Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Инновац

UBCab-ын өсөлтийн төлөвлөгөө

by Bat-Ochir
10 months ago
Reading Time: 2 mins read
UBCab-ын өсөлтийн төлөвлөгөө
Share on FacebookShare on Twitter
“UBCab” компанийн үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр

Дэлхий даяар такси үйлчилгээ эрхэлдэг хүмүүсийн нийт орлого ойролцоогоор 110 тэрбум орчим ам.доллараар хэмжигдэж байна. Харин “Uber” шиг такси үйлчилгээ үзүүлдэг компаниуд дээрх орлогын 20 орчим хувийг шимтгэл болгон авдаг. Энэ салбарт тэргүүлэгч “Uber” 2010 онд Сан-Францискод анхны аяллаа хийж байсан бол өдгөө дэлхийн 80 гаруй орны 500 гаруй хотод үйл ажиллагаагаа явуулж, жилийн дундаж орлого нь 10 гаруй тэрбум ам.доллар байна. Тэд такси үйлчилгээнээс гадна ресторан, хоол, хүнсний хүргэлт, цахим унадаг дугуй, нийтийн тээврийн үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа тэлж, 22,000 гаруй ажилтантай технологийн томоохон компани болжээ. Uber-ийн гол зах зээл нь Америк бөгөөд дэлхий даяар “Uber” шиг олон платформ үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа тэлсээр байна.

Гэвч тахлын үед олон улсын зах зээлд такси үйлчилгээний эрэлт буурч, харин хүргэлтийн үйлчилгээний хандалт нэмэгдсэн. Ирэх жилүүдэд ч ачаа тээвэр, логистик нь эрчимтэй хөгжиж буй салбар хэвээр байхаар байна. “Uber” тэргүүтэй такси үйлчилгээний компаниудын үндсэн бизнес сүүлийн жилүүдэд алдагдалтай ажиллахад хүрсэн. Өсөлт буурч буй гол шалтгаанаа тэд улс орон бүр өөрийн такси платформтой болж буйтай холбон тайлбарлах нь элбэг.

Харин “Uber Freight”-ийн орлого 2021 оны эхний улиралд 51 хувиар өсөж, 301 сая ам.долларт хүрсэн нь нийлүүлэлт, унаа үйлчилгээний дараа орох том эх үүсвэр болсон гэж “Uber” тавдугаар сард мэдээлж байв. Монголын “Uber” гэгдэх “UBCab” ч саяхан “UBCab Express” буюу ачаа тээвэр, хүргэлтийн үйлчилгээгээ зах зээлд нийлүүлсэн. Үүгээр Shoppy.mn аппликейшны барааг хүргэхээс гадна, бусад аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хүргэлтийг хийж буй. 4,000 хүргэлтийн ажилтантай гэдэг нь тэдний хамгийн том давуу тал хэмээн үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр хэлэв.

RELATED STORIES

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022
Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

28/06/2022

Мөн түгжрэлийг даван туулах, тулгарч буй асуудлыг шийдэхийн тулд “UBCab Express” үйлчилгээгээрээ дамжуулан тус компани дрон хүргэлтийн үйлчилгээг есдүгээр сараас хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Сүхбаатарын талбайгаас Зайсан чиглэлд хүргэлт хийхэд автомашинаар явах дундаж хугацаа нь 40 минут байдаг бол дроноор хүргэхэд энэ нь 5-8 дахин багасах боломжтой аж. Тэд эхний ээлжид ном, жижиг хэмжээтэй бичиг баримт хүргэхээр төлөвлөж байгаа бөгөөд Улаанбаатарт 10 шуудангийн блок үүсгэн тухайн дэд бүтцийнхээ хооронд хүргэлт хийх аж. “Бизнесүүд тахлын үед ажиллах хувилбараа гаргахгүй л бол хэзээ хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна. Тиймээс хүргэлтийн асуудлаа шийдэх нь нэн тэргүүний асуудал болсон. Өнөөдөр жижиг компани, хувь хүмүүс хувийн машинаараа өөрсдөө хүргэлт хийгээд болж байгаа ч ирээдүйд хүссэн хүсээгүй тогтсон компанид хүргэлтээ даатгах нь бизнесийн өсөлтөө дэмжих зөв алхам болно гэдгийг ойлгоно” хэмээн Н.Отгонбаяр өгүүлэв.

“Нэг сая гаруй иргэнтэй нийслэлд 1,000 автобус л үйлчилдэг. Нийтийн тээврийн үйлчилгээ, дэд бүтцийн хөгжил маш муу учраас таксигүй бол сүйрнэ”.

Монгол Улсын хувьд хөгжлөөрөө бусад орноос хоцорч байгаа нь нэг талаас бидний давуу тал болж байна. Учир нь манайхаас арай түрүүлж алхаж байгаа улс, компанийн туршлагаас бид 5 жилийн дараах ирээдүйгээ харах боломжтой байна. Тиймээс бид олон улсад амжилттай ажиллаж байгаа “Uber”, “Didi Chuxing” зэрэг платформуудын жишиг, туршлагаар үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа” гэж Н.Отгонбаяр хэлэв. Олон улсын зах зээлд такси үйлчилгээгээрээ тэргүүлдэг платформ хоол хүргэлтийн үйлчилгээгээр мөн манлайлдаг олон улсын туршлага бий. Иймээс “UBCab” ирэх сараас аппликейшн дээрээ хоол хүргэлтийн шинэ сувгийг нээхээр зэхэж байна. “Бидний хэдхэн жилийн өмнө ярьж байсан дижитал шилжилт бодит болчихлоо. Одоо бид бүх зүйлийг хүргэлтээр авах боломжтой болсон. Бид энэ онд ажилтны тоогоо 10,000 болгохоор зорьж байгаа. Учир нь манай бүх жолооч ажилтай байх хэмжээний хүргэлтийн захиалга ойрын жилүүдэд үүсэх нь тодорхой байна” хэмээн Н.Отгонбаяр хэлэв.

“Анх такси үйлчилгээний аппликейшн хөгжүүлээд хүмүүс хэрэглэх эсэхэд би яг үнэндээ эргэлзэж байсан. Учир нь тухайн үед хүмүүсийн зан төлөв өөр байсан. Харин одоо бол би итгэлтэй байна. Улаанбаатар нийтийн тээврийн үйлчилгээ, дэд бүтцийн хөгжил маш муу хот учраас таксигүй бол сүйрнэ” гэж “UBCab” аппликейшныг үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр хэлж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад тогтоосон дөрвөн удаагийн хатуу хөл хорионы үеэр өдөрт ирэх дуудлагын хэмжээ нь эрс нэмэгдэж, хамгийн ихдээ 100,000 орчимд хүржээ. Улаанбаатар хотод хувиараа таксинд явдаг 40,000 орчим хүн байна гэсэн судалгаа бий. Гэхдээ Улаанбаатар хотод 40,000 такси хэрэггүй бөгөөд 10,000 байхад нийслэлийн иргэдийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой хэмээн харж буйгаа Н.Отгонбаяр хэллээ.

Нэг сая гаруй иргэнтэй нийслэлд 1,000 автобус л үйлчилдэг бөгөөд нийтийн тээврийн үйлчилгээ муу, автобусны чиглэл бага газруудад “UBCab”-ын дуудлага хамгийн их ирдэг гэхээр түүний дүгнэлт хол зөрөхгүй. 7 жилийн өмнө үүсгэн байгуулагдах үед “UBCab”-ын анхны хөрөнгө оруулалтыг “Shoppy.mn”, “Mezorn Technology”, “Cody” зэрэг 20 гаруй компанийн технологи хөгжүүлэлтийг хийсэн “Intelmind” компанийн үүсгэн байгуулагчид хийж байв. Энэ тухай Н.Отгонбаяр “Тухайн үед стартап стартапдаа хөрөнгө оруулж болдог юм уу гэж хүмүүс гайхаж байсан. Гэвч бид анхнаасаа хөрөнгө оруулалт гэхээс илүү хамтын ажиллагаа гэж харж байсан. Дотоодын цахим худалдааны салбарт тэргүүлэгч “Shoppy” платформын үйл ажиллагааг дагаад хүргэлтийн маш олон машин хэрэг болно. Өөрөөр хэлбэл, манай 4,000 жолооч одоо хийж байгаа үйлчилгээнийхээ хажуугаар хүргэлтийн үйлчилгээний нэг товчлуур нээгээд явахад маш их хэмжээний хүргэлтийг хэмнэлттэйгээр зохион байгуулах боломжтой гэж харж байсан. Энэ алсын хараагаар бид нэгдсэн” хэмээв.

Цар тахлын улмаас олон хот дэд бүтцээ эргэн харж, автомашины зогсоолыг цэцэрлэгт хүрээлэн болгож, явган болон дугуйтай зорчигчдод илүү их зай гаргахад хүрсэн. Үндсэндээ тахал бидэнд автомашинд биш хүмүүст зориулан бүтээсэн хот, замын хөдөлгөөн бага, цэвэр агаартай хот ямар чухал гэдгийг эргэн сануулсан. 2020 оны дөрөвдүгээр сарын эхээр буюу дэлхийн хүн амын гуравны хоёр нь хөл хорионд орсон үед нүүрстөрөгчийн ялгаруулалт өнгөрсөн оныхоос 17 хувиар буурсан байна. Гэхдээ удахгүй нүүрстөрөгчийн ялгаруулалт буцаад “хэвийн” байдалдаа орно. Дэлхийн хамгийн том такси үйлчилгээний компанийн хувьд “Uber” Америк, Канад, Европын орнууд дахь олон зуун мянган жолоочоо 2025 он гэхэд цахилгаан хөдөлгүүрт автомашинд шилжихэд нь туслах зорилгоор 800 сая гаруй ам.долларын нөөцийг зарцуулж, 2040 он гэхэд бүрэн цахилгаан автомашин хэрэглэх зорилт тавиад буйгаа мэдэгдсэн. Улаанбаатар хотын хувьд ч агаарын бохирдол, замын түгжрэл нь асуудал дагуулсан хэвээр байгаа. “UBCab”-ын хүртээмжтэй, чанартай такси үйлчилгээ нь эргээд нийслэлийн замын түгжрэлийн асуудлыг шийдэхэд бодитой дэмжлэг болно гэж тэд харж байна.

“Манай жолооч нар гараа өргөөд зогсож байгаа хүнийг хэзээ ч авдаггүй. Энэ нь өөрөө эргээд эдийн засагт оруулах бидний хувь нэмэр гэж боддог. Учир нь гараа өргөсөн нэг хүнийг авахын тулд такси гуравдугаар эгнээнээс нэгдүгээр эгнээ рүү орох хэрэгтэй болдог. Ганц жолоочийн энэ үйлдлээс шалтгаалан замын хөдөлгөөн удааширч, түгжрэл үүсдэг. Нөгөө талд бид такси үйлчилгээний орчин үеийн соёлыг хотод түгээж байгаагаараа маш олон хүнийг автомашин авахгүй байлгаж чадаж байна. Автомашин авахаар төлөвлөж байсан олон хүн больсон тухайгаа хэлж байна. Зарим нь машинаа зарж байна. Өөрөөр хэлбэл, зогсоолын төлбөр, даатгал, агаарын бохирдол зэрэг учирч болох олон эрсдэлээс зайлсхийж эдийн засгаа хэмнэх нэг арга нь гэж хэлж болно. Машин бол өдрөөс өдөрт үнэ нь унадаг хөрөнгө, нөгөө талд машины лизингэд жилд дунджаар 30 хувийн хүү төлдөг. Энэ бүгд үргүй зардал гэдгийг хүмүүс ойлгож эхэлж байна” хэмээн өгүүлэх тэрбээр Улаанбаатар нийтийн тээвэр, такси үйлчилгээгээ хүртээмжтэй болгосноор замын түгжрэлээс эхлээд олон асуудлаа шийдэх боломжтой гэж үзэж буйгаа илэрхийллээ.

“Өнөөдөр манайд ирж байгаа 20,000-30,000 дуудлагыг зохион байгуулахад магадгүй 200-300 оператор хэрэгтэй. Гэхдээ бид нэг ч операторгүйгээр 4,000 хүнийг 300,000 хүнтэй холбож байна. Энэ нь нэг талаас бид зардлаа багасгаж байгаа хэлбэр боловч цаана нь ажлын байр үгүй болж байна. Гэвч бид хөгжлөө л дагана, жолоочгүй такси үйлчилгээ ирээдүйд энгийн үзэгдэл болно. Бид ч тухайн цаг хугацаанд нь хөгжүүлэлтээ хийгээд л явна” хэмээн Н.Отгонбаяр өгүүлэв. Монголын томоохон групп компаниуд 3,000-4,000 ажилтантай гэдэг бол “UBCab” гэдэг ганцхан аппликейшны ард 4,000 жолооч хөдөлмөр эрхэлж, цалин орлогоо бүрдүүлэн ажиллаж байна. “UBCab”-д орсноор таксины жолоочийн орлого 2 дахин нэмэгддэг бөгөөд өдрийн орлого 100-120 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг аж.

“Биднээс арай түрүүлж алхаж байгаа улс, компанийн туршлагаас бид 5 жилийн дараах ирээдүйгээ харах боломжтой. Тиймээс олон улсад амжилттай ажиллаж байгаа “Uber”, “Didi Chuxing” зэрэг платформын жишиг, туршлагаар үйл ажиллагаагаа чиглүүлж байна”.

Энэ бол “UBCab” аппликейшнаар дамжин цуглаж буй датад үндэслэн гаргасан үзүүлэлт. Тухайн жолоочийн нэг өдрийн орлогынх нь 10 хувийг “UBCab” компани шимтгэлд авдаг. Харин “Uber”-ийн хувьд энэ үзүүлэлт 20-25 хувь байдаг. 

Компанийн хувьд хоёр талын хэрэглэгчийг хооронд нь холбодог. Жолооч, үйлчлүүлэгч хоёулаа манай хэрэглэгч. Нөгөө талд бидний том зорилт үндэсний хэмжээний аппликейшн болох юм. Энэ утгаараа ойрын хугацаанд IPO хийхээр зорьж байна” хэмээн Н.Отгонбаяр өгүүлэв. Олон улсад IPO хийсэн компаниудаас такси үйлчилгээний “Uber” 82.4 тэрбум ам.доллар татан төвлөрүүлснээрээ Alibaba, Facebook компанийн дараа буюу гуравдугаарт эрэмбэлэгддэг. Саяхан Хятадын “Uber” гэгддэг “Didi” IPO хийн 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг татсанаар компанийн үнэлгээгээ 67 тэрбум ам.долларт хүргэсэн. “UBCab” 2021 онд багтан 21 аймагт салбараа нээхээр төлөвлөж, одоогийн байдлаар Ховд, Эрдэнэт, Дархан, Дундговь аймагт үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Ингэснээр 21 аймаг хоорондын зорчигч болон ачаа тээврийн цоо шинэ шийдлийг гаргах боломжтой гэж Н.Отгонбаяр тооцоолж буй.

Түүний төлөвлөж буйгаар 2 сарын дараа гэхэд та Эрдэнэт явахын тулд, магадгүй аль нэг аймаг руу ачаа өгч явуулахын тулд заавал авто вокзал ордгоо болих аж. “UBCab”-ын жолооч нар таны байгаа газарт очиж аваад, хүргэж өгнө. Эсвэл дайсан ачаагаа та хаана явж байгааг нь аппликейшн дээрээсээ хараад гэртээ сууж байх боломжтой болох нь. “UBCab”-ын бизнесийн хөгжүүлэлт өдгөө компани өөрсдөө машинтай болох хувилбар руу шилжиж байна. “Машингүй ч такси үйлчилгээнд явах сонирхолтой олон жолооч байна. Тиймээс бид “UBCab Lease” үйлчилгээг нэвтрүүлж, зах зээлийн үнээс харьцангуй бага буюу 1.5 хувийн хүүтэйгээр жолооч нарт автомашины зээл олгох ажлыг эхлүүлээд байна” гэлээ. Энэ ажлын хүрээнд 2021 онд 300 орчим машин зээлээр өгөхөөр төлөвлөж байгаа аж. Орлогынхоо дийлэнхийг технологийн хөгжүүлэлтэд зарцуулдаг тус компанийн хувьд энэ жил төлбөр тооцооны хөгжүүлэлтийн хэсэгтээ голлон хөрөнгө оруулсан байна. Ингэснээр тун удахгүй “UBCab” хэрэглэгч виртуал данстай болох аж. Н.Отгонбаяр “Бид 10,000 жолоочтой болсон үедээ ч менежментийн багаа нэмэхгүй. Яг одоогийн бүтцээрээ ажиллах боломжтой. Манай хөрөнгө оруулалтууд бүгд технологио сайжруулахад чиглэж байна. Т өлбөрийн асуудлаа технологийн тусламжтай хялбаршуулсан тохиолдолд “UBCab Eats”, “UBCab Express” үйлчилгээг амжилттай хэрэгжүүлэхэд ямар ч асуудалгүй” гэв. 

А.ПҮРЭВЖАРГАЛ

Bat-Ochir

Related Posts

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх
Инновац

Гадаад хэлийг дэлхийг сүлжсэн бизнес болгосон Duolingo-ийн түүх

29/06/2022
Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй
Инновац

Их хэмжээний дата ашиглан гайхамшигт эм бүтээж буй эмэгтэй

28/06/2022
Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр
Лидерүүд

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

28/06/2022
Өөрчлөлтөд суурилсан тэлэлт
Инновац

Өөрчлөлтөд суурилсан тэлэлт

24/06/2022
Цасыг алт болгон хувиргагч
Лидерүүд

Цасыг алт болгон хувиргагч

22/06/2022
Томоор зураглагч
Лидерүүд

Томоор зураглагч

17/06/2022
Эрүүл мэндийн зах зээлийн ганцаарчилсан тоглогч
Лидерүүд

Эрүүл мэндийн зах зээлийн ганцаарчилсан тоглогч

16/06/2022
Хүний биологийн насыг тодорхойлж өгдөг стартапууд хүчээ авч байна
Инновац

Хүний биологийн насыг тодорхойлж өгдөг стартапууд хүчээ авч байна

15/06/2022
Судалгаанд суурилан, мэдрэмжээр удирдана
Лидерүүд

Судалгаанд суурилан, мэдрэмжээр удирдана

13/06/2022
“Хүчирхэг ирээдүйг бүтээлцэнэ”
Лидерүүд

“Хүчирхэг ирээдүйг бүтээлцэнэ”

06/06/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist