
Хоол, орчин болон үйлчилгээгээрээ бусдаас ялгарч, Улаанбаатарын шилдэг 10 зоогийн газрын жагсаалтад тогтмол багтдаг “Route 22”, “Zoma” гэх хоёр ч рестораныг өөрийн мэдлэг болон мэдрэмжээр амжилтад хүргэсэн, “Route catering” компанийн үүсгэн байгуулагч Н.Болормаа цаашид эрүүл хооллолтын бизнес болон хоолны үйлчилгээний салбарт хүний нөөц бэлтгэх сургалтын систем хөгжүүлэхийг зорьж байна.
Арлын Их Британид “London School of Economics” сургуулийг олон улсын харилцаа, эдийн засгийн чиглэлээр дүүргэсэн Н.Болормаа олон орны хоолыг амтлах, харьцуулан судлах дуртай “foodie” бөгөөд Япон орны зоогт хамгийн дуртай ажээ. Тиймдээ ч эх орондоо эргэн ирсний дараа ресторануудын хоолны сонголт хязгаарлагдмал, цэсээ шинэчилдэггүйд сэтгэл дундуур явдаг байж. Тав орчим жил банк санхүү, эрчим хүчний салбарт ажиллаад, амаржсаны дараах амралтаа авах үеэрээ зориглон, 2016 онд “Shangri-La” худалдааны төвийн дөрөвдүгээр давхарт “Food Park” хоолны газрыг байгуулан, анхны бизнесээ эхлүүлж байв.
Хоол хүний анхдагч хэрэгцээ учир байршил болон үйлчилгээ сайн ресторан аяндаа эрэлттэй, эргэлттэй байдаг бизнес боловч өрсөлдөөн тэр чинээгээр өндөр байдаг. Мөн нэг л мэдэхэд салбарынхан бие биеэ дуурайж, ижил хоолны цэс, орчинтой болох нь элбэг аж. Өрсөлдөөнөөс ялгарах үндсэн хүчин зүйл нь хоол, орчин, цэс мөн боловч Н.Болормаагийн хувьд үйлчилгээ болон үнэт зүйлээ тодорхойлж, хэрэгжүүлж чадвал жам ёсоороо хүмүүст танигддаг гэж үздэг гэлээ.
Тэрбээр таван жилийн хугацаанд ресторан, кофе шоп зэрэг өөр хоорондоо ялгаатай концепц бүхий таван бизнес эхлүүлснээс одоогийн байдлаар гурав нь үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Европ хоол болон виногоор үйлчилдэг “Route 22” зоогийн газар, залууст чиглэсэн байгаль орчинд ээлтэй, олон чиглэлт үйл ажиллагаа явуулдаг “Zoma” ресторан болон амьдралын хэв маягийг хэвшүүлэх эрүүл хооллолтын кафе “Greeno” бүгд түүний хувьд хүүхдээс нь өөрцгүй. Мөн тэд НҮБ-ын итгэмжит хоол хүнсний хангамжийн үйлчилгээ үзүүлэгчээр гурав дахь жилдээ ажиллаж байна. Тус компанийн нийт орлогын 15 орчим хувийг кейтеринг үйлчилгээ бүрдүүлдэг аж. Үүнээс гадна таван төрлийн итали дарс оруулж ирдэг бөгөөд цаашдаа үүнийгээ бизнес болгон хөгжүүлэх төлөвлөгөөтэй. Дарсны соёл өөрөө маш гайхалтай бөгөөд хүн хэтрүүлэн хэрэглэж, хэрэг төвөг тарих нь ховор тул монголчуудыг архи бус дарс хэрэглэж сураасай хэмээн хүсэж, энэ соёлыг түгээхийг эрмэлзэж байгаа гэлээ.

2019 онд тэрбээр “Zoma” ресторанаа байгуулсан ба байршлын хувьд “Route 22”-той ойр байсан тул хоорондоо ялгарч, зах зээлээ хуваах шаардлага үүссэн тул 30-аас доош насны залууст түлхүү чиглэсэн концепц барьсан байна. Залуус нийгэм, хүрээлэн орчны асуудлуудад маш их анхаардаг болсон тул рестораны тавилга, заслын дийлэнхийг дахин ашиглаж, байгаль орчинд ээлтэй байдлаар бүтээхийг эрмэлзжээ. Мөн өглөө цай, кофегоор үйлчилдэг кафе, өдөр хамтын оффис маягаар ажиллах орон зай, орой коктейль бар болж хувирах, мөн зай талбайгаа дэлгүүрийн зорилгоор ч ашиглахыг хичээх зэргээр рестораны өнцөг булан бүр хэрэгцээтэй “multifunctional” зохион байгуулалттай юм.
Олон орны хоолны холимог меню нь залуусын дуртай соус, бяслагтай хоол ахиу багтаасан бөгөөд залуусын нийгмийн оролцоог дэмжин кампанит болон урамшуулалт ажлууд зохион байгуулдаг. Тэд Улаанчулуутын хогийн цэг орчим амьдарч буй хүүхдүүдэд чиглэн ажилладаг “Veloo” сантай хамтарч, орлогын тодорхой хувийг хандивладаг бөгөөд сонгуулийн үеэр залуусыг идэвхжүүлэх урамшуулал санал болгодог.
“Хийж байгаа хоолноосоо гадна “Бид хэн бэ?” гэдгээрээ ялгарахыг хичээдэг. Зөвхөн амттай хоол, үйлчилгээнээс гадна бидний үйл ажиллагаанаас болж байгаль орчин, нийгэмд сөрөг нөлөө үүссэн бол түүнийг бууруулахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Бидний бусдаас ялгарах үнэт зүйл энэ юм” гэж Н.Болормаа өгүүлэв.
Жил ирэх тусам монголчууд олон орноор аялж, тэр хэрээр хоолны мэдлэг нэмэгдэж, зөв шаардлага ч тавьж сурчээ. Цаг хугацаан аясаар хүмүүсийн амтлах мэдрэмж, хоолны сонголтын төрөл нэмэгдэж, тэр хэмжээгээр хоолны соёл хөгжих нь тодорхой. Гэхдээ санал болгож буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэд таниулж, “боловсруулахад” зоогийн газрууд тодорхой хэмжээний үүрэг хүлээдэг гэж тэр мөн үзэж байна.
“Рестораны хаалгаар орж ирэхдээ ямар хоол захиалахаа мэдэж байдаг хүн тийм ч олон биш. Харин ихэнх үйлчлүүлэгч зөөгчийн санал болгосон хоолыг уриалгахан захиалдаг бөгөөд шинэ зүйл туршиж үзэхэд нээлттэй байдаг”.
Н.Болормаа өдгөө “Route Catering” компанийнхаа гүйцэтгэх захирлын албан тушаалыг уналт, ололтын бүх үед хамт байсан, хамтран зүтгэгч Д.Батжаргалд хүлээлгэн өгөөд удаагүй байна. Бүр анхнаасаа “employee-owned” компани байгуулахаар зорьж байсан төлөвлөгөөнийх нь дагуу одоо компанийн 40 орчим хувийг менежментийн баг эзэмшиж байгаа бөгөөд цаашид энэ тоог 60 хувь болгох аж. Үүнийхээ бэлтгэлийг базаан, тэрбээр сүүлийн хоёр жилд аль болох рестораны өдөр тутмын ажиллагаанд оролцохоо багасгаж, систем боловсруулах, хүний нөөцийн бодлогод түлхүү анхааран ажиллах болсон байна. Үүсгэн байгуулснаас хойш таван жилийн хугацаанд өндгөө дарсан шувуу мэт арчлан босгосон бизнес, хамт олон нь нэгэнт арга барилаа олж, ажлаа мэддэг болсон төдийгүй, хангалттай туршлагатай болсон тул түүнтэй түүнгүй цаашид тогтвортой хөгжих чадвартай болж, өөрөөр хэлбэл, өдөлж гүйцээд үүрээ орхин нисэхэд бэлэн боллоо гэж тэр үзжээ.
“Энэ олон жил надад итгэл үзүүлээд, хамтран ажилласан менежментийн багийн гишүүд өөрсдийн үнэ цэнээ оруулсан бизнесийн үр шимийг хүртэх эрхтэй шүү дээ. Зөвхөн өөрийгөө бодсон хүн хаа хол хүрэх билээ? Манай бизнесийн үндсэн системд итгэл даасан, тогтвортой, чадвартай гар нийлсэн баг бүрдсэн тул миний шаардлага байхгүй болсон. Залуу байгаа дээрээ өөр шинэ зүйл туршиж үзэх хүсэл ч мөн төрж байна” гэж Н.Болормаа хэлээд инээмсэглэлээ.

Зоогийн газрын бизнес нь аж ахуйн ажил ихтэй, өдөр тутам 90-ээс дээш хувийн гүйцэтгэл, байнгын борлуулалт хийж байж амжилтад хүрдэг салбар. Ажилтнууд солигдож байсан ч ширээн дээр тавьсан аяганы байрлал, цэс дээрх хоолны амт өөрчлөгдөхгүй нэгэн хэвээр тогтсон стандарт үүсгэн, хэрэгжүүлэх учиртай. Ингэхдээ үйлчлүүлэгчийн санал, шүүмжийг үргэлж хүлээж авч сонсоод, түүнийг заавал хэрэгжүүлэх, эсвэл тодорхой хариу өгдөг. Ер нь санал гомдлоос зугтах аргагүй гэдгээ хүлээн зөвшөөрчихвөл нэг бодлын тун амар байдаг гэж тэр өгүүлэв.
Ковид-19 цар тахлын хөл хорионы хүнд үеийг “Route 22” ресторан үнэнч үйлчлүүлэгчдийнхээ захиалсан хоол, үйлчилгээ, харилцагч байгууллагуудын уян хатан, хүлээцтэй хандлага болон тодорхой хэмжээнд хуримтлуулсан хөрөнгийнхөө ачаар давж, нэг ч ажилтнаа цомхотголгүй авч үлдсэн байна. Шинэ жилээр шарсан цацагт хяруултай зоогийн ширээний багц, бэлэг боож хүргэх үйлчилгээ үзүүлэх зэргээр мөнгөн урсгалаа таслахгүй байх бүхий л аргыг тэд сэджээ. Цар тахлын онцгой байдлын хориг суларч, цагийн хязгаар тавигдсаны дараа үйл ажиллагаа жамаараа сэргэж, бүх өрөө барагдуулаад дууссан аж. “Бид маш завгүй, жил бүр нэгээс хоёр төсөл хэрэгжүүлж, өдөр тутмын үйл ажиллагаандаа хэт төвлөрөөд явж байснаа, бас бүх өндгөө ганцхан сагсанд төвлөрүүлснээ цар тахлын үеэр л ухаарсан. Багахан амсхийсний дараа том зургаа хараад, цаашдын төлөвлөгөөний талаар бодох боломж олдсонд олзуурхдаг. Бизнес эрхлэхэд хувь хүн талаасаа хөгждөг гэдгийг ойлгосон. Боломжгүй гэдэг үг боломжгүй гэсэн үг биш, бизнес эрхлээд, аливаа бэрхшээлүүдтэй нүүр тулах тусам хүн хөгжиж, шийдлийг олж сурдаг юм байна.”
Үүнээс гадна Н.Болормаа сүүлийн үед хувь нийлүүлсэн бизнес болох, эрүүл хоолны “Greeno” кафедаа ихээхэн найдлага тавьж байгаа аж. Завгүй амьдралын хэв маягтай, фитнессээр хичээллэдэг, тэр бүр гэртээ хоол хийх цаггүй, аажмаар жин хасаж, эрүүлжих зорилготой хүмүүст тохиромжтой хор тайлах цэвэр жимсний шүүс болон тухайн өдрийн идэх бүх хоолыг өглөө эрт гэр, ажил дээр нь хүргэн өгдөг хөтөлбөрөө цаашид ч хөгжүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байна.
Рестораны салбарт тулгарч буй нэгэн бэрхшээл нь тогооч, зөөгч бэлтгэдэг албан ёсны төв байхгүй учир ажлын талбарт шууд гарах хүн цөөхөн байдаг. Ажилд авсан хүнээ сургаад бэлэн болгосны дараа өөр байгууллагад алдах нь элбэг. Тиймээс дотоод сургалтын систем хэчнээн чухал гэдгийг мэдэрсэн Н.Болормаа “Veranda” рестораны багтай хамтран үйлчилгээ болон гал тогооны албанд зориулсан сургалтын бааз бэлдэх төсөл эхлүүлээд байгаа аж. Сургалтаа эхлээд жижиг хүрээнд туршиж үзэх ч аажмаар хөгжүүлээд, алсдаа хүртээмжтэй хувилбарт шилжүүлэн, онлайн сургалт болгох зорилготой юм байна. Уг сургалтад хамрагдан бэлтгэгдэж, баталгаажуулах үнэмлэхээ авсан ажилтнууд зөвхөн тус хоёр ресторанаар хязгаарлагдахгүй үйлчилгээний бүх байгууллагад ажиллаж болох бөгөөд энэ шийдэл нь ажил горилогчдын төдийгүй ажилд олгогчийн ч асуудлыг хөнгөвчлөх аж. Гар бие оролцсон бизнес бүрээ амжилтад хүргэдэг Н.Болормаагийн нууц нь мэдрэмж, зарчим хоёрыг тэнцүүхэн хослуулдагт оршдог бололтой.
О.АГИЙМАА
Гэрэл зургийг: С.БАТСАЙХАН