
Дэлхий дээрх 2668 тэрбумтны ердөө 327 нь эмэгтэйчүүд боловч тэдний дийлэнх нь ихээхэн хэмжээний хөрөнгө өв залгамжлан авсан байдаг аж. Харин гэр бүлийн хүнтэйгээ хамт амжилтанд хүрсэн 11 эмэгтэйг оролцуулаад нийт 101 эмэгтэй өөрийн хүчээр тэрбумтан болсон хүмүүсийн жагсаалтад багтжээ.
Эдгээр тэрбумтан эмэгтэйчүүдийн хөрөнгийн нийлбэр 331 тэрбум ам.доллар бөгөөд тэд нефтийн бүтээгдэхүүнээс эхлээд казино, пицца хүртэл төрөл бүрийн салбарт амжилтанд хүрсэн байна.
Ингээд 2022 оны гуравдугаар сарын 11-ний байдлаарх “Forbes”-ийн тэрбумтнуудын жагсаалтаас өөрийн хүчээр амжилтад хүрсэн хамгийн чинээлэг арван эмэгтэйг танилцуулж байна.
1. Фан Хонвэй

Улс: Хятад
Нийт хөрөнгийн хэмжээ: 18.2 тэрбум ам.доллар
Хөрөнгийн эх үүсвэр: Газрын тосны бүтээгдэхүүн
Дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн 13-т бичигдэж буй Фэн Хонвэй нь газрын тос боловсруулалт болон нийлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Hengli” компанийг удирддаг. Түүний хөрөнгийн хэмжээ жилийн өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй байна.
2. Рафаэла Апонте

Улс: Швейцарь
Нийт хөрөнгийн хэмжээ: 16.8 тэрбум ам.доллар
Хөрөнгийн эх үүсвэр: Ачаа тээвэр
Рафаэла Апонте, түүний нөхөр Жанлуижи нар 1970 онд “Mediterranean Shipping Company”-г анх байгуулжээ. Харин өдгөө тус компани дэлхийн 155 оронд 600 гаруй ачааны хөлөг онгоц эзэмшдэг дэлхийн хамгийн том ачаа тээврийн компани болжээ. Энэ жил дэлхийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд учирсан саатал ачаа тээврийн компаниудын орлогын хэмжээнд эерэгээр нөлөөлсөн тул тэдний хөрөнгө 6.1 тэрбум ам.доллараар нэмэгдсэн байна.
3. Ву Яжун

Улс: Хятад
Нийт хөрөнгийн хэмжээ: 15.3 тэрбум ам.доллар
Хөрөнгийн эх үүсвэр: Үл хөдлөх хөрөнгө
Өмнө нь сэтгүүлч байсан Ву Яжун 1993 онд нөхөртэйгээ хамтран үл хөдлөх хөрөнгийн “Longfor Properties” компанийг үүсгэн байгуулжээ. Хонконг-д төвтэй тус компани өдгөө Хятад даяар 61 худалдааны цэгтэй болоод байна. 2018 онд тэрбээр компанийнхаа 44 хувийг өөрийн охин Цай Шиньид шилжүүлэн өгсөн байна.
4. Дайан Хендрикс

Улс: АНУ
Нийт хөрөнгийн хэмжээ: 10.7 тэрбум ам.доллар
Хөрөнгийн эх үүсвэр: Барилга
Дайан Хендрикс нь АНУ дахь дээврийн материал ханган нийлүүлэгч хамгийн том компани болох “ABC Supply”-г удирддаг. 1982 онд түүний нөхөртэйгээ хамт үүсгэн байгуулсан тус компани анх гурван байршилд худалдаа хийдэг байсан бол өдгөө 811 салбартай болж, жилийн орлого нь 12 тэрбум ам.долларыг хэдийнээ давсан байна.
5. Жюди Лав

Улс: АНУ
Нийт хөрөнгийн хэмжээ: 9.7 тэрбум ам.доллар
Хөрөнгийн эх үүсвэр: Жижиглэн худалдаа, ШТС
Тэрбумтнуудын жагсаалт дахь өөр нэгэн хүчирхэг хос болох Жюди болон Том Лав нар нь 1964 онд жолооч, тээвэрчдэд зориулсан “Love’s” конвеньенс дэлгүүрийн сүлжээг үүсгэн байгуулжээ. Америкийн 41 мужийн 550 байршилд нийт 32,000 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулдаг тус компанид өдгөө Жюди гүйцэтгэх нарийн бичгийн дарга хийж байна.
6. Ван Лайчун

Улс: Хятад
Нийт хөрөнгийн хэмжээ: 9.5 тэрбум ам.доллар
Хөрөнгийн эх үүсвэр: Цахилгаан хэрэгслийн эд анги
Ван Лайчун нь цахилгаан утас, холбогч үйлдвэрлэлийн “Luxshare Precision Industry” компанийн ТУЗ-ын дарга, хамтран үүсгэн байгуулагч юм. “Apple” компанийн томоохон түнш болоод буй тус компанийн бизнесийг тэрбээр 2004 онд ахтайгаа хамтран эхлүүлж байжээ.
7. Жон Хуижуан

Улс: Хятад
Нийт хөрөнгийн хэмжээ: 8.1 тэрбум ам.доллар
Хөрөнгийн эх үүсвэр: Эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл
Химийн багш мэргэжилтэй Жон Хуижуан эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрэлийн “Hansoh” компаниа 2015 онд үүсгэн байгуулжээ. Өдгөө тэрбээр тус компанийг удирдахын зэрэгцээ хувьцааны дөрөвний гурвыг нь эзэмшдэг.
8. Линда Ресник

Улс: АНУ
Нийт хөрөнгийн хэмжээ: 8 тэрбум ам.доллар
Хөрөнгийн эх үүсвэр: Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн
Линда Ресник нь “Halos” бэрсүүт жүрж, “Fiji” цэвэр ус зэрэг дэлхийд танигдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг “Wonderful Company”-ийн дэд захирал юм. 1970-аад тэрбээр өөрийн нөхөр Стюартын хамт компаниа байгуулж байжээ.
9. Жоу Цюньфэй

Улс: Хятад, Хонконг
Нийт хөрөнгийн хэмжээ: 7.1 тэрбум ам.доллар
Хөрөнгийн эх үүсвэр: Утасны дэлгэц
Өмнө нь үйлдвэрийн ажилчин байсан Чжоу Цюньфэй нь Samsung, LG, Microsoft зэрэг томоохон компаниудад гар утасны дэлгэц нийлүүлдэг Lens Technology компанийг үүсгэн байгуулсан юм. 2015 онд түүний компани амжилттай IPO хийснээр хувьцааны ханш нь тав дахин нэмэгдэж, тухайн үед өөрөө амжилтанд хүрсэн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн жагсаалтыг тэргүүлж байсан юм.
10. Жюди Фолкнер

Улс: АНУ
Нийт хөрөнгийн хэмжээ: 7 тэрбум ам.доллар
Хөрөнгийн эх үүсвэр: Эмнэлгийн мэдээллийн систем
Жюди Фолкнерийн 1979 онд байгуулсан “Epic Software” компанийн хөгжүүлсэн програмыг дэлхийн томоохон эмнэлгүүд 225 сая гаруй өвчтөний мэдээллийг бүртгэхэд ашиглаж байна.
Эх сурвалж: Forbes