
Илон Маск “Twitter” компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч болсноо зарласны дараа тус компанийн нэгж хувьцааны ханш даруй 27.1 хувиар өссөн байна. Ингэснээр Илон Маск болон “Twitter”-ийн үүсгэн байгуулагч Жэк Дорси нарын нийт хөрөнгийн хэмжээ тус бүр нэг тэрбум орчим ам.доллараар нэмэгджээ.
Тодруулбал Илон Маск “Twitter” компанийн 9.2 хувь буюу 73.5 сая хувьцааг эзэмших болсон нь АНУ-ын Үнэт Цаас, Арилжааны Хорооны бичиг баримтад дурдагджээ.
Түүний хөрөнгийн ихэнхийг бүрдүүлдэг “Tesla”-ийн хувьцааны ашиг болон ханш нь сүүлийн хоёр жил хурдацтай өсөж буй. Одоогоор 300 тэрбум орчим ам.долларын хувийн хөрөнгөтэй тэрбээр дэлхийн хамгийн чинээлэг хүн гэж тооцогдож байна.
Илон Маск өмнө нь “Twitter” компанийн бодлогыг шүүмжилж, тус сошиал платформд хэд хэдэн өөрчлөлт хийх хүсэлтэй буйгаа илэрхийлж байв.
Эх сурвалж: Forbes