
Оросын тэрбумтан Роман Абрамович Украин болон ОХУ-ын хоорондох эхэн үеийн энхийн яриа хэлэлцээрт зуучлагчаар оролцож байсныг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.
Түүнчлэн Украины Ерөнхийлөгч Валадимир Зеленский Оростой хийх яриа хэлэлцээрт Абрамович чухал үүрэгтэй гэж үзсэн учраас түүний эсрэг хориг тавихгүй байхыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденаас хүссэн нь өчигдөр буюу пүрэв гарагт ил болсон юм.
Украины дайн эхлээд удаагүй байхад тэрбээр Москва, Киев хоорондын хэлэлцээрийн эхний шатыг зохицуулсан нь үнэн боловч одоо тохиролцоонд хүрэх эрх мэдэл зөвхөн сөргөлдөгч хоёр талд л үлдсэн болохыг Песков нэмж дурдсан байна.
Батлагдаагүй эх сурвалжаас “Ройтерс” агентлагт ирсэн мэдээллээс үзвэл Абрамович энэ сарын эхээр Орос-Украины энхийн хэлэлцээрийг зуучлахад туслалцаа хүсэхээр Германы канцлер асан Герхард Шродерт хандсан аж.
Нийт хөрөнгийн хэмжээ нь 7.3 тэрбум ам.доллараар тоологдох Роман Абрамовичийг Кремлийн идэвхтэй дэмжигч, олон жилийн турш Путинтай ойр байсан хүн хэмээн Британийн засгийн газраас тодорхойлсон юм.
Эх сурвалж: Forbes