
Цар тахал болон түүний улмаас бий болсон сөрөг нөлөө одоо ч бүрэн арилаагүй өнөө үед салбар бүрийн тэргүүлэгчид нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасалдалтаас эхлээд боловсон хүчний хангамж дутагдал, инфляц зэрэг төрөл бүрийн сорилттой тулгараад байгаа юм. Технологийн салбар ч мөн хурдацтай хувьслын явцдаа байнга тулгардаг асуудлуудаас гадна дээрх сорилтуудыг мөн давах хэрэгтэй байна.
Технологийг түргэн шуурхай байдлаас салгаж ойлгож болохгүй учир энэ салбарын манлайлагчид эдийн засгийн хүнд нөхцөлд багаа зөв чиглүүлэхийн тулд ийм сэтгэлгээгээр хандах нь чухал. Ингээд технологийн салбарын шинэ залуу манлайлагчдын төлөөлөл 2022 онд өөрсдөд нь тулгарч буй сорилт, түүнийг хэрхэн даван туулах талаар зөвлөмж хуваалцсаныг хүргэж байна.
1. Багаа бүрдүүлэх
“Хүссэн газраасаа ажиллах боломжтой болж буй өнөө үед багаар ажиллах чадвар улам үгүйлэгдэж байна. Боломж гарвал багаа цуглуулан уулзалдах, харин биечлэн уулзацгаах боломжгүй тохиолдолд виртуал үйл ажиллагаа зохион байгуулах маягаар багийн уур амьсгалаа сайжруулах хэрэгтэй. Жишээлбэл Бостон хотоос Нью Йорк руу бизнесийн томилолтод явах гэж байлаа гэхэд багийнхнаа үдийн зоогт уриж болно.” Эмин Татосян, FX HedgePool
2.Дараагийн үеийнхнээ бэлдэх
“Технологийн компаниуд карьераа өөрчилж, IT-аар ажиллах хүсэлтэй хүмүүсийг сургах, тэдэнд боломж олгоход оролцоогоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Зааж зөвлөх дээд үе үгүй бол доод үе бий болохгүй. “ – Соледад Алварез дел Сель, Baufest
3. Дижитал хувьслын хурдтай хөл зэрэгцэх
“Анхнаасаа хурдтай байсан өөрчлөлтийг цар тахал бүр ч илүү хурдлуулсан. Бид хонгилын үзүүрт гэрэл харж эхэллээ гээд инновацын хурд удааширна гэсэн үг биш юм. Дижитал хувьслын хурдтай хөл зэрэгцэх сорилтыг үйлчлүүлэгчидтэйгээ улам ойртон ажиллаж, хамтдаа эерэг үр дүнд хүрэхээр суралцаж, өсөн дэвжих боломж гэж харах хэрэгтэй” – Уилл Хэйс, Lucidworks
4. Цахим аюулгүй байдлын хувьсал
“Зайнаас ажиллах хэлбэрт бага багаар шилжиж байгаа энэ цагт цахим аюулгүй байдлыг хангахад амар гэж бодож болохгүй. Үүнийг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн үе шаттай адилаар огт дуусгахгүй, дахин давтаж байх шаардлагатай. Цахим гэмт хэрэгтнүүд илрүүлэхэд амаргүй, нарийн аргаар халдлага үйлдэх нь улам нэмэгдэж байгаа тул аюулгүй байдлын хяналт ч мөн тэр загвараар хөгжих нь зүйтэй. “ Роман Таранов, Ruby Labs
5. Зайнаас ажилладаг багийн гишүүдээ зохицуулах
“Covid 19 зайнаас хэрхэн ажиллах талаар бидэнд ойлголт өгсөн. Аюулгүй байдлын тогтсон загвартай байх, ажилтнуудыг урам зоригтой байхад нь туслах, шинэ бодлого хэрэгжүүлэх зэрэг нь бидэнд тулгарч буй үндсэн сорилтууд бөгөөд тэдгээрийг шийдвэрлэхийг гол зорилтоо болгон ажилласнаар бүтээмжтэй байдлыг бий болгож байна.” Бхавна Жунежа, Infinity
6. Оффистоо эргэн ажиллах
“Covid 19-ийн үр нөлөө аажмаар суларч буй энэ жил бидэнд тулгарч буй хамгийн том сорилт нь оффист эргэн ажиллах юм. Олон шинэ ажилтнууд, тэр дундаа төгсөөд удаагүй ажилтнууд ажил гэрийн хооронд амьдрах, оффисын амьдрал ямар байдгийг үзээгүй учир гэртээ ажиллахаас илүү халуун дулаан, сэтгэлд нийцэхээр ажлын орчинг бүрдүүлэх нэн шаардлагатай. “ Жун Пей, Cepton
7.Хамтран ажиллах, мэдлэгээ хуваалцах
“Шинэ хүмүүсийг угтан авч, өмнөх хүмүүсээ үдэж буй энэ жил хамтын ажиллагаа болон мэдлэгээ хуваалцах нь том сорилтуудын нэг хэвээр байна. Шинээр бүрдсэн багийнхан технологийн зорилтоо чанартай биелүүлэхийн тулд хүчээ нэгтгэн хамтрах нь чухал. Ингэхийн тулд бид суралцах орчин, хүн бүрт тусгайлан бэлтгэсэн сургалтын бичлэг, дахин ашиглах боломжтой шийдлүүдэд ихээхэн хөрөнгө оруулснаар дээрх үзүүлэлтийг хурдасгах юм.” Апурва Кадакиа, Hanu
8.Бараа материал болон боловсон хүчний дутагдал
“Цар тахал дэлхий нийтийн нийлүүлэлтийн гинжин хэлхээг тасалдуулснаас үүдсэн асуудлууд 2022 оны турш үргэлжилсээр байх болно. Чипнээс эхлээд цахилгаан автомашин хүртэл бүхий л үйлдвэрлэл нөөцийн дутагдалд ороод байна. Covid 19-ийн шинэ хувилбарууд технологийн салбарын хүмүүст ч мөн нөлөөлж, өвдөж чөлөө авснаар ажиллах хүчний дутагдалд орж төслийн төлөвлөгөөт хугацаанаасаа хэтрэх асуудал үүсч буй юм. “ Ади Экштайн, Amaryllis Payment Solutions
9.Ажлын байрны стресс
“Зайнаас ажиллахын нэг сөрөг үр дагавар нь ажлын бус цагаар ажил үүргээсээ холдоход тун хэцүү болсон явдал юм. Багийнхандаа үргэлж өөртөө анхаарал халамж тавихыг сануулж, яаралтай тохиолдол л биш бол ажлын бус цагаар и-мэйл илгээхээс зайлсхийх хэрэгтэй.” Элейн Монтилла, The Graduate Center, CUNY
10.Хурдацтай өсөлтийг хангаж ажиллах
“Хурдацтай өсөлтийн эрчийг хадгалахын тулд компанийн зорилгоо цомхотгож, илүү оновчтой, хүн бүр ойлгохоор тодорхой болгох хэрэгтэй. Бүхий л багуудын оноо нэг самбар дээр нэгтгэн бичигдэх учраас нийтээрээ нэгэн зүгт алхаж байгаа гэдгийг ойлгуулах нь зүйтэй” Рич Уолдрон, Tray.io