
Хэрэглэгчийн интернет хэрэглээг нууцалж, засгийн газраас хандалтыг нь хязгаарласан вэб сайт руу нэвтрэхэд голчлон ашиглагддаг VPN буюу virtual private networks үйлчилгээг татаж авах хүмүүсийн тоо хойд хөршид нэг өдөрт хагас сая орчмоор нэмэгдэж байгаа тул ОХУ-аас дээрх технологитой холбоотой илэрцүүдийг хасах тухай “Google” компанид шахалт үзүүлж байгаа ажээ.
Энэ нь нэг талаараа Оросын иргэд Украинд хийж буй дайны талаар аливаа хаалт хориггүй мэдээлэл хайж буйг илтгэж байгаа юм.
Энэ сарын хугацаанд Оросын харилцаа холбооны зохицуулах хороо буюу “Роскомнадзор”-ын хүсэлтийн дагуу Google-ийн хайлтаас VPN татаж ашиглах боломжтой 36 мянга гаруй холбоос устгагдаад байгаа нь VPN-ий үйлчилгээ үзүүлэгч “Surfshark” компанийн хийсэн анализаас харагджээ. Ялангуяа Украины дайн эхэлсний хоёр дахь долоо хоногт буюу Кремлиэс “хуурамч мэдээ”-тэй тэмцэх шалтгаанаар Facebook, Twitter, YouTube тэргүүтэй төрөл бүрийн медиа платформыг хаасны дараа хамгийн олон илэрцийг устгуулах хүсэлт гаргажээ.
Гэтэл засгийн газрын энэхүү арга хэмжээтэй зэрэгцэн Оросуудын VPN үйлчилгээний хэрэглээ 3500 хувиар нэмэгджээ.
Үүрэн холбооны аналитикийн “Apptopia” компанийн судалгаанд ч гэсэн ижил үр дүн харагджээ. “Хэрэглэгчийн тоогоор тэргүүлдэг таван VPN аппыг Орост нэг өдөрт 400 мянган хүн татаж суулгаж байна. Apple, Google компаниуд Оросын иргэдийг гадаад ертөнцөөс тусгаарлах ёсгүй. Тэдэнд мэдээлэл хэрэгтэй” хэмээн тус компанийн дэд ерөнхийлөгч Адам Блэкер өгүүлжээ.
Хэдий дэлхийн олон улс орон, тэдгээрийн мянга мянган компаниуд Оросыг эдийн засгийн болон улс төрийн хүрээнд тусгаарлах бодлого явуулж байгаа ч “Google”, “Apple” чухам дээрх шалтгааны улмаас саад тотгорыг үл харгалзан тус улсад үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн хэвээр байгаа билээ.
Эх сурвалж: Forbes