
Хятадын Шэнжэнь хотод төвтэй автомашин, цэнэг хураагуур үйлдвэрлэлийн “BYD” компанийн цахилгаан машины борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулбал энэ гуравдугаар сард дөрөв дахин нэмэгдсэн буюу 24,218-аас 104,878 болж өсжээ. Тус компанийн 7.7 хувийг буюу 225 сая ам.долларын хувьцааг Америкийн хөрөнгө оруулалтын магнат, тэрбумтан Уоррен Баффетийн “Berkshire Hathaway” компани эзэмшдэг юм.
“BYD” 2021 оны эхний улиралд 54,751 шинэ цахилгаан автомашин борлуулсан бол 2022 оны эхний улиралд энэ тоо 286,329 болж 423 хувийн өсөлт үзүүлснийг тус компаниас мэдэгджээ.
Дэлхийн автомашин хамгийн том зах зээл, мөн дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон болох Хятадад “BYD”-ээс гадна “Alibaba”-ийн эзэмшдэг “XPeng”, “Tencent”-ийн эзэмшдэг “NIO”, түүнчлэн “Li Auto” зэрэг үйлдвэрлэгчид бүгд энэ онд борлуулалтаа огцом өсгөсөн үзүүлэлттэй байна. Гэхдээ “BYD” дотоодын өрсөлдөгчдөөсөө ялгаатай нь утасны сэлбэг, нарны эрчим хүчний технологи гэх мэтээр үйлдвэрлэлээ илүү төрөлжүүлж чадсан бөгөөд Dell, Apple, Xiaomi, Huawei зэрэг брэндүүдэд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг аж.
“BYD” компанийн захирал Ван Чуаньфу “Forbes”-ийн тэрбумтнуудын жагсаалтад одоогийн байдлаар 19.9 тэрбумын хувийн хөрөнгөтэй хэмээн бичигдэж байна.
Эх сурвалж: Forbes