
Дэлхийн нам өндрийн тойрог замд тор хэлбэртэй хиймэл дагуулын сүлжээ байгуулахаар ажиллаж буй “E-Space” стартап компани энэ жил туршилт болгон эхний гурван хиймэл дагуулаа хөөргөх болохоо өнгөрөгч даваа гарагт мэдэгджээ. Уг туршилт амжилттай болж өнгөрвөл тус компани дахин нэг туршилтын хөөргөлт хийгээд хиймэл дагуулуудаа ашиглалтанд оруулж эхлэх аж.
“Бидний хийж байгаа зүйл бол өөр хоорондоо холбогдох боломжтой системийн бүтээн байгуулалт юм” хэмээн тус компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Грег Вайлер тайлбарлажээ. Тэрбээр 2007 онд өөрийн “O3B Networks” компанийг удирдан 20 гаруй хиймэл дагуултай сүлжээг бий болгож байсан бол 2012 онд гурван тэрбум гаруй ам.долларын үнэлгээтэй, “SpaceX”-ийн “Starlink” төсөлтэй өрсөлдөхүйц хиймэл дагуулын интернет үйлчилгээний “OneWeb”-ийг үүсгэн байгуулсан туршлагатай аж.
Гэхдээ “E-Space”-ийн хиймэл дагуулын сүлжээ нь зарим талаараа түүний өмнөх төслүүдээс ялгаатай байх гэнэ. Тодруулбал энэ нь төвлөрсөн дамжуулалтгүй P2P буюу “peer-to-peer” тохиргоог ашигласнаар хэрэглэгчид хараат бус, өндөр хамгаалалттай өөрийн гэсэн сүлжээтэй болох боломжтой юм байна. “Хоёр цэгийн хооронд дамжуулдаг болгосноор зөвхөн зардлыг багасгаад зогсохгүй аюулгүй байдлыг илүү сайжруулж байгаа юм” хэмээн Вайлер өгүүлжээ.
Түүнчлэн “E-Space”-ийн хиймэл дагуул нь хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангах дизайнтай бүтээгджээ. Хөөргөсөн хиймэл дагуул тойрог замд байх үедээ бичил хэмжээтэй сансрын хаягдлуудыг “цуглуулах” аж. Хуримтлагдсан хаягдал заасан хэмжээнд хүрэх үед хиймэл дагуул тойрог замаас гарч, агаар мандалд шатахаар програмчлагджээ.
Тус компанийн туршилтын гурван хиймэл дагуулыг 2022 оны хоёрдугаар улиралд Лос-Анжелесийн “Rocket Lab” компани Шинэ Зеландад байрлах өөрийн хөөргөлтийн цэгээс “Electron” пуужингийн тусламжтай хөөргөхөөр төлөвлөжээ. Тойрог замд орсны дараа хиймэл дагуулын дамжуулалтын хүчин чадал, хяналтын систем, маневр хийх чадварыг “E-Space” шалгах аж.