
Дуучин Рианна бол хувийн брэндингийн хатан хаан гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэрээр олон төрлийн бизнесийг авч явах ажлын ёс зүй, ур чадварынхаа ачаар 1.7 тэрбум ам.долларын хувийн хөрөнгө босгосон бөгөөд өдгөө Опра Уинфригийн дараа бичигдэх хамгийн чинээлэг эмэгтэй уран бүтээлч болжээ.
“Umbrella,” “Diamonds,” “Shut Up and Drive,” “Don’t Stop the Music” зэрэг дуунуудаараа нэгэнт дэлхийд алдаршсан тэрээр сүүлийн жилүүдэд поп соёл, хувцас загвар, гоо сайхны салбарт тэргүүлэхээр хүч үзэж байна.
Тиймдээ ч Рианнагийн “Fenty Beauty,” “Lingerie Savage x Fenty” зэрэг брэндүүд хөгжмөөс өөр салбар дахь түүний амжилтыг бататгаж байгаа юм.
Ингээд түүний хувийн брэндингээс суралцах гурван гол хүчин зүйлийг хүргэж байна.
1.Бүх хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн гаргах

Рианна болон түүний хамт олны брэндингийн гол онцлогуудын нэг нь бүтээгдэхүүнээ хүн бүрт зориулан өргөжүүлэх явдал байлаа. Түүний хувцасны брэнд бүх төрлийн галбиртай хүмүүст зориулсан хэмжээтэй, нүүр будалтын брэнд нь олон төрлийн арьсны өнгөнд зориулан бүтээгдсэн учир ялангуяа бараан өнгөтэй нүүрний крем хэрэглэдэг эмэгтэйчүүдийн талархлыг хүлээсэн билээ.
Рианна “Fenty Beauty” брэндийнхээ нээлтэн дээрээ “Хар арьстай, эсвэл цайвар арьстай, түүний завсрын өнгийн арьстай охидод зориулагдсан бүтээгдэхүүн заавал байх хэрэгтэй гэж бодсон. Зөвхөн түүнд сайхан зохих юм байна гэсэн мэдрэмж авалгүйгээр хүн бүр үүнийг таашаан хэрэглээсэй гэж хүссэн” хэмээжээ.
“Fenty Beauty”-ийн коллекцийн бараан өнгийн кремнүүд нүд ирмэхийн зуур зарагдсан нь өнөө үед бүтээгдэхүүн илүү олон төрлийн үйлчлүүлэгчдэд зориулсан байх тусмаа илүү их зарагдахын баталгаа болжээ.
2. Зөвхөн тухайн хэрэглэгчид зориулан бүтээсэн мэт мэдрэмж өгөх

Рианнагийн брэндингийн өөр нэг онцлог нь зөвхөн тухайн хэрэглэгчид зориулан бүтээсэн мэт санагдуулахаас гадна Рианнагийн амьдрал, хэв маягийг ч мөн шингээсэн мэт байдаг аж.
“Өсвөр насандаа би миссийн тэмцээнд ороход нүүрийг минь ээж будаж өгч байлаа. Ээж нүүрэн дээр крем түрхэх мөчид би ямар харагдаж байсныг би хэзээ ч мартахгүй. Надад үнэхээр таалагдаж байсан. Миний арьс яг л компьютероор янзалсан мэт харагдаж байж билээ.” хэмээн гоо сайхны брэндийнхээ нээлтэн дээрээ өгсөн ярилцлагадаа дурдсан байна.
“Миний нүүр будалт яг арьс шиг л харагдаасай гэж хүсдэг. Ээж маань Барбадосын их дэлгүүрт гоо сайхны бүтээгдэхүүний лангуу ажиллуулж, хуримын нүүр будалт хийдэг байсан юм. Тэр үеэс л би гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэй усанд дурлаж эхэлсэн ч онцгой тохиолдол л биш бол ээж намайг нүүрээ будахыг зөвшөөрдөггүй байлаа.” гэжээ. Рианнагийн илэн далангуй нээлттэй байдал нь түүнийг хувь хүний талаас нь таньж мэдэхэд хялбар, ойр дотно санагдуулахын зэрэгцээ бүтээгдэхүүн нь хүн бүхэнд илүү хүртээмжтэй болдог байна.
3.Шинэ бизнестээ шүтэн бишрэгчдээ татан оруулах

Хэдий Рианна уран бүтээлээ туурвиж, улаан хивсэн дээгүүр алхаж, карьераа энэ хэвээр үргэлжлүүлж болох байсан ч оронд нь өөрийн алдар нэрээ хөшүүрэг болгон өөр салбарт хүч үзэх замыг сонгожээ.
Рианна Инстаграм дээр 125 сая, твиттер дээр 105 сая дагагчтай. Түүний шүтэн бишрэгчид өөрсдийгөө “Rihanna Navy” хэмээн нэрлэдэг. Энэ олон дагагчдаа тэрбээр өөрийн брэндийн үнэнч хэрэглэгчид болгож чаджээ.
Эх сурвалж: Forbes