
1999 он хүртэл 400 гаруй жилийн турш Португалийн колони байсан Макао нь тухайн үедээ халуун ногоо, торгоны худалдаачдын цугладаг гол боомт байсан бол өнөө цагт “Азийн Лас Вегас” гэдгээрээ жуулчдыг татах болсон билээ.
Ингээд Макао нь бүхий л цаг үеийн онцлогийг шингээсэн олон соёлын уулзах цэг гэдгийг батлах архитектурын хосгүй бүтээлүүдтэй танилцацгаая.
1. Гэгээн Паулын сүмийн балгас

Италийн нэгэн санваартан хятад дархчууд, шашны хавчлагаас зугтан ирсэн христийн шашинт япончуудаас туслалцаатайгаар 1602-1640 оны хооронд энэхүү сүмийг барьсан гэж үздэг.
Гэгээн Паулын сүм нь баригдсаныхаа дараа Азийн хамгийн том христийн сүмд тооцогдож, тэр ч байтугай “Алс Дорнодын Ватикан” нэрийг хүртээд байсан юм. Харамсалтай нь 1835 онд сүмийн модон суурь нь түймэрт шатсанаар зөвхөн гантиг чулуун нүүрэн тал болон шатны 68 гишгүүр нь л үлджээ.
Өнөө цагт тус сүмийн үлдэгдлээс хятад ханз, Португалийн усан онгоц, Иезуитийн гэгээнтнүүд, үлгэр домгийн амьтад, Хятадын бэлгэдэл цээнэ цэцэг, Японы бэлгэдэл удвал цэцэг зэргийг дүрсэлсэн гайхалтай сийлбэрүүдийг сонирхох боломжтой.
2. “Morpheus” зочид буудал

Шинжлэх ухааны уран зөгнөлт киноны хэсэг мэт нүд баясгам энэхүү байгууламж нь алдарт архитектор Заха Хадидийн нас барахаасаа өмнө урласан сүүлийн бүтээл юм. 40 давхар “Morpheus” зочид буудлын барилгын гаднах төмөр бүтцийг геометрийн тэгш өнцөгт баригдалгүй “шингэн” мэтээр хийсэн нь дэлхийд анхдагч болжээ.
3. Макао цамхаг

338 метр өндөр Макао цамхгийн ажиглалтын цэгээс Макаогийн хойг, Тайпа болон Коулоний арлууд, Сувдан мөрний адгийг бүтнээр нь тольдох боломжтой. Мөн 232 метрийн өндөрт “bungee” үсрэлт хийдэг тавцан байдаг тул адал явдалд дурлагсад хамгийн түрүүнд уг цамхгийг зорьдог байна.
4. А-Ма хийд

Макаогийн хамгийн эртний бөгөөд хамгийн алдартайд тооцогдох А-Ма хийд нь Португалчууд ирэхээс өмнө нутгийнхны дээдэлдэг гол ариун дагшин газар байв. Мин улсын үед буюу 1488 онд баригдсан тус хийд тухайн үедээ загасчдын бяцхан тосгоны дунд оршдог байжээ.
Үүнээс хойш 500 жилийн хугацаанд хийдийн эргэн тойрон маш ихээр өөрчлөгдсөн ч өнөө үед хүмүүс залбирал үйлдэх, бясалгахад тохиромжтой амгалан тайван газруудын нэг хэвээр үлджээ.
5. Grand Lisboa зочид буудал

Бразил бүжигчин бүсгүйн багт наадмын хувцсаа чимдэг өднөөс санаа аван тус барилгын загварыг гаргажээ. 260 метр өндөртэй, гадны фасадыг нь 24 каратын алтаар бүрсэн энэхүү барилга Макаод хамгийн түрүүнд таны нүдэнд тусах болно.
6. “Parisian Macao” зочид буудал дахь Эйфелийн цамхаг

Парисын нэрийн хуудас болсон цамхгийг хоёр дахин жижигрүүлж дууриалган бүтээсэн тус цамхгаас шөнө болгон 6600 лед гэрэл асч Макаогийн гудамжинд өнгө нэмдэг. Оройны 6:15 цагаас шөнө дунд хүртэл 15 минут тутам болдог тус гэрлийн үзүүлбэр нь “Parisian Macao” зочид буудлын үйлчлүүлэгчдэд үнэгүй, харин бусад хүмүүст 12.50 ам.долларын тасалбартай аж.
7. MGM Cotai

Тансаг зэрэглэлийн амралтын ресорт, мөрийтэй тоглоомын газрыг багтаасан тус барилга нь алт, мөнгө, хүрлийн өнгөтэй найман чингэлэгийг давхарлан байрлуулсан мэт харагддаг.
3.4 тэрбум ам.долларын хөрөнгөөр боссон тус байгууламжийн хамгийн сонирхол татдаг хэсэг нь теннисний 30 талбайтай тэнцэхүйц хэмжээтэй “The Spectacle” задгай танхим юм. Дэлхийн өнцөг булан бүрийн соёлыг илтгэсэн үзмэрүүд, байгалийн мэт цэцэрлэг, дижитал урлагийн арвин цуглуулгыг “The Spectacle”-аас үзэх боломжтой.
8. Хонконг-Жухай-Макаогийн гүүр

20 тэрбум ам.долларын хөрөнгөөр есөн жилийн турш баригдсан энэхүү гүүр 2018 онд ашиглалтанд орсноор далай дээгүүрх дэлхийн хамгийн урт гүүр гэж тооцогдох болжээ. 55 км урттай энэхүү аварга байгууламж нь Хонконгийг Макао болон эх газрын Хятадын Жухай хоттой холбодог. Үүгээр зогсохгүй тус гүүрний 6.5 км урт хэсэг нь далай доогуур гардаг туннель хэлбэртэй байдаг.
9. Мавруудын хуаран

“Avenida de Almeida Ribero” өргөн чөлөөн дэ Европ архитектуртай барилгууд дунд Араб, готик хэв маягийг хослуулсан “Мавруудын хуаран” үнэхээр ялгарч харагддаг. 1905 оноос хойш Макаогийн боомтын захиргаа байрлаж байсан уг барилгыг 1874 онд тус бүс нутгийг хамгаалахаар илгээгдсэн Энэтхэг цэргүүдийг байрлуулах зорилгоор барьжээ.
10. Макаогийн шинжлэх ухааны төв

65500 м² талбайтай тус цогцолборын загварыг алдарт архитектор Ио Мин Пей өөрийн хоёр хүүгийн хамтаар гаргажээ. Барилгын конус хэлбэртэй хэсэгт үзэсгэлэнгийн танхим, ромб хэсэгт конвеншн төв, харин бөмбөрцөг дотор нь одон орны судлалын төв байрладаг.
Эх сурвалж: Forbes