
Одоогоос нэг сарын өмнө Орос Украины дайн эхэлснээс хойш Украины 7.5 сая хүүхдийн 4.3 сая нь буюу талаас илүү хувь нь орон гэрээ орхин дүрвэхэд хүрсэн байна.
Хоёрдугаар сарын 24-ээс хойш 3.8 сая гаруй Украин иргэд, тэр дундаа 1.8 сая хүүхэд тус улстай хиллэдэг Польш, Румын, Молдав зэрэг улс руу дайны аюул, хүчирхийллээс зугтан дүрвэсэн болохыг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газраас мэдэгджээ.
Дэлхийн 2-р дайнаас хойш ийм богино хугацааны дотор маш олон хүүхэд дүрвэсэн явдал гарч байгаагүйг НҮБ-ын хүүхдийн сангийн гүйцэтгэх захирал Кэтерин Рассел онцолсон байна.

Дайн эхэлснээс хойш 93 хүүхэд амиа алдаж, 120 хүүхэд шархаджээ
Хүн ам шигүү суурьшсан бүс нутгууд дайны хөлд хамгийн ихээр өртөж байгаатай зэрэгцэн хүүхдүүдийн орон гэр, эмнэлэг, сургууль, асрамжийн газрууд мөн халдлагад өртөж байна.
ДЭМБ-аас тус улсын эрүүл мэндийн байгууллагууд дөрвөн долоо хоногийн хугацаанд 52 удаа халдлагад өртсөнийг мэдээлсэн бол мөн хугацаанд 500 гаруй боловсролын байгууллагын барилга сүйтгэгдсэн болохыг Украины боловсрол шинжлэх ухааны сайд мэдээлжээ.

НҮБ-ын хүүхдийн сангаас хүүхдийн эмнэлэг, төрөх тасгуудыг тоног төхөөрөмжөөр яаралтай хангахаар ажиллаж байна
Украин улсад НҮБ-ын хүүхдийн сангийн 140 албан хаагч бүхий бүрэлдэхүүн ажиллаж байна. Украины засгийн газартай хамтран ажиллаж буй НҮБ-ын агентлагууд болон НҮБ-ын хүүхдийн сан тус улс дахь эмнэлгүүдийг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр яаралтай хангах ажлыг гүйцэтгэж байгаа төдийгүй гэмтэж бэртсэн хүүхдүүдийг асарч, эмнэлгийн үүдний танхимд хүүхдүүдийг эх барьж авч байгаа ажээ.

Бүх зүйлээ орхин дүрвэсэн гэр бүлүүдэд яаралтай тусламж үзүүлэх “Цэнхэр цэг” төвүүд ажиллаж байна
Дайны уршгаар улсаасаа дүрвэсэн эх, хүүхдүүдэд зориулан НҮБ-ын хүүхдийн сангаас яаралтай тусламж, хэрэгцээт мэдээллийн нэг цэгийн үйлчилгээ авах боломжтой “Цэнхэр цэг” дүрвэгсдэд туслах төвийн сүлжээг бий болгожээ.
Дүрвэгсдийн гол зам дагуу байршилтай “Цэнхэр цэг” төвүүдэд эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаас гадна хоргодох сууц, унаа тээвэр, хүүхэд тоглох аюулгүй орчны талаар мэдээлэл, сэтгэл зүйн дэмжлэг зөвлөгөө зэрэг нэн чухал үйлчилгээнүүдийг авах боломжтой аж.

Дайны хажуугаар хүүхэд худалдаалах гэмт хэрэг нэмэгдэх эрсдэлтэй байна
2-р сарын 24-нээс 3-р сарын 17-ны хооронд асран хамгаалагчгүй 500 гаруй хүүхэд Украинаас Румын улсын хил давсныг илрүүлжээ.
Украины дайнаас шалтгаалсан шилжилт хөдөлгөөн, дүрвэгсдийн урсгалд нь хүн худалдаалах гэмт хэрэг болон хүүхэд асран хамгаалах хүнгүй болох асуудлыг улам нэмэгдүүлэх нөхцөл болж буйг 3-р сарын 19-нд НҮБ-ын хүүхдийн сангийн Европ, Төв Азийн бүс нутгийг хариуцсан захирал Афшан Хан анхааруулсан байна.
Эх сурвалж: Forbes