
Өнгөрөгч баасан гарагт Германы хууль тогтоогчид олонхийн саналаар тус улс дахь цар тахлын ихэнх хязгаарлалтыг цуцлахаар болжээ. Тус улсад энэ долоо хоногт бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо цар тахал эхэлснээс хойш хамгийн дээд хэмжээндээ хүрээд байгааг үл харгалзан гаргасан энэхүү шийдвэрийг албаны хүмүүс “хүнд нөхцөлд буулт хийсэн явдал” гэж тодорхойлж байна.
ХБНГУ-ын хууль тогтоох дээд байгууллага Бундестагийн гишүүд цар тахлын эсрэг хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг 388-277 (хоёр түдгэлзсэн) гэсэн саналын харьцаагаар баталжээ.
Шинэ удирдамжийн дагуу сургууль, ресторан, дэлгүүрт амны хаалт заавал зүүх шаардлагагүй болсон бол харин эмнэлэг, сувиллын газар, нийтийн тээвэрт уг дүрэм хүчинтэй хэвээр үйлчлэх болохыг Герман улсын үндэсний “Deutsche Welle” телевиз мэдээлжээ.
Түүнчлэн баар, ресторан зэрэг газарт үйлчлүүлэхэд covid19-ын шинжилгээний бичиг заавал үзүүлэх ёстой байсныг цуцалж, зөвхөн гэрээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд шинжилгээний хариу сөрөг байх шаардлагатай болгон өөрчилсөн аж. Мөн тархалтын голомт үүсээд буй Германы мужууд хэрэв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд болон нас барагсдын тоо өндөр байвал халдварыг тогтоон барих зорилгоор орон нутгийн шинжтэй хязгаарлалт тогтоохыг зөвшөөрсөн байна.
Гуравдугаар сар эхэлснээс хойш Германд өдөрт бүртгэгдэх шинэ халдварын тоо тогтмол нэмэгдэж өнгөрсөн Лхагва гарагийн байдлаар нэг долоо хоногийн хугацаанд 100 мянган иргэн тутамд 1607 шинэ тохиолдол ноогдож байгаа нь цар тахал эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Тус улсын эрүүл мэндийн сайд Карл Лаутербах энэхүү шийдвэрийг Германы эвслийн засгийн газрыг бүрдүүлдэг гурван намын хоорондын “хүнд нөхцөл дэх харилцан буулт” хэмээн дүгнэсэн байна.
Эх сурвалж: Forbes