
“Sami Switch” нэрээр уран бүтээлээ туурвидаг Сэм Чокри нь Британийн дуучин Эд Шираны “Shape of You” дууны зарим хэсэг нь түүний “Oh Why” нэртэй дууны хэсэгтэй төстэй байна хэмээн үзэж, шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан билээ.
Лондон хотод өмнөх сараас эхлэн 11 хоног үргэлжилсэн шүүх хурлын явцад Эд Шираныг бусад уран бүтээлчдийн оюуны өмчийг “хулгайлсан” явдал нь ганц үүгээр тогтохгүй хэмээн буруутгаж байв. Харин алдарт дуучин үүнийг үгүйсгэсэн бөгөөд бусдын бүтээлийг ямагт хүндэтгэж, хууль ёсны дагуу ашиглахыг эрмэлздэг болохоо илэрхийлжээ.
Тэгвэл Эд Ширан энэ лхагва гарагт 2017 онд гаргасан “Shape of You” хит дууныхаа зохиогчийн эрхийн зөрчлийг өөрийн талд шийдүүлж чадсан байна.
Шүүхэд ялалт байгуулсныхаа дараа тэрбээр дуу зохиогчдыг үндэслэлгүй худал баримтаар гүтгэх явдал нь хөгжмийн салбарт хохирол учруулж байгааг шүүмжилжээ.
Их Британийн давж заалдах шатны дээд шүүхийн дүгнэлтээр Эд Ширан нь Сэм Чокригийн оюуны өмчийг санаатай эсвэл санаандгүй байдлаар хуулбарлаагүй болохыг дуу зохиогчийн ирүүлсэн хөдөлшгүй баримтаар тогтоосон аж.
“Shape of You” дуу нь 3 тэрбум хандалттайгаар “Spotify” хэрэглэгчдийн бүх цаг үеийн хамгийн их сонссон дуу болсон билээ.
Эх сурвалж: Forbes