хөрөнгөө “Bitcoin” руу оруулжээ. Түүний 2017 оны зун эхлүүлсэн “Binance” компани нэг жилийн дотор крипто арилжаагаар тэргүүлэгч болсон юм. Үүнээс хойш венчур хөрөнгө оруулалтын сан, “Bitcoin” олборлолт, Европт крипто зарцуулах боломжтой дебит карт олгох зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулж буй. Тэрбээр “McDonald’s”-д бургер хийж, шатахуун түгээх станцад шөнийн цагаар ажилладаг байв.

ТАЙЛЕР, КАМЕРОН УЙНКЛВОСС
Нийт хөрөнгө: Тус бүр $1.6 тэрбум
Нийгмийн сүлжээ байгуулах санааг нь Марк Закерберг хулгайлсан хэмээн шуугиан тарьж байснаараа алдартай ихэр залуус 2012 онд “Facebook”-ийн гүйцэтгэх захирлаас нэхэмжлэн авсан 65 сая ам.долларынхоо зарим хэсгээр “Bitcoin” нөөцөлжээ. Тэдний 2014 онд үүсгэн байгуулсан, крипто арилжааны “Gemini” өдөрт 200 орчим сая ам.долларын арилжаа гүйцэтгэж байна.

БАРРИ СИЛБЕРТ
Нийт хөрөнгө: $1.5 тэрбум
Эмори их сургуулийн төгсөгч 2015 онд үүсгэн байгуулсан, хувьцааны арилжааны платформ “Second Market”-ийг “Nasdaq”-д худалдсаны дараа таван салбар компанитай “Digital Currency Group”-ийг байгуулжээ. Тус компанийн орлогын эх үүсвэр нь 28 тэрбум ам.долларын “Bitcoin”, “Ether” гэх мэт дижитал хөрөнгийг удирддаг “Grayscale” юм. “Grayscale” зах зээлд анх хөл тавьсан давуу талаа ашиглан “Bitcoin”-оор баталгаажсан үнэт цаасыг байгууллага болон итгэмжлэгдсэн хөрөнгө оруулагчдад худалдах зөвшөөрлийг хамгийн анх авсан юм.

ЖЕД МККАЛЕБ
Нийт хөрөнгө: $1.4 тэрбум
Салбарын анхдагч, 46 настай МакКалеб криптовалютын гурван компани байгуулалцжээ. 2010 онд тэрбээр “Bitcoin”-ийн хамгийн том бирж “Mt.Gox”-ийг байгуулж, жилийн дараа худалджээ. 2012 онд “Ripple”-ийг хамтран байгуулсан боловч бусад үүсгэн байгуулагчидтайгаа санал зөрөлдсөний улмаас компаниа орхисон аж. Улмаар 2014 онд МакКалеб хил дамнасан төлбөр тооцоог хялбарчлах зорилгоор “Ripple”-ийн өрсөлдөгч, 4.8 тэрбум ам.долларын хөрөнгө удирддаг “Stellar”-ийг үүсгэн байгуулжээ. МакКалеб криптод орохоосоо өмнө “eDonkey2000” файл хуваалцах үйлчилгээг санаачилж байв

ТИМ ДРЭЙПЕР
Нийт хөрөнгө: $1.1 тэрбум
Цахиурын хөндийн домогт хөрөнгө оруулагч, венчур сан “Draper Fisher Jurvetson”-ийн үүсгэн байгуулагч “Tesla”, “Theranos” зэрэг олон компанид хөрөнгө оруулжээ. 2014 онд тэрбээр “Silk Road” хар захаас хураагдсан 29,656 “Bitcoin”-ийг 18.7 сая ам.доллараар худалдан авсан байна (нэг зоос 632 ам.доллар). Эдгээр нь одоогийн байдлаар 1.1 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. “Би нэмж хэд хэдийг худалдаж авсан. Гэхдээ Уйнклвоссын ихрүүдийг гүйцэхгүй” гэж тэрбээр “Forbes”-т илгээсэн цахим шуудандаа мэдэгдсэн бөгөөд хөрөнгийнхөө талаар өөр мэдээлэл өгөхөөс татгалзав.

МЭТЬЮ РОСЗАК
Нийт хөрөнгө: $1 тэрбум
Крипто зах зээлийг эртнээс дэмжсэн Росзак венчур хөрөнгө оруулалт, бизнесийн салбарт ажиллаж байгаад 2012 оноос крипто хөрөнгө оруулалтаа эхлүүлжээ. Росзак банкуудад дижитал хөрөнгөө найдвартай хадгалахад нь зөвлөдөг, Чикагогийн блокчейн стартап “Bloq”-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн юм. Тэрбээр саяхан АНУ-ын Конгрессын гишүүн бүрт 50 ам.долларын дижитал хөрөнгө олгох санаачилгыг хамтран гаргасан бөгөөд гишүүдийн зарим нь зөвшөөрчээ.