
Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн салбарын тэрбумтан Жозеф Лаугийн компани өнгөрсөн жил хөрөнгийн зах зээлд нэг тэрбум гаруй ам.доллар алдсан билээ. Үүнээс үүдэн тэрбээр 22 сая ам.долларын үнэ хүрэх дарс болон шаазан эдлэлийн ховор цуглуулгаа дуудлага худалдаанд оруулахаар болжээ.
Энэ сарын сүүлчээр Жозеф Лау өөрийн хувийн цуглуулгаасаа Хятадын шаазан урлалын сор бүтээлд тооцогдох найман ширхэг шаазан эдлэлийг “Sotheby’s” компаниар дамжуулан дуудлага худалдаагаар зарахаар болсон аж.
Хятадын Мин болон Чин улсын үеийн эдлэлүүдийн багтаасан түүний цуглуулга урьдчилсан тооцоогоор 13.2 саяаас 19.2 сая ам.долларын үнэ хүрэх төлөвтэй байгааг “Sotheby’s” компаниас мэдэгджээ.
Түүнчлэн Жозеф Лаугийн өөр нэгэн цуглуулга болох хуучны дарснууд нь “Christie’s” дуудлага худалдааны компанийн тооцоолж буйгаар гурван сая орчим ам.долларын үнэ хүрэх төлөвтэй байгаа аж.
Жишээлбэл түүний цуглуулга дахь 1991 оны “Henri Jayer Vosne-Romanée Cros Parantoux” ховор дарсны нэг авдар нь 229,700 ам.доллар, нэг лонх нь 19,141 ам.доллар хүрэх төлөвтэй байна.
Лаугийн гэр бүлийн компани болох “Chinese Estate” өнгөрсөн жил “China Evergrande” дахь ихэнх хувьцаагаа зарснаар нэг тэрбум гаруй ам.долларын алдагдалд орсон. “China Evergrande” компани нь Хятадын үл хөдлөх хөрөнгийн хоёр дахь том компанид тооцогддог ч сүүлийн үед өрөө төлж барагдуулж чадахгүйд хүрээд байгаа аж.
“Forbes”-ийн тэрбумтнуудын жагсаалтаас үзвэл Жозеф Лаугийн хувийн хөрөнгө 13.6 тэрбум ам.доллар бөгөөд одоогоор тэрбээр Хонконгийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтад 6-р байрт, харин дэлхийд 147-рт бичигдэж буй юм.
Эх сурвалж: Forbes