
Өмнөд Солонгосын тэрбумтан Чэ Тэ Воны эзэмшдэг SK группын хөрөнгө оруулалтын компани “SK Square” хагас дамжуулагч үйлдвэрлэлийн салбарт 2 их наяд вон (1.6 тэрбум ам.доллар)-ийн хөрөнгө оруулахаар болжээ.
Сүүлийн гурван жил дэлхий даяар чипний эрэлт өндөр хэвээр байгаагаас гадна АНУ, Япон зэрэг улсуудын хагас дамжуулагчийн зах зээл улам өргөжиж байгаа учраас энэ шийдвэрийг гаргаснаа тус компанийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Тэгвэл энэ долоо хоногт “Sk Square”-ийн гүйцэтгэх захирал Пак Жун Хо Британийн чип үйлдвэрлэлийн тэргүүлэгч “Arm” компанийн хувьцааг Японы “SoftBank”-аас худалдан авахын тулд стратегийн хөрөнгө оруулагчидтай консорциум байгуулахаар зөвшилцөж байгаа талаараа мэдэгдсэн аж.
2016 онд Японы технологийн магнат “SoftBank” групп “Arm” компанийг 32 тэрбум ам.доллараар худалдан авсан билээ. Харин өнгөрөгч хоёрдугаар сард энэ салбарын өөр нэг хүчирхэг компани “Nvidia” мөн “Arm”-ыг худалдаж авах санал тавьсан ч санхүүгийн зохицуулагчид монополь үүсэхээс сэргийлж байсан тул тэдний төлөвлөгөө амжилтгүй болсон юм.
Эх сурвалж: Forbes