
Уолл-Стритийн домогт хөрөнгө оруулагч Карл Айкан долоо дахь жилдээ олон тэрбум ам.доллар алдаж байгаа ч зах зээл түүний хувьцааг сонирхсоор байна.
2013 оны аравдугаар сард Карл Айкан “Netflix”-д эзэмшдэг хувьцаагаа худалдаж эхлэхэд олон хүмүүс тэрбумтан хөрөнгө оруулагчийг хийж заншсан аргаа л хийж байна гэж бодож байв. DVD түрээслэх үйлчилгээнээс видео стриминг рүү амжилттай шилжсэн тус компани Айканд ердөө 14 сарын дотор 457 хувийн ашиг хүртээжээ.
Айканы хүү Бретт эцгээсээ хувьцаагаа худалдахгүй байхыг гуйсан ч Айкан 2015 онд “Netflix”-ийн бүх хувьцаагаа худалдаж дуусгахдаа хоёр тэрбум ам.долларын ашигтай үлджээ. Гэхдээ үүнээс хойш хувьцааны ханш арав дахин нэмэгдсэн ба хэрэв Айкан хувьцаагаа хадгалж байсан бол түүний ашиг 19 тэрбум ам.долларт хүрэх байв.
Айканы “Netflix” дэх алдаа санамсаргүй ганц тохиолдол биш. Өнгөрсөн жил АНУ-ын хөрөнгийн зах зээлийн өгөөж цар тахлын үеэр 18 хувийн өсөлттэй байхад Айканы хеж сан 14 хувиар буурсан юм. Тэрчлэн 2019 онд 15 хувиар буурч байв. Үнэндээ агуу трейдер сүүлийн долоон жилийн хугацаанд хийсэн арилжаанаасаа таван тэрбум гаруй ам.доллар алджээ. Түүний хожигдол Уолл-Стритийн томоохон өөрчлөлтийг илтгэнэ. “Amazon”, “Tesla”, “GameStop”, “Bitcoin”-ийн эрин үед өсөлт, хөдөлгөх хүч, хөрөнгө оруулагчийн сэтгэл зүй амжилтын түлхүүр болжээ. Гэхдээ 85 настай Айкан үндсэн зарчмаасаа хазайгаагүй. Уолл- Стритэд үлдсэн сүүлчийн ахмад тоглогчдын нэг тэрбээр “засаж сэлбэх” шаардлагатай хөрөнгө, бэлэн мөнгөөр баялаг компаниудад одоо ч гэсэн дуртай хэвээр байна. “Би үнэ цэнийг эрхэмлэдэг. Үнэ цэнэ нь далд, ТУЗ нь давуу талаа ашиглаж чаддаггүй компанийг өөдрөгөөр таамаглах нь хамгийн зөв загвар. Энэ нь эрсдэлтэй шагнал зарчмын хамгийн шилдэг арга боловч маш их тэвчээр шаардагддаг” гэж тэрбээр Флорида дахь шинэ оффисоосоо өгүүлэв.
Уолл-Стрит одоо ч түүнд итгэл өгсөөр байна. Айканы хамгийн өндөр ач холбогдолтой хөрөнгө буюу түүний хеж санг санхүүжүүлж, газрын тосны “CVR Energy”, автомашины сэлбэг хэрэгслийн худалдаа эрхлэгч “Pep Boys” зэрэг компаниудыг эзэмшдэг, “Nasdaq”-д бүртгэлтэй “Icahn Enterprises”-ийн хувьцааны ханш сүүлийн 12 сарын хугацаанд 20 хувиар өсөж, 60 орчим ам.долларт хүрчээ. “Icahn Enterprises”- ийн цэвэр актив 2013 оны эцсээр 9.1 тэрбум ам.доллараас 3.5 тэрбум ам.доллар болж буурчээ. Үүний зэрэгцээ, Айкан ихэвчлэн ногдол ашгаа хувьцаа хэлбэрээр авч, хувьцааныхаа тоог хоёр дахин нэмэгдүүлсэн аж.
Айканы “Icahn Enterprises”-д эзэмшдэг 92 хувь 15.8 тэрбум ам.долларын нийт хөрөнгийнх нь дийлэнхийг бүрдүүлдэг. Хэрэв “Forbes” түүний хөрөнгийг “Icahn Enterprises”-ийн зах зээлийн үнэлгээгээр бус цэвэр активын дүнгээр үнэлсэн бол 6 тэрбум ам.доллараар хэмжигдэх байв. Тодруулбал, “Icahn Enterprises”-ийн хувьцааны өгөөжийг сүүлийн 20 жилийн хугацаагаар харвал “S&P 500” индексээс 6 дахин их байна.
Тэрбээр сүүлийн таван жилийн хугацаанд зөвхөн богино позицийн аргаар л гэхэд долоон тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. “Би эрчим хүчний салбарын хувьцаанд хэт төвлөрсөн. Тэдгээр нь дэндүү хямд, менежмент муутай байсан учир үй олноор хуримтлуулсан. Шүдээ зууж байгаад гарч ирэх хэрэгтэй” хэмээн Айкан Бруклинд төрж, ажилчин ангийн Куинс хороололд өссөн гэдгийг нь эргэлзээгүй илтгэх аялгаар өгүүлэв.
Айкан мөн “Icahn Enterprises”-ийн цэвэр активын үнэ цэнэ компанийн хөрөнгийн бодит үнэ цэнийг бууруулж байна гэж үзлээ. “Icahn Automotive Group”-ийн жишээг харъя. Айкан ижил төстэй бизнес эрхэлдэг, ойролцоо тооны дэлгүүртэй “Mavis Tire Express”-ийг худалдаж авах болсон тухай яриа гадуур тархаж байгааг онцлов. “Mavis” 6 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байгаа нь “Icahn Enterprises”-ийн баланст бүртгэгдсэн “Icahn Automotive”-ийн үнээс дөрөв дахин өндөр тоо юм. АНУ-ын газрын тосны үнэ цар тахлын үеэр тэгээс доогуур үнэлгээтэй байсан бол саяхнаас нэг баррель нь 60 ам.доллар болж нэмэгдсэн тул “Occidental Petroleum” гэх мэт томоохон эрчим хүчний хөрөнгө оруулалтууд ирээдүйтэй болж эхэллээ.
Хоёрдугаар сард Айкан Охайо мужийн “FirstEnergy” компанийн томоохон дүнтэй хувьцааг (ТУЗ-ийн хоёр суудал) худалдан авчээ. Түүний өөр нэгэн шинэ худалдан авалт бол хараазүй, контакт линзний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Bausch & Lomb” компанийг эзэмшдэг, Канадын эмнэлгийн хэрэгсэл, эмийн үйлдвэр “Bausch Health” юм. “Bausch” 2013 онд нэрээ өөрчилж “Valeant Pharmaceuticals” болсноос хойш үйл ажиллагаагаа жигдрүүлсээр буй. Харин Айкан тус компанийг хоёр салгахыг хүсэж байна. “‘Bausch Health’, ‘FirstEnergy’-ийн удирдах зөвлөлд багтдаг учир өөрчлөлт хийхэд нь оролцох боломжтой” гэж тэрбээр тайлбарлав.
Айкан Америкийн Засгийн газрыг хэт их зардал гаргадаг хэмээн болгоомжилдог боловч энэ зах зээлд боломж байна гэж үзэж байна. “Бид өмнө нь хэзээ ч тулгарч байгаагүй цаг үед амьдарч байна. Төсвийн асар их алдагдал хүлээж, үр ашиггүй зарцуулалт хийснийхээ шанг бид ирээдүйд хүртэх болно. Гэхдээ тэр цаг үе хараахан ирээгүй байна. Би хөрөнгө оруулалт хийж байгаа цагт өөдрөг аргаар тоглох болно” гэж тэр хэлэв.
“ӨӨРИЙН ЗӨВ ГЭЖ БОДСОН ҮЕД ТЭСВЭР ХАТУУЖИЛТАЙ БАЙЛГАСАН БУРХАНДАА ТАЛАРХЪЯ.”
Жон Адамс
Натан Варди