
Орос Украины дайн эхэлснээс хойш нэмэгдсээр буй үнийн өсөлтийг даван туулахад иргэддээ туслах зорилгоор Франц улс дундаж болон бага орлоготой өрхүүдэд хүнсний талон буюу эрхийн бичиг тараах шийдвэр гаргахаар хэлэлцэж буйг тус улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон мягмар гарагт өгсөн радио ярилцлагадаа дурджээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшээд буй Макрон “Бид удахгүй дэлхий дахиныг хамарсан хүнсний хямралтай нүүр тулна” хэмээн хэлснийг CNN мэдээлжээ.
Түүнчлэн Украины дайнаас шалтгаалан газар тариалан эрхлэгчид ажлаа үргэлжлүүлж чадахгүйд хүрснээр иргэд өлсгөлөнд нэрвэгдэж болзошгүйг Франц улсын Гадаад хэргийн сайд Жан-Ив Лө Дриан анхаарууллаа.
Энэ сард Украин улс хөх тариа, овьёос зэрэг зарим газар тариалангийн бүтээгдэхүүний экспортод хориг тавьсны зэрэгцээ худалдаачдыг үр тариа, эрдэнэ шиш зэрэг бүтээгдэхүүнийг экспортлохдоо зөвшөөрөл авсан байхыг шаардаж буй аж.
Гэхдээ Оросын түрэмгийлэл эхлэхээс ч өмнө инфляц болон нийлүүлэлтийн гинжин хэлхээний тасралтаас үүдэн хүнсний үнэ өсөлттэй байжээ. Хоёрдугаар сард НҮБ-аас гаргасан хүнсний үнийн индекс энэ жил бүх цаг үеийн хамгийн дээд хэмжээндээ хүрээд байв.
Эх сурвалж: Forbes