Асар хурдацтай шинэчлэгдэж буй технологийн эрин зуунд бэлэн мөнгө, кредит, дебит карт зэрэг төлбөр тооцооны хэрэгслүүд хэрэглээнээс бага багаар шахагдаж, санхүүгийн технологид суурилсан дэвшилтэт үйлчилгээнүүд өөрийн гэсэн байр сууриа хэдийн эзлэх болжээ. Манай улсад ч финтек гэх нэршил шинэ байхаа больж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудын тоо өдрөөс өдөрт өсөж буй. Финтекийн салбарын төлөөлөл, үндэсний төлбөрийн системд анхны цахим мөнгийг нэвтрүүлсэн “Мобиком” корпорацын ерөнхий захирал Тацуяа Хамадатай ярилцлаа.

Хэрэглээнд суурилсан онооны систем “Candy” үйлчилгээгээр дамжуулан “Мобиком”-ын хэрэглэгчид бараа, үйлчилгээ, төрөл бүрийн урамшуулал авах боломжтой болсон нь тус байгууллагын санхүүгийн зах зээлд хөл тавих эхлэл байв. Тацуяа Хамада “Мобиком”-ын нэг хэсэг болсноосоо хойш энэхүү үйлчилгээг онооны системээс шат ахиулж, санхүүгийн үйлчилгээ болгон хөгжүүлэхийг хүссэн бөгөөд дэлхий даяар, ялангуяа Хятадад идэвхтэй өрнөж буй финтекийн шилжилтэд анхаарлаа хандуулж байлаа.
Тийм ч учраас тэд финтек салбарт өргөжин тэлэхийг зорьж, “Candy” үйлчилгээг 2018 онд Монгол Улсын анхны цахим мөнгөөр бүртгүүлэн, албан ёсны валют төгрөгтэй тэнцэх болжээ. Үүнтэй зэрэгцэн тэд “Candy” аппликейшнийг нэвтрүүлснээр, зөвхөн “Мобиком”-ын хэрэглэгчдэд зориулсан уламжлалт урамшууллын хөтөлбөр бус бүх хэрэглэгчдэд хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ болох боломж бүрдсэн ч тус үйлчилгээ “онооны хөтөлбөр” гэсэн имижээсээ салж чадахгүй хэвээр байсан нь цахим мөнгийг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхэд хүндрэл үүсгэж байлаа. Тэрбээр хөдөөгийн нэгэн сумын иргэд “Candy” гэх үгийг хэрхэн дуудахаа мэдэхгүй “Сандуй” гэж нэрлэдэг байсан хөгжилтэй явдлын талаар өгүүлээд “2018 онд бид Монголд анх удаа цахим мөнгө гаргах лиценз авч, “Candy” оноо “Candy” цахим мөнгө болж хувирсан. Гэвч ихэнх хүнд “Candy” бол онооны систем, “Мобиком”-ын урамшуулалт хөтөлбөр гэсэн ойлголт суусан байлаа. Үүний улмаас бид зах зээлд бүрэн нэвтрэхэд хүндрэлтэй байсан. “Candy” гэсэн үг ч санхүүгийн үйлчилгээний нэр томьёоноос тэс өөр. “Candy” аппликейшнийг өөрчилснөөс хойш таталтын тоо гурван сарын дотор огцом өссөн. Одоогоор 300 мянга гаруй удаа татагдсан байна. Энэ огцом өсөлтийн шалтгаан нь “Candy” брэндийн дүр төрхийг өөрчилж, “Monpay” болгосонтой холбоотой. Брэндийн энэхүү өөрчлөлтөөр монголчуудын “Candy”-гийн талаарх хэвшсэн ойлголт өөрчлөгдөж эхэлсэн. Мөн зарим томоохон банк, санхүүгийн компаниуд бидэнд хамтран ажиллах санал тавьсан. Тиймээс брэндийн имижийг өөрчилсөн нь чухал нөлөө үзүүлсэн гэж бодож байна” гэсэн юм.
Цар тахлын нөлөөгөөр финтекийн
хэрэглээ өсөж байна
Экосистем тэлж, өдөр тутмын үйлчилгээний салбарт дижитал төлбөр тооцоо нэвтэрснээр хүмүүс “Monpay”-ыг урьд өмнөхөөсөө илүүтэй ашиглаж буй бөгөөд хөл хорионы үед ч тус аппликейшны хэрэглээ нэмэгдсээр байгаа аж. Цар тахлын үеэр цахим болон цахим бус, зайнаас гүйцэтгэдэг төлбөр тооцооны хэрэглээ огцом өсөж, цахим худалдааны талаарх хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгаа нь тэдний үйл ажиллагаанд эергээр нөлөөлжээ.
Коронавирусийн улмаас зайнаас харилцах шаардлагатай болсон энэ цаг үед бидний өдөр тутмын амьдралд дижитал технологи хамгийн үр дүнтэй, дэмтэй хэрэгсэл болж буйг дурдаад Хамада “Monpay
аппликейшн интернэтэд суурилсан бараа, үйлчилгээний худалдан авалт болон бусад төрлийн зорилгыг хангадаг. Энэ нь хүмүүст зайнаас харилцах боломж бүрдүүлж, хэрэглэгчдийн тоо тасралтгүй өссөн. Төлбөр тооцооны олон сонголт байгаа учир заавал банк руу очих, олон шат дамжлага дамжих хэрэггүй болж байна. “Monpay”-ын хэрэглэгчид QR код ашиглан төлбөр тооцоо хийх боломжтой учир бэлэн мөнгөтэй харьцах, карт уншигчийн товчлуур дарах шаардлагагүй. Энэ мэт хялбарчилсан байдал нь олон нийтэд дижитал үйлчилгээний үр өгөөжийг ойлгуулсан. Тиймээс цар тахал зарим талаар хүмүүсийн хандлага, амьдралын хэв маягийг өөрчилж, шинэ үйлчилгээнд түргэн дасах боломж олгосон гэж хэлж болно” хэмээн ярилаа.
Эдгээрээс гадна тус аппликейшн дэлхийн цахим тоглоомын платформтой шууд холбогдсон бөгөөд тэрбээр “Залуу үеийнхэн тоглоомын төвүүдээр үйлчлүүлэх боломжгүй энэ үед “Monpay”-ыг ашиглан гаднын сайтуудаас хүссэн тоглоомоо шууд татаж авах боломжтой. Гадаадаас худалдан авалт хийхэд заавал олон улсын карттай байх шаардлагатай. Харин “Monpay” дэлхийн дижитал контентын платформуудтай холбогдсон тул шууд худалдан авалт хийхэд хялбар” хэмээн үйлчилгээний дэвшлийн талаар онцолсон юм.

Зөвхөн “Мобиком”-ын хэрэглэгчдэд зориулсан уламжлалт урамшууллын хөтөлбөр бус бүх хэрэглэгчдэд хүртээмжтэй санхүүгийн үйлчилгээ болох боломж бүрдсэн ч тус үйлчилгээ “онооны хөтөлбөр” гэсэн имижээсээ салж чадахгүй хэвээр байсан нь цахим мөнгийг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэхэд хүндрэл үүсгэж байлаа.
Тоон гарын үсэгт суурилсан
нууцлалын баталгаа
Анхны цахим мөнгөний лицензийг авахын тулд “Мобиком” корпорац Засгийн газрын холбогдох агентлаг, Монголбанк зэрэг байгууллагуудад хүсэлт гаргаж багагүй хугацаа зарцуулж байсан бол өдгөө энэ салбарын ихэнх тоглогч лиценз эзэмших болжээ. Тухайн үед зарим компани үйлчилгээгээ лицензгүйгээр эхлүүлж байсан бол одоо бүх харилцааг тусгай дүрэм журмаар зохицуулж, Монголбанкнаас заавал лиценз авах шаардлага тавьж буй. Учир нь Монголд энэ салбарын өрсөлдөөн улам бүр ширүүсэж, технологи болон зах зээлийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр финтек зах зээлийн хууль журам ч жилээс жилд шинэчлэгдэж байна. Ноён Хамадагийн хэлж буйгаар монголчууд дасан зохицох, шинэ зүйл нэвтрүүлж, хүлээн авахдаа маш сайн. Тиймээс шинэ үйлчилгээг хурдан хүлээж авдаг, зах зээл болон тоглогчид нь гаднын корпорацууд шиг том биш манай улсын зах зээлд хууль, дүрмийн асуудлыг эс тооцвол нэвтрэхэд харьцангуй хялбар аж.
Түүнээс Монгол Улсад финтекийн үйлчилгээг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар тодруулахад “Монголд чадварлаг инженер, хөгжүүлэгчид олон бий. Технологи хөгжүүлэхэд ямар ч асуудал гардаггүй. Тэдэнд туршлага л байдаггүй. Технологийн хувьд үүнийг хэн ч хөгжүүлж чадна. Гол асуудал нь бизнесийн үйл ажиллагаа явуулах, зах зээлийг удирдахын тулд лицензтэй байх хэрэгтэй” хэмээн хариулав.
Финтек салбар болон түүний хэрэглээ хурдацтай өсөхийн хэрээр хэрэглэгчдийн мэдээлэл, аюулгүй байдал, нууцлалын баталгааг чухалчлан үзэх хэрэгтэй. Үүнийг шийдвэрлэх үүднээс “Мобиком” корпорацын авсан арга хэмжээнүүдийн нэг бол “MSign” үйлчилгээ юм. “MSign” буюу тоон гарын үсгийг эл үйлчилгээ нь гар утасны PKI (Public Key Infrastructure) системд суурилдаг бөгөөд хэрэглэгчид өндөр нууцлалын дор алсын зайнаас гэрээ байгуулах, гүйлгээ хийх боломжтой, хууль эрх зүйн хувьд хүчин төгөлдөр үйлчилгээ аж. “Энэ үйлчилгээнд зориулсан тусгай SIM-ийн тусламжтайгаар хэрэглэгч хулгай, залилангийн ямар ч эрсдэлгүйгээр төлбөр тооцоо хийнэ. Digital Identity буюу дижитал танилт бол санхүүгийн бүртгэл, банкны үндсэн үйлчилгээний гол түлхүүр. Тиймээс хэрэглэгчдийн бидэнд итгэх гол түлхүүр бол KYC буюу Know-Your-Customer баталгаажуулалт. “Мобиком” компанид хэрэглэгчийн нарийн мэдээлэл хадгалагдаж байдаг учир хувийн нууцлалд онцгой анхаарч, гаднын халдлагаас сайтар хамгаалдаг. Тиймээс энэ бодлогоо ч “Monpay” дээр хэрэгжүүлдэг” хэмээн Тацуяа Хамада технологийн дэвшил, нууцлалын баталгааныхаа талаар итгэл дүүрэн өгүүлж байлаа.
Финтекийн зах зээл
тасралтгүй хөгжинө
Түүний ярианаас “Амьдралын хэв маягийн ялгаа ихтэй монголчуудын хувьд үйлчилгээний чанарыг ижил тэгш хүргэхэд финтек салбарын хөгжил чухал нөлөө үзүүлнэ” гэх өгүүлбэр өөрийн эрхгүй анхаарал татав. Учир нь Улаанбаатар хот харьцангуй хөгжил сайтай боловч хотын зах буюу гэр хорооллоор зах зээлийн сегментүүд нь өөр, цахилгаан, шугам сүлжээ гэх мэт дэд бүтцийн ялгаанаас шалтгаалан орон нутаг дахь амьдралын хэв маяг ч Улаанбаатараас эрс ялгаатай байгаа аж. Харин 4G сүлжээ, гар утасны сүлжээ, интернэтийн хүртээмж байсан цагт финтекийн үйлчилгээ газарзүйн байршлаас үл хамааран хүн бүхэнд тэгш хүрэх боломжтой юм. Тацуяа Хамада энэ талаар “Хэдхэн жилийн өмнө “финтек” гэх нэр томьёо хаа сайгүй сонсогдож байсан ч одоо төдийлөн сонсогдохоо больжээ. Учир нь энэ ойлголт илүү хэвшмэл болж, шинэ содон санагдахаа больсон. Энэ нь финтек салбар уналтад орж байгаа бус, харин ч өдөр тутмын хэрэглээ болсныг харуулж байна. Тиймээс цаашид ч финтек салбараас олон төрлийн онцгой үйлчилгээ төрж, бидний өдөр тутмын амьдралд нөлөөлнө. “Ковид 19”-ийн үеэр ард иргэдэд үзүүлэх дэмжлэг финтект ихээхэн түшиглэж байна. Худалдааны жижиг байгууллагуудыг дэмжихийн тулд тэднийг дижитал экосистемд оролцуулах шаардлагатай. Тиймээс хамтын ажиллагаа урьд урьдынхаас илүү хөгжиж байна. Мөн финтек салбар банкны үйлчилгээ авч чаддаггүй болон хүртээмж муутай хүмүүсийн тэгш бус байдлыг бууруулж байна” хэмээн ярилаа.
Түүний үзэж буйгаар финтек зах зээл цаашид ч хөгжсөөр байх бөгөөд тэрбээр “Маш олон жилийн өмнө бидний өвөг дээдэс мөнгөний оронд чулуу, хясаа ашигладаг байсан. Улмаар эдгээр хэрэгсэл нь мөнгөн тэмдэгт, зоос болон хувирч, мөнгөн тэмдэгт, зоос нь кредит, дебит карт болон хөгжсөн. Биет төлбөр тооцоо цахим системд шилжин, жилээс жилд өөрчлөгдсөөр байна. Харин монголчууд бэлэн мөнгө, кредит, дебит хэрэглэсээр байна. Ирээдүйд энэ бүхэн дижитал систем буюу цахим мөнгөнд холбогдох байх. Ингэснээр гар утас гэх мэт төхөөрөмжөөр төлбөр тооцоог хялбархан гүйцэтгэх боломжтой. Энэ нь илүү найдвартай” хэмээн финтекийн ирээдүйг дүгнэж байв.