
Лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдений засаг захиргаа ирэх тавдугаар сарын 1 хүртэл түр зогсоосон байсан оюутны сургалтын төлбөрийн зээлийн эргэн төлөлтийг 2022 оны наймдугаар сарын 31-н хүртэл дахин хойшлуулсан байна. Мөн тэрбээр зээлдэгчдэд цаашид уян хатан байдлаар хандаж, дэмжлэг үзүүлэхээ амлажээ.
Цар тахалтай холбогдуулан төрөөс олгодог оюутны ихэнх зээлийн эргэн төлөлтийг тус улсад 2020 оны гуравдугаар сараас эхлэн зогсоогоод байв. Анх Ерөнхийлөгч Дональд Трамп төрөөс олгодог оюутны зээлийн хүү болон эргэн төлөлтийг зогсоох тухай зарлиг гаргасан бол Конгресс уг шийдвэрийг зургаан сарын турш үргэлжлэхээр хуулинд оруулсан аж. Гэвч Трамп болон Жо Байден нар түүнээс хойш хэд хэдэн удаа хугацааг нь сунгасаар өдийг хүрсэн нь энэ юм.
Одоогоор Байдений засаг захиргаа нийт 16 тэрбум орчим ам.долларын оюутны зээлийг тэглээд байгаа. Гэвч энэ тоо нь Америкийн оюутнуудын төлөх ёстой зээлийн хэмжээний нэг хувьд ч хүрэхгүй байгаа тул иргэд түүнийг энэ ажлаа улам өргөжүүлэхийг уриалж байгаа юм.
Эх сурвалж: Forbes