
Дэлхий даяар хүмүүс нэг жилд 10 тэрбум килограм кофе хэрэглэдэг бол түүнээс хэд дахин илүү хэмжээний шаар хаягдал болон гардаг байна.
Тэрхүү хаягдлыг аяга, даавуу, хэвлэлийн хор, био түлш зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн болгон дахин боловсруулах оролдлого хийгдсээр иржээ. Гэвч кофены шаар нь шингэн агуулдаг учир дахин ашиглахын тулд зардал ихтэй, нүүрстөрөгчийн хий ихээр ялгаруулдаг хатаах технологи шаардагддаг аж.
Тэгвэл Японы Шизүока хотын эрдэмтэн, “SOI” компанийн гүйцэтгэх захирал Тэцүжи Ишигаки кофены шаарыг байгальд хор хөнөөлгүйгээр дахин боловсруулах аргыг олжээ.
Ишигаки Японы уламжлалт шар буурцагны цуу, сакэ зэргийг исгэхэд хэрэглэдэг кожи хэмээх ашиг тустай хөгцийг ашиглан туршилт хийжээ.

Тэрбээр кафегаас авсан кофены шаар дээр цэвэр ус нэмж, кожигоор исгэн ферментжүүлээд зуурмаг гарган авсан байна. Дараа нь зуурмагийг хатууруулахын тулд какаоны тос нэмж, эцэст нь ариутгал хийж боловсруулан “COLEHA” нэртэй амттанг үйлдвэрлэжээ.
Ишигакигийн дурдсанаар 1 кг кофены шаарыг ашиглан 115 ширхэг амттан үйлдвэрлэх боломжтой гэнэ. “COLEHA” амттан сахарын агууламжаасаа хамааран гурван төрлөөр үйлдвэрлэгдэж буй бөгөөд ширхэг нь 800 иен буюу 7 орчим долларын үнээр зарагдаж байгаа аж.
Эх сурвалж: Forbes