
Дайн, цар тахал, зах зээлийн зогсонги байдал дэлхийн тэрбумтнуудад ч мөн нөлөөлж, “Forbes”-оос 36 дахь жилдээ гаргаж буй манай гарагийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад өмнөх жилийнхээс 87-оор бага буюу 2,668 эрхэм багтжээ.
Жагсаалтад багтсан тэрбумтнуудын хөрөнгө нийлээд 12.7 их наяд хүрсэн нь 2021 оныхоос 400 тэрбум ам.доллараар бага үзүүлэлт юм.
Украин руу халдан довтолсон ОХУ-д тэрбумтнуудын тоо өмнөх жилийнхээс 34-өөр багассан бол технологийн компаниудын эсрэг арга хэмжээ авсан Хятадад тэрбумтнуудын тоо 87-оор цөөрсөн байна.
Өнгөрсөн жил тус жагсаалтад багтаагүй 236 эрхэм энэ жил шинээр нэмэгдсэний дотор Барбадос, Болгар, Эстони, Уругвай улсуудаас анхны тэрбумтнууд тодорчээ.
Уг жагсаалтад анх удаа нэгдүгээрт бичигдсэн Илон Маск тэргүүтэй 735 тэрбумтан, мөн тэдний 4.7 их наяд ам.долларын хөрөнгөөр АНУ дэлхийд тэргүүлсэн хэвээр байна.
Харин Хятад улс (Макао, Хонконгийн хамт) нийт 2.3 их наяд ам.долларын хөрөнгө бүхий 607 тэрбумтанг энэ жагсаалтад оруулснаар хоёрдугаарт бичигджээ.
Жагсаалтыг бүтнээр нь, интерактив байдлаар ЭНД дарж үзээрэй.