
Далайн эрэг дээрх Стокхольм хот нь түүх соёлын дурсгалаар дүүрэн учир Скандинав, Хойд Европын орнуудаар аялж буй хүмүүсийн амралтын өдрүүдээ өнгөрүүлэх төгс газар болдог. Ялангуяа олон жижиг арал дээрх өөр хоорондоо ялгаатай дүүргүүдээс тус хот бүрддэг тул үзэж харах, сонирхол татах зүйлс нь барагдахгүй. Тийм учраас аяллын төлөвлөгөөндөө аль хэсгийг нь оруулах, юуг хасах эсэхийг шийдэхэд ихэнх аялагчдад асуудал тулгардаг.
Ингээд “Forbes” сэтгүүлээс энэхүү хотоор зочлохдоо заавал хийж үзэх зүйлсийн жагсаалтыг гаргасныг хүргэж байна.
- Дундад зууны түүхт Гамла Станы гудамжаар алхах

Эртний арлын хотоос үлдсэн үзэсгэлэнт Гамла Стан нь Стокхольмийн зүрхэн хэсэгт оршдог. Хоёр захынх нь хооронд километр ч хүрэхгүй зайтай Гамла Станд хийх зүйл мундахгүй олон бий.
Тус хорооллын жинхэнэ уур амьсгалыг мэдрэе гэвэл нарийн гудамжуудаар нь яаралгүй алхаарай. Ялангуяа ердөө метр гаруй өргөнтэй, Стокхольмын хамгийн нарийхан гудамж болох Mårten Trotzigs Gränd-аар гарахыг зөвлөж байна.
Эсвэл та гэрэл зурагчдын мөрөөдөл гэгддэг өнгө алагласан уран барилгуудтай “Storget”-ийн талбайд зочилж, “Chokladkoppen” кафегаас халуун шоколад авч уунгаа эргэн тойрныг ажиглаж болох юм.
2.“Газар доорх уран зургийн галерей” Стокхольмын метрогоор зорчих

Стокхольм хотын ихэнх хэсэгт алхаад хүрчих боломжтой ч метрогоор нь нэг удаа зорчоод үзэхэд та харамсахгүй. Учир нь Стокхольмийн метроны сүлжээ нь урлагийн галерейн үүргийг давхар гүйцэтгэдэг.
Гүн цэнхэр өнгөөр хараа булаах “T-Centralen” буудал, гоёмсог хөшөө болон ханын зургаар дүүрэн “Kungsträdgården” гэх мэтээр тус хотын ихэнх метроны буудлуудыг төрөл бүрийн урлагийн бүтээлээр чимсэн байх аж.
3. Стокхольмийн арлууд дээр тайвшралыг мэдрэх

Зах хязгааргүй ой мод, мянга мянган нуур, үзэсгэлэнт далайн эрэг нь Швед улсыг адал явдалд дурлагсдын гол очих газар болгодог. Гэхдээ та завинд суугаад л Стокхольм хотын бум бужигнасан гудамжуудаас төдийлөн холдолгүйгээр байгалийг сайхныг мэдрэх боломжтой.
Хот руу эргэн орохоосоо өмнө дугуй, эсвэл каяак завь түрээслээд амтат загасаараа нутагтаа алдартай “Wikström’s Fisk” ресторанд зоог барьж болно.
Мөн кафе, бэлэг дурсгалын дэлгүүрээр дүүрэн гудамжуудтай эртний Ваксхольм нь хоттой ойрхон, машин эсвэл гаталга онгоцоор очиж болдог учир цаг давчуу хүмүүст санал болгоход тохиромжтой.
4. ABBA хамтлагийнхантай тайзан дээр гарах

Шведийн алдарт ABBA хамтлагийн Стокхольм дахь музейгээр зочилж хамтлагийн гишүүдийн холограмтай хамт тайзан дээр зогсох мэдрэмжийг аваарай.
Тус хамтлагийн шүтэн бишрэгчдийн заавал очих ёстой газруудын нэг болох энэхүү музей нь таны дурсамжийг сэдрээх зүйлсээр дүүрэн. Гэхдээ тус музейг үзэхийн тулд заавал урьдчилж захиалга өгөх шаардлагатай байдаг.
5. Живсэн “Васа” хөлөг онгоцны үлдэгдлийг сонирхох

“Васа” байлдааны хөлөг онгоц анхны аялалдаа гарахын өмнө Шведийн ард иргэдийн бахархал нь байв. Хоёрдугаар Густав Адольф хааны сүлдийг залсан тус хөлөг 1628 оны зуны нэгэн өдөр эргээс ердөө 1300 метр холдоод живэхдээ 30 хүний амийг авч одсон юм.
Тухайн үедээ ичгэвтэр бүтэлгүйтэлд тооцогдож байсан ч одоо Васа хөлөг нь тус улсын жуулчдыг татах хамгийн гол үзмэрүүдийн нэг болсон билээ. 1960 онд археологичид Васа-г далайгаас татаж гаргатал итгэмээргүй зүйл тохиолдож, хөлгийн 95 хувь нь бүрэн бүтнээрээ үлдсэн байжээ..
Ийнхүү тус хөлгийг тойруулан барьсан барилга нь өнөөгийн Васа Музей болсон бөгөөд бүтэлгүйтэл, амжилт хосолсон 17-р зууны тэрхүү түүхийг харуулах гайхалтай дурсгал болон үлджээ.
Эх сурвалж: Forbes