
Хагас мэргэжлийн покерчин асан Нима Гамсари финтек нь зөвхөн стартапуудад зориулагдаагүй гэж мөрийцөхөд бэлэн байв. Тэрбээр тогтсон өсөлтөөс зайлсхийж, 3 тэрбум гаруй ам.долларын үнэлгээ бүхий “Built Labs” компанийн хувьцаагаа олон нийтэд нээлттэй болгох гэж байна.
Цар тахлын үеийн эдийн засагт тохиосон гэнэтийн зүйлсийн нэг нь орон сууцны үнийн өсөлт байлаа. Хөл хөдөлгөөн тасарсан хотын төвийн оршин суугчид, гэрээсээ ажиллах гэж бужигнах хүмүүс хотын захын, саруулхан байрны үнийг өсгөхөд хүргэлээ. Бага хүүтэй зээл нь өнөөгийн байрны эздийн анхаарлыг татаж, дахин санхүүжүүлэлтийн тоон дүн нь амжилт тогтоов. Өнгөрсөн оны эцсийн байдлаар 13.6 сая ам.доллар бүхий моргейжийн зээлийг олгосон нь бүх цаг үеийн дээд амжилтыг эвдсэн юм. Энэ үзүүлэлт 2003 оны 3.7 их наяд ам.доллар байсан билээ. Энэхүү зээлийг удаан хугацааны хөл хорионы үед буюу ихэнх хүмүүстэй биечлэн уулзахгүйгээр амжуулсан нь гайхамшиг байв.
Үнэн хэрэгтээ 35 настай, Ираны цагаач Нима Гамсари байгаагүй бол моргейжийн зах зээл аль хэдийнэ сүйрч магадгүй байв. Тэрбээр Стэнфордод байхдаа покероос онлайнаар хэдэн зуун мянган ам.доллар олж, төгссөнийхөө дараа нууц өгөгдлийн “Palantir Technologies” стартапд орсон ч удалгүй мөрөөдлийн ажлаа орхисон юм. Тэрбээр 2012 онд өөрийн программ хангамжийн “Built Labs” компанийг үүсгэн байгуулжээ. “Би үргэлж өөртөө бооцоо тавихыг хүсдэг байсан. Би маш их эрсдэл гаргахад бэлэн байна” гэж тэр өгүүлэв. “Blend” цахиурын хөндийд зээлдэгчдийн нүднээс далд, харьцангуй олны анхааралд өртөхөөргүй байршилтай ч гайхалтай нөлөө үзүүлж чадсан юм. Одоогоор тэд “Wells Fargo”, “First Republic Bank” зэрэг томоохон моргейжийн зээлдүүлэгчдээс эхлээд Америкийн 287 банкны дижитал дэд бүтцийг хангаж байна. 2020 онд “Blend” программ хангамж нь моргейжийн болон хэрэглээний зээлийг авахад 1.4 их наяд ам.долларыг зарцуулсан нь өмнөх оныхоос гурав дахин нэмэгдсэн үзүүлэлт байна. Цар тахлын өмнө ажилтнуудынх тоо 425-750 болж өсчээ. “Forbes”-ийн тооцоолсноор “Blend”-ийн орлого өнгөрсөн онд хоёр дахин нэмэгдэж, ойролцоогоор 100 сая ам.доллар болсон байна.
“Blend”-ийн ачаар моргейжийн өргөдөл гаргах, баталгаа хийх, зээл хаах үйл явцад шаардлагатай бичиг баримт, и-мэйл, факс, утасны дуудлага зэрэг хугацаа их зарцуулдаг байсан ажлуудыг дижитал хэлбэрээр хийх боломжтой болсон. “Blend” нь нэг зээл тутамд дунджаар 7.3 хоног, 520 ам.долларыг хэмнэж, сард банкирт 14 орон сууцны зээлийг хаах боломжийг олгодог хэмээн “MarketWise Advisors” тооцоолжээ. “Blend” нь зээлийн оноог хянахаар “CoreLogic”-тэй, банкны дансыг хянахаар “Plaid”, байршлын мэдээллийг шалгахын тулд “Google Maps”-тай хамтарч ажилладаг. Энэ нь банкууд, нөгөө талаас байр худалдан авч буй хүмүүст моргейжийн зээлийг хэдхэн товшилтоор шуурхай хийх боломжийг бүрдүүлж, шинэ орон сууцны зах зээлд маш том давуу талыг үүсгэжээ.
“Blend”-ийн томоохон үйлчлүүлэгчдийн нэг “US Bank Home Mortgage”-ийн ерөнхийлөгч Том Винд, “Өнгөрсөн жил үйлчлүүлэгч бага байсан учраас бидэнд их хүнд байсан. Харин “Blend”-тэй хамтарч ажилласны ачаар илүү олон үйлчлүүлэгчдэд үйлчлэх боломжтой боллоо” гэж мэдэгдсэн. 2020 онд “US Bank”- ны моргейжийн зээлийн орлого 136 хувиар нэмэгджээ.
Нэгдүгээр сард “Blend” нь “Chase Coleman’s Tiger Global”, “Philippe Laffont’s Coatue Management” зэрэг нөлөө бүхий хөрөнгө оруулагчдаас 300 сая ам.доллар босгож, 3.3 тэрбум ам.долларын үнэлгээтэй болсноор, таван сарын хугацаанд өөрийн хөрөнгөө хоёр дахин нэмэгдүүлэв. Зургадугаар сард “Blend” IPO хийх урьдчилсан мэдээг олон нийтэд танилцуулсан. Энэ нь амжилттай хэрэгжвэл (“Blend”, “Tesla”-тай адил урамшуулал бүхий нөхөн олговрын бүтэцтэй болно гэж тооцвол) Гамсаригийн тэрбумтан болох замнал эхэлж магадгүй байна. Хөрөнгө оруулалтын компаниуд “Blend”-ийг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлж байгаа ч Гамсари албан ёсны тайлбар өгөөгүй байна.
Санхүүгийн үйлчилгээг өөрчилж буй хувийн стартапуудыг онцолдог “Forbes” сэтгүүлийн энэ жилийн “Шилдэг 50 Финтек” жагсаалтын онцлох компаниар “Blend” шалгарсан. Энэ жил уг жагсаалтад шинээр хорин компани нэмэгдсэн нь энэ салбарт түрэн орж ирж буй венчур капиталын хөрөнгө оруулалтын амжилт, Covid-19-н нөлөө, “Coinbase”, ‘Opendoor Technologies” зэрэг өнгөрсөн жилийн жагсаалтад багтсан зургаан компани олон нийтэд хувьцаагаа ил болгосны нөлөөг илтгэж байна. “Blend”-ийг оролцуулаад “Шилдэг 50 Финтек” жагсаалтад багтсан дөрвөн финтек зах зээлд хувьцаагаа санал болгохоор төлөвлөжээ.
Маш цөөхөн хүн бусдын амьдралд ийм том нөлөө үзүүлж чадсан байдаг. Дэлхийн II дайн дууссанаас хойш байшинтай болох нь америкчуудын мөрөөдлийн цөм болж, Гамсаригийн гэр бүлийнхэн ч үүнийг л мөрөөддөг байв. 1987 онд түүнийг нэг настай байхад эцэг, эх нь “Michigan”-ны их сургуульд магистраар суралцах зорилгоор Иранаас нүүж, Цинциннати хотод суурьшжээ. Аав нь Цинциннатийн их сургуульд математикийн хичээл, ээж нь “Xavier”-ийн их сургуульд химийн хичээл заадаг байв. Олон жилийн турш байр түрээсэлсний эцэст Гамсаригийн эцэг эх 1998 онд бага хүүтэй орон сууцны зээлд хамрагдсанаар, Цинциннати хотод хоёр давхар байшинг ойролцоогоор 100,000 ам.доллараар худалдаж авчээ. Энэ нь тэдний гэр бүлийн хувьд амжилтын суурь нь байв. Хожим нь тэд сурган хүмүүжүүлэх франчайз компанийн эзэмшигчид болж, гоц ухаантай өсвөр насны хүүгээ багшаар ажиллуулдаг байв.
“Бүтээмж нь сонголт биш, харин хүмүүсийн үйл ажиллагааны зайлшгүй хэрэгцээ болсон өнөөгийн нийгэмд технологи нь нийгмийн шинэ дэг журмыг тодорхойлогч хүч мөн”.
Жак Эллул
Энэ бол сурлагаараа тэргүүлж, ахлах сургуулиа онц дүнтэй төгссөн Гамсаригийн тууштай хөдөлмөрийнх цорын ганц илрэл нь биш байв. Тэрбээр “McDonald’s”, “Starbucks”, “Circuit City”-д ажиллаж, “Dell”-ийн компьютерыг дахин угсарч, код бичихийг өөрөө сурчээ. Стэнфордын санхүүгийн дэмжлэгийн тэтгэлэгт хөтөлбөр нь сургалтын төлбөрөө төлөхөд тусалж байсан ч Гамсари амьжиргааны зардлаа төлөхийн тулд онлайн покер тоглож эхэлсэн байна. Удалгүй тэрбээр хичээлийн бус цагаар өдөр шөнөгүй тоглож, хожсон мөнгө нь зургаан орон тоотой болтлоо өссөн юм. “Энэ бол хөгжиж дэвшихийн төлөө өөрийн эрч хүч, хүчин чармайлтаа гаргаж чадвал үр дүн нь удаан хугацааны турш ашиг шимээ өгөх боломжтой гэдгийг мэдэрсэн миний хөдөлмөрийн анхны амт байсан” гэж тэр өгүүлэв.
8,000 акр талбайтай Стэнфордын кампусыг хурдан тойрч, покер тоглохдоо илүү их цаг гаргахын тулд Гамсари хийн хөдөлгүүртэй гольфийн тэрэг худалдаж авчээ. “Би хийхийг хүсэж буй зүйлдээ зориулж цаг заваа оновчтойгоор зарцуулдаг. Харин хийхийг хүсэхгүй байгаа бүх зүйлээ аль болох үр дүнтэйгээр үгүй болгохыг хичээдэг” хэмээн тайлбарлажээ. (Тэрбээр юу өмсөх талаар бодож цаг алдах дургүй тул Стив Жобсоос жишиг авч, 30 ширхэг ижилхэн хар цамцаа ээлжлэн өмсдөг.) Гоц ухаантай оюутны үнэ цэнэтэй цагийг үл харгалзан кампусын цагдаа Гамсаригийн гольфийн тэргийг хориглов. “Эргээд бодоход гольфийн тэрэгтэй байсан нь үнэхээр хайхрамжгүй хэрэг” гэж тэрбээр хүлээн зөвшөөрчээ. 2008 онд компьютерын шинжлэх ухааны чиглэлээр төгссөн тэрбээр “Ashton Martin” үйлдвэрлэлийн машиныг худалдан авч, “CIA”-ийн хөрөнгө оруулалтаар санхүүждэг “Palantir Technologies” компанид ажилд орсон байна. “Palantir” өөрийн программ хангамжийг Америкийн тухайн үеийн том банкуудад суурилуулах ажилд түүнийг хуваарилсан аж. Олон жилийн настай технологийн дэд бүтэц нь тэдний моргейжийн зээлийн үйлчилгээний талаар тааруухан сэтгэгдлийг үлдээдэг байв. Энд л Гамсари банкуудыг буулган авч, аль эсвэл өөрчлөх асар их боломжтойг олж харсан юм.
“Байгууллагуудын цуглуулдаг мэдээллүүд асар их боловч үүнийгээ үйл ажиллагааныхаа хүрээнд ашиглах ямар ч арга байдаггүй гэдгийг “Palantir” анзаарсан. Тухайн үеийн моргейжийн салбарын бүх мэдээллийг аналог аргаар цуглуулдаг байсан учраас бүгдийг нь бичиг цааснаас хайж олдог байсан.” гэж тэрбээр хэлжээ.
Бусад ажилчдын нэгэн адил Гамсари “Palantir” 2020 онд хувьцаагаа олон нийтэд ил болгох үед хувьцаагаа зарж ашиг олох боломжтой байв. Үүний оронд тэрбээр 2012 онд квант худалдаачин асан Роско Хилл, инженер Евгений Маринелли, тэрбумтан Питер Тилийн ‘Clarium Capital” хеж сангийн ахлах худалдаачин Эрин Коллард нарын хамт үүлэнд суурилсан шинэ технологийг банкуудад нэвтрүүлэх зорилгоор “Blend” компанийг үүсгэн байгуулжээ. Тэд анхандаа Тиэль, Макс Левчин нараас дэмжлэг авдаг байсан бол, одоо өөрийн шинэ финтек “Affirm” компанийн ачаар 1.4 тэрбум ам.долларын үнэлгээтэй болсон байна. Гамсаригийн хамтран амьдрагчид нь гомдол гаргах хүртэл дөрвөн үүсгэн байгуулагчид түүний Сан Франциско дахь давчуу байранд ажиллаж байв. Тиймээс тэд “Mission Bay”-д оффисын зориулалтаар байр түрээсэлж, шөнийн цагаар код бичих үедээ амрахыг хүсвэл ашиглаж болох аяны хөнжлийг шүүгээндээ хадгалдаг байжээ.
Анхандаа, эрс, хурдан өсөлтийг илүүд үздэг венчур хөрөнгө оруулагчид “Blend”-ийн арга барилд эргэлзэж байв. Тогтворгүй банкуудаас санхүүжилт авах нь эргэлзээтэй бөгөөд зарж болох маш олон банкууд байсан.“Венчур капиталистууд бидэнд эргэлзэж байсан. “Энэ нь хэзээ ч бүтэхгүй” эсвэл “тэд үүнийг ашиглахгүй” гэж би хичнээн олон удаа сонссоноо тоолж ч баршгүй” гэж Гамсари дурсав.
Моргейжийн зах зээлийн өөрчлөлт эцэст нь Гамсаригийн талд оржээ. 2008 оны санхүүгийн хямралын дараа эрсдэлийг бууруулахын тулд “Bank of America”, “Wells Fargo” зэрэг томоохон зээлдүүлэгчид гуравдагч талын үйлчлэгчдэд хэдэн зуун тэрбумын моргейжийн зээлийг өгч эхлэв. Эдгээр зээлдэгчдэд асар их шинэ баримт, мэдээллүүдээ хадгалахад тусламж хэрэгтэй болох үед банкнаас илүү технологийн шинэ, залуу мэргэжилтнүүдэд хандахыг илүүд үзжээ. “Blend”-ийн анхны үйлчлүүлэгчдийн эгнээнд улсдаа гуравдугаарт ордог моргейжийн томоохон зээлдэгч “Nationstar Mortgage” (одоогийн ноён Купер) багтдаг байв.
Өрсөлдөгчийнхөө ачаар “Blend” анхны томоохон амжилтдаа хүрчээ. 2015 онд “Quicken Loans”-ийн тэрбумтан Дан Гилберт “Rocket Mortgage”-ийг байгуулснаар моргейжийн зээлийг хаах хугацааг 40 гаруй хоногоос 30 болгон бууруулсан нь “Blend”-ийн үйлчилгээтэй ойролцоо байсан юм. “Банк бүрийн ТУЗ-үүд ‘Бид үүнтэй өрсөлдөхийн тулд шинэ шийдэл олохгүй бол “Rocket”-д үйлчлүүлэгчдээ алдаж магадгүй’ гэдгийг ухаарчээ. “Blend” нь шинэ шийдлүүдийн нэг байсан юм” гэж “Blend”-ийн хөрөнгө оруулагч, “Canapi Ventures”-ийн түнш Жеффрей Рейтман дурсжээ.
2017 оны эхний хагаст “Blend” гаднын санхүүжилтээс ердөө 67 сая ам.доллар авсан байна. “Wells Fargo”, “UB Bank”, моргейжийн зээлийн анхдагч болох “Movement Mortgage” зэргийг үйлчлүүлэгчдийнхээ эгнээнд нэгтгэсний дараа венчур капиталуудыг худалдан авч эхлэв. 2017 оны наймдугаар сард “Blend” нь “Greylock”-оор ахлуулсан “Emergence Capital’, “8VC”, “Lightspeed Venture Partners”, “Nyca Partners” тэргүүтэй компаниудаас 100 сая ам.долларыг хагас тэрбум ам.долларын үнэлгээтэй босгосон байна.
Энэхүү мөнгөөр Гамсари үйлчлүүлэгчдийнхээ эгнээнд хэдэн зуун жижиг банкуудыг нэмж чаджээ. Тэрбээр үйл ажиллагаагаа өргөжүүлж, зээлдэгчдэд баримт бичгийг байршуулах, банкуудад хаалт, өргөдөл гаргах үйл явцыг дижиталаар удирдах боломжийг олгосон байна. 2019 онд “Blend” дахин 130 сая ам.доллар босгож, өдгөө 62 настай “Fannie Mae” компанийн гүйцэтгэх захирал асан Тим Маяопулосыг ерөнхийлөгчөөр томилсноор банкууд болон “GSE” буюу Засгийн Газрын дэмжлэгтэй моргейжийн зээлийн агентлагуудын итгэлийг олж чадсан юм. “Тэр бол оффис дээр надтай ирж уулзсан хар цамцтай зальтай залуу байсан”хэмээн Маяопулос өгүүлэв. “Гэхдээ тэр систем хэрхэн ажиллах ёстой талаар надтай ижил төсөөлөлтэй байгаа нь тодорхой байсан. Бүх зүйл хэрэглэгч, зээлдүүлэгчээс эхлээд зээлийн эрсдэлийн эзэмшигч зэрэг голлох хүмүүстэй хуваалцах боломжтой найдвартай мэдээлэлд суурилсан байх ёстой” хэмээн үргэлжлүүлэн өгүүлэв.
“Blend”-ийн оролцоо моргейжийн зээл, банкаар дуусахгүй. Тэд 2019 он гэхэд байр өмчлөгчийн даатгал, орон сууцны өмч хөрөнгийн болон автомашины зээлд зориулж цаасанд хэмнэлттэй программ хангамжийг нэвтрүүлжээ. Мөн гуравдугаар сард 422 сая ам.долларын даатгалын гэрээ байгуулахаас гадна зээл хаах үйл явцыг эрчимтэйгээр үйлчилгээндээ нэгтгэх, даатгалын хураамж цуглуулах зорилгоор төлбөр тооцооны “Title365” компанийг худалдан авахаар гэрээ байгуулжээ.
Гамсаригийн алсын хараа тийм ч жижиг биш. Тэрбээр программ хангамж нь санхүүгийн систем дэх хэдэн арван тэрбум ам.долларын шаардлагагүй зарлагыг хэмнэх боломжтой гэж үздэг. “10 жилийн дараа гэхэд санхүүжилт дижитал хэлбэрээр идэвхтэй явагдана” гэж хэлэв. Хэрэглэгчид аппликэйшнаараа дамжуулан өөрсдийн хувийн санхүүгийн мэдээлэл дээр үндэслэн “Blend”-ээс зөвлөгөө авах боломжтой. Хэрэв энэ нь амжилттай хэрэгжвэл, “‘Blend’ дэлхийн хамгийн том компаниудын нэг болох болно” гэж тэрбээр нэмж хэллээ.