
Ажлын байрны соёл гэдэг нь бизнесийн амжилтын эхлэх цэгийг, эсвэл авьяас чадварыг шавхдаг таагүй орчныг ч үүсгэх боломжтой маш чухал зүйл билээ. Шилдэг боловсон хүчнээ гадаад руу алдаж буй асуудалд шийдэл хайж буй байгууллагууд ажилтнуудынхаа авьяас чадварыг тодотгосон бүтээмжтэй ажлын байрны соёл бий болгох нь нэн чухал юм.
Ажлын байрны соёлыг бий болгох нь:
Харвардын бизнесийн судалгааны нэгэн өгүүлэл дээр, “Ажлын байрны соёл яг л салхи шиг. Нүдэнд үзэгдэхгүй ч үр нөлөө нь харагдаж бас мэдрэгддэг. Салхины чигээр алхахад тухтай, салхи сөрж алхахад хэцүү байдагтай ижил.” хэмээн бичсэн байжээ.
Функциональ бус ажлын орчин нь өртөг ихтэй, цаг авч, хүч шавхдаг. АНУ-ын Хүний Нөөцийн Менежментийн нийгэмлэгээс гаргасан судалгаагаар ажлын байрны таагүй орчин тус улсын ажил олгогчдод таван жилийн хугацаанд 223 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллах шалтгаан болжээ.
Менежерүүдийн 94 хувь нь эерэг ажлын орчин хүчирхэг багийг бий болгоно гэдэгтэй санал нийлсэн бол удирдах албан тушаалтнуудын 97 хувь нь өөрсдийн гаргаж буй үйлдэл ажлын орчинд шууд нөлөөлдөгтэй санал нийлсэн байна.
Ажлын байрны соёлыг бүрдүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлс нь:
1. Өөриймсөг хандлага
2. Хувь нэмэр
3. Уян хатан чанар
4. Эрх тэгш байдал
5. Өсөн дэвжих сэтгэлгээ.

1.Өөриймсөг хандлага
Ажилтнууд өөрийгөө байгууллагын салшгүй нэгэн хэсэг мөн гэсэн мэдрэмж авч чаддаг бол бизнесийн үр ашиг түүнийг дагаад нэмэгддэг болохыг судалгаар баталжээ. “BetterUp” компанийн 2019 онд хийсэн судалгаагаар энэхүү хандлага нь ажлын бүтээмжийг 56 хувиар нэмэгдүүлж, тогтвор суурьшилгүй байдлыг 50 хувь багасгаж, ажилтны чөлөө авах өдрүүдийг 75 хувиар мөн бууруулж байгаа нь харагджээ. 10 мянган ажилтантай компанид дээрх үзүүлэлтүүд нь 52 сая гаруй ам.долларын хэмнэлт гаргах аж.
2.Хувь нэмэр
Хувь нэмрээ оруулах нь ажилтанд тодорхой зорилготой ажиллаж буй сэтгэгдлийг төрүүлдэг. Байгууллагын эрхэм зорилго, алсын хараа, бизнесийн амжилтад хувь нэмрээ бодитоор оруулах бололцоо нь тус байгууллагын ажилтнууд тухайн ажилдаа ирэх, ажилдаа үлдэх гол шалтгаан болдог.
3.Уян хатан чанар
Ажлын байрны уян хатан чанар нь зөвхөн хаана, хэзээ ажлаа хийх тухай бус хэрхэн хийх эсэхтэй салшгүй холбоотой зүйл. Хэрэв менежерүүд багийн бүх гишүүдийг өөрийн “мини хувилбар” болгохыг хичээдэг бол тухайн ажлын байр уян хатан бус байна гэсэн үг.
Менежер ажилтныхаа хийсэн зүйлийг өөрчлөөд эцсийн байдлаар менежер бүгдийг нь хийсэн юм шиг харагдуулах, эсвэл хүн бүр үр бүтээлтэй ажиллах ижил хэв маягтай биш гэдгийг үл харгалзан хуваарь, арга барил гаргаж түүний дагуу ажиллахыг шаардах зэрэг нь үүний гол жишээ юм.
4.Эрх тэгш байдал
Компани ажилтнуудаа бүрдүүлэхдээ хүн бүрт ялгалгүй боломж олгож, эрх тэгш, шударга хандах хэрэгтэй. Харамсалтай нь хэлэх амархан, хийхэд хэцүү гэгчээр өөрөө ч мэдэлгүй хэн нэгэнд давуу эрх олгож харьцах тохиолдол элбэг байдаг.
5.Өсөн дэвжих сэтгэлгээ
Ажлаасаа тогтмол суралцах нь тэдний оруулах хувь нэмрийг улам нэмнэ гэсэн хандлагаар бүх ажилтанд урам зориг өгөх нь өөриймсөг сэтгэлгээг бий болгох хамгийн үр дүнтэй арга юм.
Үүний зэрэгцээ ажилтнууд хоорондоо мэдлэг, туршлага, чадвараа хуваалцах боломжийг олгох нь зүйтэй. Өсөн дэвжих сэтгэлгээ нь харилцан солилцоон дээр бэхжихийн хажуугаар олон төрлийн үзэл бодол, арга барил хөгжих нөхцлийг бүрдүүлнэ.
Эх сурвалж: Forbes