
“Өндөгний зах зээлээ дотоодын үйлдвэрлэгчид бүрэн хангах боломжтой. Үүнд цаг хугацаа болон Засгийн газрын тодорхой бодлого хэрэгтэй” хэмээн “Түмэн шувуут” компанийн гүйцэтгэх захирал Ж.Болд өгүүлж байна.
Дотоодын шувууны аж ахуй эрхлэгч “Түмэн шувуут” компани IPO хийсэн нь Монголын хөрөнгийн биржийн түүхэнд хүнс, хөдөө аж ахуйн салбарын компани хувьцаагаа олон нийтэд санал болгосон анхны, онцгой тохиолдол болсон юм. Дотоодын өндөг үйлдвэрлэлийн 40 хувийг дангаар бүрдүүлдэг тус компани үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэх, үйлдвэрлэлээ төрөлжүүлэхээр нийт хувьцааны 25 хувийг олон нийтэд санал болгож, 10 тэрбум төгрөгийг 2019 онд амжилттай төвлөрүүлж чадсан. Дээрх хөрөнгөөр “Түмэн шувуут” компани өндөглөгч тахианы аж ахуйг өргөтгөх, махны чиглэлийн шувууны аж ахуй болон органик бордооны үйлдвэр байгуулах, Увс аймагт усалгаатай газар тариалангийн үйл ажиллагааг өргөтгөх зэрэг дөрвөн зорилт тавьсан байдаг.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэд дээрх зорилтууддаа хүрэхээр шаргуу ажиллажээ. Тухайлбал, хаягдал төдий байсан үр ашиггүй тахианы сангасыг дулааны аргаар боловсруулах компост бордооны үйлдвэрийг ашиглалтад оруулан, бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлэн эхэлжээ. Тэдний үйлдвэрлэж буй бордоо нь хөрсний үржил шим, ургацын хэмжээг химийн бордооноос дутахааргүй нэмэгдүүлдэг болохыг тус компанийн захирал Ж.Болд ярив. 10 кг органик бордоо нь нэг атга химийн бордоотой тэнцдэг ч хөрсний шим, ургацын чанар, хүний эрүүл мэндэд аливаа сөрөг нөлөө үзүүлдэггүйгээрээ давуу талтай. Тус үйлдвэрийг 1.7 тэрбум төгрөгийн санхүүжилтээр байгуулсан бөгөөд хамгийн сүүлийн үеийн Япон техник, технологиор үйлдвэрлэлэлээ явуулдаг аж. Хөдөө аж ахуйд өргөн хэрэглэгдэж буй химийн гаралтай импортын бордоотой харьцуулбал үнэ хямд ч тариалан эрхлэгчдэд дасал болоогүй, зах зээлд өөрийн байр сууриа эзлэхэд цаг хугацаа шаардагдана гэдгийг Ж.Болд хэлэв.
Харин олон нийтээс татан төвлөрүүлсэн хөрөнгийн 3.8 тэрбум төгрөгийг төсөвлөж байсан махны чиглэлийн шувууны аж ахуй байгуулах төсөл бүр мөсөн зогсчээ. Хятадад гахайн ханиад маш эрчимтэй тархаж, улмаар гахайн махны хомстол үүсч, зах зээлийн үнэ нь даруй 70 хувиар өссөнтэй зэрэгцэн орлох бүтээгдэхүүн болох тахиан махны эрэлт нэмэгдэж, бройлерын үржлийн өндөгний үнэ өссөн тул Ж.Болд тус төслийг дахин нягтлах, үр өгөөж болон зардлыг шинээр тооцох шаардагатай хэмээн үзжээ. Гэвч түүнд бодох хугацаа их байгаагүй аж. Учир нь тахианы байрны барилга угсралт аль хэдийн дуусчихсан, тоног төхөөрөмжийн худалдан авалт, угсралт өндөглөгч тахиа эсвэл бройлерын тахиа тэжээх шийдвэрээс хамааран хүлээгдэж байв. Иймээс Хувьцаа эзэмшигчдийн хурлын үеэр тус асуудлыг танилцуулж, хэлэлцэхэд олонх нь махны чиглэлийн шувууны аж ахуйг байгуулахаас илүүтэйгээр импортын хамааралтай байсаар байгаа өндөгний бизнесийг өргөтгөх нь илүү хялбар бас үр дүнтэй ажил гэдэгт санал нэгдсэн тухай Ж.Болд ярив.
Энэ бүх үйл явдал цар тахал эхэлсэн цаг үетэй давхцсан тул техник, материалын зардал хэдэн зуун саяын нэмэлт зардлыг дагуулжээ. Гэсэн ч дотоодын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, зах зээлд бий болж байгаа хомсдолыг бууруулах нь нэн тэргүүний зорилт тул ложистикийн зардал өссөнийг үл хамааран өндөг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг авчирч, угсралтын ажлыг дуусгасан аж. Энэхүү төсөл бүрэн хэрэгжсэнээр өндөглөгч тахианы тоо хоёр дахин нэмэгдэн 700 мянгад хүрч, зах зээл дэх нийлүүлэлтээ эрс нэмэгдүүлнэ хэмээн Ж.Болд хэлэв.
Монголчуудын өндөгний хэрэглээ жил бүр өсөн нэмэгдэж, 2021 онд зах зээлд нийт 330 сая өндөг борлогджээ. Үүний 50 хувийг буюу зах зээлийн тэн хагасыг ОХУ-ын импортын бүтээгдэхүүн бүрдүүлсэн бол үлдсэн хагасыг нь дотоодын үйлдвэрүүд ханган нийлүүлсэн байдаг. Өдгөө Монголд өндөг үйлдвэрлэгч 10 гаруй аж ахуйн нэгж байдаг ч импортын өндөгний үнэ дотоодын үйлдвэрийнхээс хямд зарагддаг учраас хэрэглэгчид импортын бүтээгдэхүүнийг түлхүү сонгосоор иржээ. Газар тариалангийн хөгжлөөр тэргүүлэгч Орост шувууны тэжээлийн үнэ хямд, Засгийн газраас нь зориудаар “Есөн өндөгний бодлого” зэргийг баримталдаг нь нэгж өндөгний үнийг бууруулах гол фактор болдог. Эдгээрээс гадна Орос улс өндөгний масс үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч орны хувьд дотоодын зах зээлд илүүдсэн, хуучирсан өндөгнүүдийг хямд үнээр экспортолдог нь Монголын зах зээлд орж ирдэг тухай Ж.Болд ярив.
Тэрбээр “Үндэсний үйлдвэрлэгчид эрэлтээ бүрэн хангахад цаг хугацаа шаардлагатай. Тахиагаа өсгөх, өндөглөгч болгох нарийн дэс дараалал, төлөвлөгөө бий учраас үүнийг хөрөнгөөр шийдэх, эсвэл үйлдвэрлэлийг богино хугацаанд хурдасгах боломж байхгүй. Дотоодын аж ахуйн нэгжүүд хамгийн сайнаараа хичээхэд гурван жил орчмыг зарцуулна. Нөгөө талаас, энэ чиглэлд Засгийн газраас хэрэгжүүлж буй тодорхой бодлого байхгүй учраас дотоодын үйлдвэрлэгчид үйлдвэрлэлийн хүчин чадлаа дорвитой нэмж чадахгүй байна” хэмээв. Монгол Улс хүнсний бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэдэг болох тухай 2016 оноос хойш бодлогын түвшинд хөндөх болсон. Энэ хүрээнд өндөгний зах зээлийн 90 хувийг дотоодын үйлдвэрүүд хангадаг болно гэсэн ч өдийг хүртэл хэрхэн, хэдий хугацаанд энэ үр дүнд хүрэх бодлогыг тодорхойлоогүй хэвээр байна. Харин Шувууны аж ахуй эрхлэгчдийн холбооны зүгээс “Засгийн Газрын нэгдсэн бодлогод үндэслэн шаталсан хэлбэрээр импортын хязгаарлалтыг тавих нь дотоодын үйлдвэрлэгчдэд хамгийн том дэмжлэг болно” хэмээж байна.
“Түмэн шувуут” компани тахианы нас болон онцлогт тохирсон таван төрлийн, бусад малд зориулсан зургаан төрлийн тэжээлийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Тэжээлийн үйлдвэрлэлийн гол түүхий эдийг дотоодоосоо түлхүү хангах хүсэлтэй ч энэ нь жил бүрийн улаан буудайн ургацаас шууд хамаардаг тухай Ж.Болд ярив. Тухайлбал, өнгөрсөн жилийн ургац хангалтгүй байсан тул түүхий эдийн ихэнхийг импортоор авчээ. Харин 2021 онд улаан буудайн ургац арвин байгаа тул нийт түүхий эдийн 70 хувийг дотоодоос, 30 хувийг импортоор авахаар төлөвлөж байгаа аж. Тэжээлийг үйлдвэрлэхэд тахиа болон бусад малын хоногт авах илчлэг, уураг, ашиг шим зэргийг нарийн тооцох шаардлагатай тул “Түмэн шувуут” компани нь Америкийн хөдөө аж ахуйн салбарын хамгийн том төлөөлөгч “Cargill”- ын экспертүүдийн зөвлөмж, зааварчилгад үндэслэн жороо зохиож буй. Тиймээс тэжээлийн чанарт эргэлзэх шалтгаан байхгүй хэмээн Ж.Болд хэлэв. “Түмэн шувуут” компани 2004 онд үүсгэн байгуулагдсан ба тэр цагаас хойш өндөглөгч тахианы тоогоо даруй 17 дахин нэмэгдүүлж, 350 мянгад хүргэжээ. Дотоодын өндөгний зах зээлд 17 жил ажиллаж, эзлэх хувь хэмжээгээ тэлж буй тус компани шувууны аж ахуйд суурилан хөдөө аж ахуйн цогц үйлдвэрлэл эрхлэхийг эрмэлзэж байна.