Covid-19 цар тахал бизнесийн бүх салбарт нөлөөлж, улс орнуудын эдийн засгийг хүчтэй ганхуулж буй үед сөрөг нөлөөлөл бага мэдрэгдэж байгаа цөөн салбаруудын нэгд үл хөдлөх хөрөнгийн салбар орсныг McKinsey & Company фирмийн судалгаа харуулж байна. Дотоодын үл хөдлөх хөрөнгийн салбарт ч эрэлт, худалдан авалт буураагүй бөгөөд 2020 онд өсөлт харьцангуй тогтвортой байсныг статистик харуулж байна.

Хүн төрөлхтөн цар тахлын үеийн хэмнэлд амьдраад хэдийнэ нэг жил гаруйн хугацаа өнгөрлөө. Вирусийн дэгдэлт эхэлж байсан үеийн сандрал, тодорхойгүй нөхцөл байдлыг бодвол манай дэлхий харьцангуй туршлагажиж, улс орнууд ч өөр өөрийн боломжоор тахалтай тэмцэж байна. Одоо бид тахлын үед хэр хохирол амсаж байна, хэдий хугацааны дараа тархалт намжих бол зэрэг асуудлаас илүү тахалтай дэлхийд дасан зохицох, бизнесээ хэрхэн хөл дээр нь босгох, дараагийн тахал дэгдсэн ч ганхахааргүй эдийн засаг, амьдралын хэв маяг, бизнесийн шинэ загварыг яаж бүтээх вэ гэдэгт анхаарч, түүний төлөө ажиллаж байна.
Өнгөрсөн 2020 онд төдийгүй энэ жил ч дэлхийн болоод томоохон эдийн засгуудад агшилт үргэлжлэх төлөвтэй байгаа ч үл хөдлөх хөрөнгийн салбарын өсөлт тэр дундаа орон сууцны эрэлт тогтвортой хэвээр байна хэмээн “Forbes” сэтгүүлийн үл хөдлөх хөрөнгийн салбарын шинжээчид таамаглаж байна. Үүнийг нэг талаас хөл хорионы үед иргэд гэртээ ихэнх цагаа өнгөрүүлж, ажлаа гэрээсээ хийх болсноор хүн төрөлхтний амьдралын хэв маяг өөрчлөгдөж илүү тухтай, зай талбай ихтэй орон сууц хайх болсонтой холбож болно. Нөгөө талд тахлын үед худалдан авагчдын хандлага өөрчлөгдөж, гадна орчин сайтай, хотын төвлөрлөөс хол захын дүүргүүдэд үл хөдлөх хөрөнгө авах сонирхол давамгайлсан зэрэг хүчин зүйлтэй холбон тайлбарлаж байна. Гэвч ганц орон сууцны зах зээлд эергээр нөлөөлсөн энэ хандлага нь нөгөө талд оффисын зах зээлд сөргөөр нөлөөлж буйг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, жижиг бизнесүүд хаалгаа барьж, компаниуд ажилтнуудаа гэрээсээ ажиллах боломжоор хангаж эхэлснээр хоосон оффисууд олширч, энэ төрлийн үл хөдлөх хөрөнгийн борлуулалт, түрээсийн зах зээлд агшилт мэдрэгдсэн хэмээн шинжээчид хэлж байна.
Үл хөдлөх хөрөнгийн салбар нь аливаа улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг бөгөөд мөнгөний урсгалын нэлээд хэсгийг бүрдүүлдэг стратегийн томоохон салбарт тооцогддог. Дэлхийн хамгийн өндөр үнэтэй орон сууцны зах зээл гэгддэг Хонконгод эдийн засгийн хүндрэл нүүрлэсэн ч орон сууцны түрээсийн үнэ хэвээр байна. Харин АНУ-ын хувьд тахлын үед тансаг зэрэглэлийн орон сууцны эрэлт нэмэгдсэн дүр зураг ажиглагдаж байна. Өөрөөр хэлбэл, 2020 оны гуравдугаар улирлын байдлаар өндөр үнэтэй тансаг зэрэглэлийн орон сууцны эрэлт өмнөх оны мөн үеэс 42 хувиар өссөн нь 2013 оноос хойших хамгийн өндөр өсөлтөд тооцогдлоо. Үүнийг цар тахлаас үүдэлтэйгээр ихэнх хүн зайнаас ажиллах болсноор чинээлэг иргэд хотын төвлөрлөөс хол, тансаг зэрэглэлийн орон сууц худалдан авч эхэлсэнтэй холбоотой гэж шинжээчид хэлж байна. Харин цар тахал гарч эхэлснээс хойш үл хөдлөх хөрөнгийн үнэ нь гурав орчим хувиар буураад байсан Австрали улсын хувьд моргейжийн зээлийн хүү буурч, тавигдах шаардлага, журам нь зөөлөрсөнтэй холбоотойгоор үл хөдлөх хөрөнгийн үнэ өсөх хандлагатай байгааг Bloomberg Intelligence тооцоолжээ. Түүнчлэн тус улс ирэх саруудад бодлогын хүүгээ бууруулах төлөвтэй байгаа нь зээл олголтыг нэмэгдүүлэх, үл хөдлөх хөрөнгө худалдан авч буй залуусыг татвараас чөлөөлж байгаа зэрэг шалтгаануудаас улбаалан орон сууцны борлуулалт жилийн эцсийн дүнгээрээ өссөн үзүүлэлттэй байх төлөвтэй байна. Харин тахлын үед үл хөдлөх хөрөнгө ялангуяа орон сууцны үнийг тогтвортой барих бодлогыг хэрэгжүүлж буй БНХАУ-ын Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудад орон сууцны үнэ 2020 оны есдүгээр сард сарын дүнгээрээ 0.4 хувиар өсжээ. Тус улсын хувьд өнгөрсөн оны эхний есөн сарын байдлаар үл хөдлөх хөрөнгийн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт нь жилийн дүнгээрээ 5.6 хувиар өссөн байна.
Харин үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт олон улсын түвшинд 2020 оны эхний улиралд өндөр байсан ч хоёрдугаар улирлаас буурч, гуравдугаар улирлын сүүл үеэс эргэн сэргэсэн. Австри, Герман, Нидерланд зэрэг хөл хориог харьцангуй хурдан цуцалсан орнууд хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ бусад зах зээлийг ардаа орхиж, сэргэх төлөвтэй байна. Цаашид нөхцөл байдал улам дордохгүй бол үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын идэвхжил бусад салбараас илүү хурдан буюу 2022 он гэхэд цар тахлын өмнөх түвшинд хүрсэн байх боломжтой гэж шинжээчид таамаглаж буй юм.
Монгол Улсын хувьд 2020 онд экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний экспорт өмнөх оноос 30.9 хувиар, зэсийн баяжмал 0.99 хувиар буурсан тухай Гаалийн ерөнхий газрын тайланд тусжээ. Хэдийгээр бид ийн эдийн засгийн амаргүй, тодорхойгүй үеийг даван туулж буй ч үл хөдлөх хөрөнгийн зах зээл идэвхтэй байсан тухай салбарынхан хэлж байна. Дотоодын үл хөдлөх хөрөнгийн салбарын хувьд жил бүрийн хамгийн өндөр борлуулалттай, эрэлттэй үе нь хүйтний улирал буюу өвөл эхлэхээс өмнөх сарууд байдаг. Энэ хугацаанд Монгол Улсын хувьд хөл хорио суларсан, бизнесүүдийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан. 2020 оны гуравдугаар улирлын байдлаар 32,356 үл хөдлөх хөрөнгийн худалдах, худалдан авах гэрээ хийгдсэнийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын тайлангаас харж болохоор байна. Зөвхөн есдүгээр сард гэхэд 5,236 үл хөдлөх хөрөнгө худалдагдсан нь өмнөх жилийн мөн үеэс найман хувиар өссөн үзүүлэлт байна.
Дотоодын барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарын нэмэгдэл өртөг 2019 онд 1.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж, 2010 оноос хойш 5.6 дахин өсжээ. Өдгөө барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт нийт 7,446 аж ахуйн нэгж идэвхтэй үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын нийт хөдөлмөр эрхлэлтийн зургаан хувийг бүрдүүлж буй харьцангуй хурдацтай тэлж буй салбар юм. Харин цар тахалтай холбоотойгоор 2020 оны эхэн үед барилгын бараа үйлчилгээний эрэлт буурах, тээвэр логистикт доголдол үүсэх эрсдэл үүссэн ч хоёрдугаар улирлаас нөхцөл байдал харьцангуй хурдан сайжирч барилгын материалын тээвэр, борлуулалт хэвийн үргэлжилсэн. Гэвч өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дунд үеэс дотоодын халдварын тоо нэмэгдэж, улс даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор сэргэж байсан үзүүлэлтүүд буурч эхэллээ.
Хөл хорио тогтоох, хүмүүс гэртээ үлдсэнээр шинэ төрлийн эрэлт, хэрэгцээ зах зээлд бий болж үүнийг дагасан бүтээгдэхүүн үйлчилгээ, бизнесүүд илүү амжилттай ажиллаж буй дүр зураг дэлхийн бизнесийн зах зээлд ажиглагдаж байна. Олон улсад тахлаас үүдэлтэйгээр илүү тухтай, орчин сайтай тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн эрэлт нэмэгдэж өсөлт ажиглагдаж байгаа бол нөгөө талд улс орнууд эдийн засгийн хүнд үед зээлийн хүүг бууруулах зэрэг иргэдийнхээ тухтай амьдрах хэрэгцээг хангахуйц уян хатан бодлогыг баримталж эхэлсэн нь салбарын өсөлтөд нөлөөлжээ.
Мөн цаашид эдийн засгийн голлох тоон үзүүлэлтүүд хэзээ өсөж эхлэх нь тодорхой бус энэ цагт бэлэн мөнгө хадгалах, өөр төрлийн бизнест хөрөнгө оруулахаас илүү ирээдүйд үнэ цэн нь илүү өсөх үл хөдлөх хөрөнгөд хөрөнгө оруулах хандлага нэмэгдэж буйтай холбоотой байна.
Хүний эрүүл мэнд, аюулгүй, тухтай ажиллаж, амьдрах нөхцөлийг хангасан байгальд хор хөнөөлгүй барилгууд илүү эрэлттэй байгааг энд мөн дурдъя. Харин Монгол Улсын хувьд нийт иргэдийнх нь 70 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Энэ утгаараа орчин үеийн орон сууцанд нүүн орох, одоо байгаа сууцуудаа шинэчлэх зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай холбоотойгоор эрэлт өндөр хэвээр байгааг салбарынхан хэлж байна. Үл хөдлөх хөрөнгө худалдан авах хэрэгцээ бүхий хүмүүсийн 35 орчим хувь нь байршлаа солих, 30 орчим хувь нь хүүхдүүдийнхээ сургууль цэцэрлэгт ойртох, 18 орчим хувь нь хөрөнгө оруулалтын зорилгоор ихэвчлэн үл хөдлөх хөрөнгө худалдан авч байна гэсэн RE/MAX компанийн судалгаа байна. Зах зээлийн эрэлт ихэссэн, валютын хашийн өөрчлөлт, барилгын түүхий эд, материалын үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ оны гуравдугаар улирлын байдлаар шинэ орон сууцны нэг ам метрийн дундаж үнэ 2.49 сая төгрөгт хүрч өмнөх улирлаас 2.4 хувиар, харин өмнөх оны мөн үеэс найман хувиар өссөнийг “Тэнхлэг зууч” компанийн судалгаа харуулж байна. Үнэ өссөн, нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүд тааруу үед олон улс болоод дотоодын зах зээлд үл хөдлөх хөрөнгийн эрэлт, борлуулалт буурсангүй. Гэвч цаашид нөхцөл байдал хэрхэн үргэлжилж, хэзээ сайжрах тухай баттай, тогтсон таамаг алга.
АНУ тэргүүтэй орнууд иргэдээ Covid-19 вирусийн эсрэг вакцинд хамруулж эхэллээ. Гэсэн ч хүн төрөлхтөн бүгдээрээ уг вирусийн эсрэг дархлаатай болохын тулд вакцины үйлдвэрлэл, тээвэрлэлтээс шалтгаалан тодорхой хугацаа хэрэгтэй хэвээр байна. Олон улсын ихэнх судалгааны байгууллага, шинжээчдийн хэлж буйгаар 2021 оны хоёр, гуравдугаар улирлаас эдийн засгууд сэргэх төлөвтэй байна. Гэвч цар тахал дэгдэж эхэлсэн эхний арван сард харьцангуй тайван, аюулгүй байсан Монгол Улсын хувьд дотоодын халдвар өдөр өдрөөр нэмэгдэж, вакцинжуулалт дөнгөж эхэлж байна. Гэсэн ч бүх иргэдээ хамруулж дуусах хүртэл дахин нэг жил, магадгүй үүнээс ч урт хугацаа шаардана гэдгийг санахад илүүдэхгүй.