
Украины дайн эхэлснээс сар гаруйн хугацааны дараа “Pew Research” байгууллагаас явуулсан судалгаагаар 10 Америк хүн тутмын 7 нь Оросыг АНУ-ын дайсан хэмээн үздэг нь тодорхой болжээ.
Өнгөрөгч нэгдүгээр сард явуулсан ижил судалгаагаар ийм үзэл бодолтой Америкчуудын тоо 41 хувьтай байсан ч сүүлд явуулсан судалгаанд 29 хувиар нэмэгдэж 70 хувь болсон аж. Энэ нь ердөө хоёр сарын дотор ОХУ-ын талаар америкчуудын сэтгэгдэл эрс өөрчлөгдсөнийг харуулж байна.
Мөн судалгаанд оролцсон Ардчилсан намын дэмжигчдийн 72 хувь, Бүгд найрамдах намын дэмжигчдийн 69 хувь нь Оросыг дайсан мөн гэдэгт санал нэгтэй байжээ.
Харин НАТО-ийн гишүүн орон байх нь АНУ-д ашигтай хэмээн үздэг Америкчууд 2021 онд 61 хувьтай байсан бол дайн эхэлсний дараа 67 хувь болж нэмэгдсэн байна. Үүнээс гадна Оростой цөмийн дайн эхлүүлэх эрсдэлийг үл харгалзан Украин улсад цэргийн хүчээр туслах нь зөв гэсэн үзлийг Америкчуудын 35 хувь нь дэмжжээ.
Эх сурвалж: Forbes