
Жил бүрийн “Academy Awards”-ийн ялагчдаар хэн тодрохыг тааварлах нь хялбар зүйл биш ч тус наадамд хүчтэй өрсөлдөх магадлалтай кинонуудын ерөнхий өнгийг “Writers Guild”, “Producers Guild” зэрэг шагнал гардуулах ёслолуудаас тодорхойлдог гэж болно.
“Оскарын сунгаа” гэгддэг эдгээр ёслолд өрсөлдсөн киноноос “Forbes” сэтгүүл Оскарын наадмын шилдэг уран бүтээлээр тодрох боломжтой 10 киног жагсаажээ. Үүнээс харвал “The Power Of The Dog”, “West Side Story”, “Dune” гэсэн кинонууд Оскарт горилогсдыг өнгөлөхөөр байгаа бол найруулагч Сайан Хедерийн “CODA” мюзикл дээрх ёслолуудад томоохон амжилт үзүүлснээр мөн адил хүчтэй өрсөлдөгчдийн тоонд бичигдэж эхэлжээ.
Belfast: 35 төрөл, 5 шагнал
60-аад оны Хойд Ирланд дахь нэгэн гэр бүлийн түүхийг өгүүлэх найруулагч Кеннет Бранахын энэхүү хагас намтарчилсан уран бүтээл нь энэ жилийн “Алтан бөмбөрцөг” наадмаас шилдэг кино зохиолын шагналыг хүртсэн билээ.
CODA: 16 төрөл, 7 шагнал
Тус уран бүтээл нь энэ жилийн “SAG” ёслолд шилдэг жүжигчдийн бүрэлдэхүүн болон туслах дүрийн шилдэг эрэгтэй жүжигчин төрөлд ялалт байгуулж таамаглаагүй амжилтыг үзүүлсэн юм. Мөн жүжигчин Трой Коцух энэ киногоороо Британийн кино, телевизийн урлагийн академийн (BAFTA) наадмаас шүүмжлэгчдийн нэрэмжит шагналыг хүртжээ.
Don’t Look Up: 21 төрөл, 1 шагнал
Уг бүтээл нь “Writers Guild Awards” ёслолын Шилдэг кино зохиол төрөлд ялалт байгуулжээ.
Drive My Car: 10 төрөл, 6 шагнал
Энэхүү япон кино Нью-Йоркийн болон Лос-Анжелесийн кино шүүмжлэгчдийн зөвлөлийн шагналд тус тус шилдэг уран бүтээлээр тодорсон бол “Алтан бөмбөрцөг” наадамд Олон Улсын шилдэг кино төрөлд ялалт байгуулжээ.
Dune: 49 төрөл, 9 шагнал
Жагсаалтад багтсан кинонуудаас өрсөлдсөн төрлийнхөө тоогоор тэргүүлж буй “Dune” нь Британийн кино, телевизийн урлагийн академийн наадамд хамгийн хүчтэй өрсөлдөгч нь байв. Киног бүтээхэд ашигласан технологийн шийдлүүд нь ихэнх шагналыг авчирчээ.
King Richard: 25 төрөл, 4 шагнал
Уг кинонд Серена Уильямс, Венус Уильямс нарын аавын дүрд тоглосон жүжигчин Уилл Смит “Алтан бөмбөрцөг” болон “SAG” наадмаас шилдэг эрэгтэй жүжигчний шагнал, “BAFTA”-аас шүүмжлэгчдийн нэрэмжит шагналыг хүртсэн юм.
Licorice Pizza: 25 төрөл, 3 шагнал
Найруулагч Пол Томас Андерсон энэхүү бүтээлээрээ “BAFTA” болон Нью-Йоркийн кино шүүмжлэгчдийн зөвлөлийн шагнал гардуулах ёслолд шилдэг кино зохиолын төрлөөр тус тус ялалт байгуулжээ.
Nightmare Alley: 18 төрөл
Жүжигчин Брэдли Күүпер, Кэйт Бланшетт нарын тоглосон энэхүү кино хэдий “Алтан бөмбөрцөг” наадмаас шагнал хүртэж чадаагүй ч Оскарын дөрвөн төрөлд нэр дэвшээд байна.
The Power Of The Dog: 45 төрөл, 16 шагнал
Найруулагч Жэйн Кампионы шуугиан тариад буй энэхүү бүтээл нь 2022 оны кино урлагийн бүхий л шагналуудад үзүүлсэн амжилтаараа тэргүүлж байна.
West Side Story: 35 төрөл, 10 шагнал
Тус кинонд Анитагийн дүрийг бүтээсэн жүжигчин Ариана Дебоз одоогоор хэд хэдэн төрөлд өрсөлдөж ялалт байгуулаад байна. Сонирхуулахад 1961 онд гарсан “West Side Story” киноны анхны хувилбарт түүнтэй ижил дүрийг бүтээсэн Рита Морено Оскарын шагнал хүртэж байжээ.
Эх сурвалж: Forbes