
Сүүлийн таван сарын хугацаанд олон нийтийн арга хэмжээнд оролцоогүй байсан ИБУИНВУ-ы Хатан хаан II Элизабет өнгөрөгч мягмар гарагт өөрийн нөхөр, Эдинбургийн гүн хунтайж Филиппийн гэгээн дурсгалыг хүндэтгэх ёслолд хүрэлцэн иржээ.
99 насандаа таалал төгссөн хунтайж Филиппийн хүндэтгэлийн ёслолд хааны удмын гэр бүлийн гишүүд, Европ даяар суурьшсан Британийн хааны удмынхан, олны танил эрхмүүд, буяны байгууллагын олон зуун төлөөлөл оролцохоор Вестминстерийн сүмд цугласан байна.Лондон хотын алдарт Вестминстерийн сүмд Хатан хаан II Элизабет хаан ширээнд өргөмжлөгдөж, мөн гүн Филипптэй хуримлаж байв.
Британийн хаан ширээг залгамжлах хамгийн ойрын удмынхан болох хунтайж Чарльз, Уильям, Жорж, гүнж Шарлотт нараас гадна Испани, Нидерланд, Дани, Шведийн хааны удмын төлөөлөл тус ёслолын онцлох зочид байжээ.
Эх сурвалж: Forbes