Апурва Мехтагийн хүнс хүргэлтийн үйлчилгээ Цар тахлын үед хурдацтай тэлж байна. Шинэ өрсөлдөгчид, ажилчдын эсэргүүцэл, шаардлага өндөртэй хамтрагчдын “аргыг олохын” зэрэгцээ Жефф Безосын бизнесийг гүйцэхээр 34 настай тэрбумтан зүтгэж байна.

Апурва Мехта өнгөрсөн арван сарын турш өрнөсөн эмх замбараагүй байдлын талаар ярихаасаа өмнө хэсэг зуур бодлогошров. Жилийн өмнө тэрбээр ид эрчээ авч байсан “Instacart” аппликейшнийг удирдаж байлаа. Улмаар өнгөрсөн хавар цар тахлын улмаас бизнес нь улам хөгжсөн ч бүх зүйл хар дарсан зүүд болж хувирав. Тодруулбал, улам өсөн нэмэгдэх худалдан авагчид, нөөцийн хомсдол, хэзээ ч төсөөлж байгаагүй өндөр эрэлтийг хангах хүнд сорилт Мехтаг угтжээ.
Эргээд харахад 2020 оны гуравдугаар сарын цохилт зөвхөн эхлэл байв. “Instacart” АНУ-ын хүнс хүргэлтийн зах зээлд тэргүүлэгч аппликейшн болсон ч өдгөө өндөр санхүүжилттэй өрсөлдөгчид нэмэгдсээр байна. Арван сарын дотор үнэлгээ нь хоёр дахин өсөж, 18 тэрбум ам.долларт хүрсэн, мөн IPO нь олон нийтийн дунд өндөр хүлээлт үүсгэсэн “Instacart”-ийг удирдах, “Amazon”-ийн эсрэг стратегиа батлан харуулан хүндхэн даалгавар Мехтаг хүлээж байна. Мехта аливаа зүйлд яарч сандралгүй аажуу тайван ханддаг.
Сан-Францискогийн умард зүгт байрлах, нар туссан, саруулхан гэр-оффистоо футболк өмсөн чөлөөтэй ажиллах тэрбээр “Би 20 жилийн өмнө эхэлсэн тоглоомд оролцож байна” хэмээн өгүүлэв. Тэрбээр IPO хийхэд бэлдэн, “Goldman Sachs”-д 20 жилийн туршлага хуримтлуулсан эрхмийг компанийнхаа санхүү хариуцсан захирлаар томилжээ. “Жижиглэн худалдааны хамгийн том хэсгийг хүнсний худалдаа бүрдүүлдэг ч дижитал шилжилт одоог хүртэл бүрэн хийгдээгүй л байна. Ирээдүйн зураглал бидний сэтгэлийг хөдөлгөдөг” гэж тэрбээр онцоллоо.

Апурва Мехта: “Facebook”, “Google” компани хүмүүсийг вэбсайтдаа татах зорилгоо амжилттай биелүүлсэн. Харин хүнсний бүтээгдэхүүнд төвлөрсөн биднийх шиг сурталчилгааны бизнесийг маш цөөн компани хийсэн байдаг.
Энэ зураглал нь технологиос хол хөндий, уламжлалт супермаркетууд хүнсний бараа нөөцлөх, сурталчлах, савлах арга барилаа дижитал хэлбэрээр захиалах, хүргүүлэх тухай юм. “Instacart” 35 ам.доллараас дээш дүнтэй захиалга өгсөн үйлчлүүлэгчээс 9 ам.долларын хүргэлтийн хураамж, эсвэл жилийн 99 ам.долларын төлбөртэй, үнэгүй хүргэлт санал болгодог. Хүнс нийлүүлэгчид ч мөн адил захиалга тутамд дунджаар 10 хувийн хураамж төлөх бөгөөд энэ нь цэвэр ашгийн хэмжээ түүхэндээ дунджаар хоёр хувиас хэтэрдэггүй салбарын хувьд өндөр суутгал юм. Мехта энэхүү өндөр хураамжийг биет ажил гүйлгээг виртуал хэлбэрт хувиргаж буй, “Instacart”-ийн олон зуун инженер, дизайнер, техникчдийн зардалтай холбон тайлбарлаж байна. Одоогийн байдлаар тэрбээр “Costco”, “Wegmans”, “Eataly” зэрэг жижиглэн худалдааны 600 орчим компанийг үйлчилгээндээ нэгтгэжээ.
Тэдэнд “Instacart”-аар ашгаа нэмэгдүүлэх боломж бий. Сүүлийн жилүүдэд салбарын хэмжээнд ашиг буурснаар компаниуд өөр хоорондоо нэгдэх, татан буугдах үзэгдэл элбэгшсэн билээ. Салбарын өчүүхэн ашиг “Instacart”-ийн төлбөртэй уялддаггүй тул ханган нийлүүлэгчид үнээ тогтоохдоо тус аппликейшнд нийцүүлэхээс аргагүй байдалд хүрдэг. Хүнсний онлайн худалдан авалт нэг их наяд ам.долларын зах зээлийн 10 хувийг бүрдүүлэх болсон нь 2019 оны сүүлчээс гурав дахин өссөн үзүүлэлт юм. Үүний ачаар “Instacart” цойлсон өсөлт үзүүлж байна. Мэдээж хэт их өсөлтийг том эрсдэл дагана. Тодруулбал, цар тахлын дараа “Instacart”-ийн үйлчлүүлэгчдийн мэдэгдэхүйц хэсэг нь хуучин сонголт руугаа буцах болно.
“Amazon”-ийн нийлүүлэлтийн гинжин хэлхээний инженер асан, 2015 оны “Forbes”-ийн “30 хүртэлх 30” жагсаалтын гишүүн Мехта “Бид таван жилийн өсөлтийг таван долоо хоногийн дотор харуулсан. Энэ өсөлт үргэлжилсээр байна. Манай үйл ажиллагаа жилийн өмнөхөөс 300 гаруй хувиар өссөн” хэмээн өгүүлэв.
Мехта энэ бүхэнд коронавирусыг буруутгаж, бас талархаж болно. Цар тахлын эхний хоёр сарын хугацаанд “Instacart” хүнсний нийлүүлэлтээрээ Америкийн хүнсний хамгийн том дэлгүүр “Walmart”-ийг гүйцэж, “Amazon”-ы дараа хоёрдугаарт орсон гэж “Second Measure” компани мэдээлжээ. Өдгөө “Instacart” АНУ, Канадын 45,000 гаруй дэлгүүр, 500,000 худалдан авагчид үйлчилж, орлого нь 1.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.
Хөрөнгө оруулагчдад зориулан бэлтгэсэн танилцуулгад дурдсанаар “Instacart” 2019 оны эхээр захиалга бүрээс 2 ам.доллараас доошгүй алдагдал хүлээж байсан бол 2020 оны дунд үе гэхэд 3 ам.доллараас дээш орлого олох болжээ.
Томоохон үл хөдлөх хөрөнгөтэй хүнсний бизнес эрхлэгчид ашиг олох нь амархан байдаг. Харин “Instacart”-д агуулах, дэлгүүр, хөлдөөгч, хүргэлтийн автомашин гэх мэт биет хөрөнгийн аль нь ч үгүй. Тэдэнд зөвхөн аппликейшнийг удирдах оюуны өмч, ажилчид л бий. Одоо тэдний ашиглаж буй өндөр үнэтэй биет байгууламжуудын зардлыг супермаркетууд төлдөг. Мөн “Instacart”-ийн хүргэлтийг гэрээт ажилчид хариуцдаг ба тээврийн зардал, эрүүл мэндийн даатгалаа өөрсдөө төлдөг аж. Энэхүү тогтолцоо нь Мехтад “Andreessen Horowitz”, “Sequoia”, “Khosla Ventures” зэрэг томоохон хөрөнгө оруулагчдаас найман жилийн дотор 2.5 тэрбум ам.долларын санхүүжилт босгоход нөлөөлсөн юм. Компанийнхаа 10 орчим хувийг эзэмшдэг тэрбээр өдгөө тэрбумтан болжээ.
“Апурва үйл ажиллагааны хувьд хамгийн төвөгтэй салбарыг цахим хэлбэрт шилжүүлэх аргыг олсон. Тэр захиалгыг тухайн өдөрт нь хүргэдэг, зөв, тогтвортой загвар гаргаж, хэрэглэгчдэд үе дамжин үйлчлүүлсэн хүнсний дэлгүүрээсээ цахимаар худалдан авалт хийх боломж олгосон. Үүнийг бусад хүн хийж чадаагүй” гэж 2014 онд “Instacart” 44 сая ам.долларын хөрөнгө босгоход оролцсон тэрбумтан Марк Андриссен ярив.
Гурван жилийн өмнө “Whole Foods”-т 13.7 тэрбум ам.доллар төлж, “Instacart”-ийн хамгийн үнэ цэнэтэй түншийг урвуулж авсан “Amazon” өдгөө 18 хотод хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байна. Мөн 2020 оны долдугаар сард зоогийн газрын хүргэлтийн компани “Postmates”-ийг “Uber” 2.7 тэрбум ам.доллараар худалдан авчээ. Тус компани цар тахлын үеэр дарс, хүнсний бүтээгдэхүүн хүргэж эхэлсэн юм. Харин “Postmates”-ийн өрсөлдөгч “DoorDash” 2018 оноос “Walmart”-ийн хүнсний бүтээгдэхүүнийг хүргэж эхэлсэн бөгөөд арвахоёрдугаар сард IPO хийж 61 тэрбум ам.долларын үнэлгээнд хүрснээр өдгөө “Instacart”-тай ширүүхэн өрсөлдөж байна. Энэ бүхэн Мехтагийн хувьд хүнсний чиглэлийн вэбсайт ажиллуулах, хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа явуулах байдлаар дижитал бизнест гүнзгий нэвтрэх шалтгаан болж буй.
“Mondelez”-ийн брэнд хариуцсан захирал асан Жоэль Варади “‘Instacart’ олон хүнсний дэлгүүртэй хамтрах тусам дэлгүүрийн хувьд эрсдэлтэй. Хэрэв би жижиглэн худалдаа эрхэлдэг байсан бол үнэхээр айх байсан” гэсэн юм.
Мехта 2000 онд 14 настайдаа гэр бүлийнхний хамт Канадад шилжин суурьшсанаар барууны хүнсний дэлгүүртэй анх танилцсан аж. Тэрбээр Онтарио хотын дэлгүүрээр анх орж үзсэн талаараа дурсахдаа “Би амьдралдаа тийм олон ‘Kit-Kat’ нэг дор харж байгаагүй. Миний хувьд асар том соёлын шок байсан. Энэ нь ‘Instacart’-ийг эхлүүлэх үндэс биш гэж хэлбэл худлаа хэлсэн болно” хэмээв.

Тэрбээр Ватерлугийн их сургуулийг төгсөөд “BlackBerry”-д дөрвөн сар ажиллаж, улмаар 2008 онд “Amazon”-ийн Сиэтл дэх салбарт нийлүүлэлтийн гинжин хэлхээний инженерээр оржээ.
Гэсэн ч хувьдаа компанитай болохыг мөрөөддөг байсан Мехта оройн цагаар бизнесийн ном уншиж, өөрийгөө хөгжүүлдэг байв. Тэрбээр 2010 онд ажлаасаа гарч, бизнесийн замналаа хөөхөөр Сан-Франциског зорьжээ. Хоёр жилийн хугацаанд тэрбээр “Groupon”, зоогийн газруудыг үнэлэх аппликейшн, хуульчдад зориулсан нийгмийн сүлжээ зэрэг 20 орчим стартап үүсгэн байгуулжээ. Гэвч аль нь ч амжилт олсонгүй.
Мехта Сан-Францискод амьдарч байхдаа нэгэн өдөр хөргөгчөө онгойлгоход нь “Sriracha”-ийн ганц амтлагчтай хоосон хөргөгч угтсанаар “Instacart”-ийн эхлэл тавигджээ. Үүнээс хэдэн сарын дараа аппликейшны туршилтын загвар бэлэн болов. “Y Combinator”-ийн 2012 оны ангид тэнцэж, 150,000 ам.долларын санхүүжилт авснаар түүний анхны амжилт эхэлжээ. Мехта “Y Combinator”-д танилцсан хоёр энтрпренертэй цуг “Instacart”-ийг үүсгэн байгуулжээ.
Үйлчлүүлэгчид элбэг дэлбэг супермаркет дотор байгаа мэт мэдрэмж төрүүлэхийн тулд бараа бүтээгдэхүүнийхээ зургуудыг аппликейшн дээр байршуулав. Эхний үед тэрбээр “Uber”-ээр дамжуулан хүргэлтээ өөрийн биеэр хийдэг байв. Түүнд агуулах, үндсэн ажилтан аль аль нь байсангүй.
Гэвч Мехтад үүнээс өөр асуудал тулгарч байсан нь салбарынхны итгэлийг төрүүлэх явдал байв. “Жижиглэн худалдаа эрхлэгчид анх бидэнтэй ажиллах ямар ч сонирхолгүй байсан. Бид олон жил уйгагүй хичээсэн. Энэ бүхэн итгэлцлийн л ач юм” гэж тэрбээр дурсаж байна.
Мехта тууштай байсныхаа ачаар 2014 онд “Whole Foods”-тэй гэрээ байгуулсан ба тус сүлжээ дэлгүүр удалгүй “Instacart”-ийн бизнесийн хамгийн том хэсгийг бүрдүүлэх болов. Гэвч гурван жилийн дараа “Amazon” “Whole Foods”-ийг худалдаж авах болсноо зарласан юм.
“‘Whole Foods’-гүй ‘Instacart’ гэдэг пиццагүй ‘Pizza Hut’ л гэсэн үг. Гэхдээ үнэнийг хэлэхэд 21 дэх стартапаа дампууруулна гэдэг байж боломгүй зүйл. Надад үүнийг зөвшөөрөх ямар ч боломж байгаагүй” гэж тэрбээр ярив.
Аз болж “Whole Foods” хамтын ажиллагаагаа хоёр жилийн дараа цуцлахаар болжээ. Энэ хугацаанд Мехта хүнсний томоохон дэлгүүр болгонтой очиж уулзав. “Amazon”, “Whole Foods” нарын хамтын ажиллагааны сураг “Instacart”-ийг цочирдуулсантай адил тэдний дийлэнхийг айлгасан байв. “‘Amazon’-ийн орж ирсэн зах зээлд юу тохиолддог талаар хүн болгон адил ойлголттой байсан” гэж Мехта хэлэв. “Whole Foods”-тэй хамтрахаа больсны дараа тэрбээр “Kroger”, “Costco”, “Albertsons”, “Wegmans”, “Publix” нарыг үйл ажиллагаандаа нэгтгэв.
“Instacart”-ийн ажилчдыг захиалга худалдан авалт, хүргэлт хариуцдаг гэрээт ажилчид болон супермаркетад байрлан ажилладаг ажилчид хэмээн хуваадаг. Цар тахлын эхэн үеийн эмх замбараагүй байдлын үеэр гэрээт ажилчид коронавирусын халдвар авах эрсдэлээс урьдчилан сэргийлж, нэмэлт нөхөн олговор олгохгүй байгаа шалтгаанаар бослого гаргаж байв. Өнгөрсөн хавар тэд хамгаалах хэрэгсэл болон захиалга бүрээс 5 ам.долларын хортой нөхцөлийн нэмэгдэл шаардаж жагссан юм. Дөрөвдүгээр сараас эхлэн ажилчдадаа анхны тусламжийн иж бүрдэл тарааж эхэлсэн “Instacart” зургадугаар сар гэхэд уртасгасан цалинтай чөлөө олгож, хөл хорионы үеэр гадуур ажилласан ажилчдыг телемедицин үзлэгт үнэ төлбөргүй хамруулснаар эсэргүүцэл бага зэрэг намжжээ. Гэвч Мехта бууж өгсөнгүй.
Иллинойсын захаар орших “Kroger” дэлгүүрт хагас цагаар ажилладаг арван ажилчин цар тахлын өмнөхөн АНУ-ын хамгийн том үйлдвэрчний эвлэлд элсжээ. Гэтэл нэгдүгээр сард “Instacart” 10,000 орчим ажилчдынхаа 2 мянгынх нь гэрээг гуравдугаар сар гэхэд цуцална хэмээн мэдэгдсэн ба үйлдвэрчний эвлэл үүнийг “хэрцгий шийдвэр” хэмээн дүгнэсэн юм. Харин “Instacart”-ийн зүгээс хүнсний дэлгүүрүүд захиалгыг өөрсийн ажилчдаар гүйцэтгүүлэхийг хүссэн учир гэрээт ажилчдаа дэлгүүрээс холдуулна гэж эртнээс төлөвлөсөн хэмээн тайлбарласан бөгөөд энэ цомхотгол “Instacart”-ийн ажиллагсдын 1 хувьд ч хүрэхгүй гэдгийг нэмж хэлсэн юм.
Хоёр дахь цохилт “Cornershop”-той холбоотой. Тус стартапын дийлэнх хувийг “Uber” 2019 онд 459 сая ам.доллараар худалдаж авсан юм. “Instacart” тус компанийг өөрсдийнх нь өмчит олон мянган хоолны зургийг хулгайлсан гэж үзсэн бол “Cornershop” үүнд хөндлөнгийн нийлүүлэгч оролцсон ба “Instacart”-ийн өмчид санаатай халдаагүй гэж мэдэгджээ. Есдүгээр сард “Cornershop” цаашид ямар ч мэдээлэл, зураг ашиглахгүй байхаар тохиролцсон аж.
Мехтагийн хамгийн том сорилт бол итгэлцлийн төлөөх тулаан юм. Учир нь хүнсний дэлгүүрүүд үйлчлүүлэгчдээ “Instacart”-д алдаж байна хэмээн болгоомжлох болжээ. Зургаан салбартай, хүнсний сүлжээ дэлгүүрийн эзэн Стю Леонард “Instacart”-ийн ачаар бизнес нь өргөжсөн ч захиалгын мэдээллээ өмчлүүлдэг гэв. Эдгээр мэдээллийг өөрсдөө ашиглаж, хэрэглэгчдэд нийцүүлсэн сурталчилгаа, урамшуулал явуулах хүсэлтэй Леонард “Бид өөрсдийн вэбсайтаар дамжуулан таны онцлогийг мэдэх боломжтой. Өдгөө зах зээл дээр маш олон өрсөлдөгч байна. Эдгээрийн хоёртой нь уулзаж үзэхэд “Instacart”-ийн бүх үйлчилгээг санал болгож байна. Тэгсэн хэр нь мэдээллээ бид өөрсдөө 100 хувь эзэмшинэ” хэмээн ярив. Харин “Instacart”-ийн зүгээс мэдэгдэхдээ хэрэв хэрэглэгч хуваалцахыг зөвшөөрвөл, Стю Леонард болон бусад түншүүд мэдээлэлд нэвтрэх эрхтэй бөгөөд компани жижиглэн худалдаа эрхлэгчдэд дүн шинжилгээ хийх боломж олгох шинэ порталыг энэ хавар нээж байгаа гэв. “Бид ‘Instacart’-ийг нүүр хуудсандаа байршуулдаг байсан. Харин дахиж тэгэхгүй. Бид үйлчлүүлэгчдээ хадгалахыг хүсэж байна. Учир нь тэд ‘Instacart’-ийн платформ руу орсны дараа тэдний үйлчлүүлэгч болдог” гэж Лос-Анжелес орчимд зургаан салбартай “Erewhon”-ийн эзэн Тони Антоци үзэл бодлоо хуваалцав.
Антоци “Instacart”-тай өрсөлдөж байгаа юм шиг зургаан жилийг өнгөрөөсний эцэст буюу цар тахал эхэлснээс нэг сарын дараа өөрийн хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлжээ. Үүнийг гүйцэтгэхийн тулд тэрбээр кассын бүртгэлийн программ нийлүүлэгч, Хойд Каролинагийн “ECRS” компанид ханджээ. Салбартаа 31 жил үйл ажиллагаа явуулж буй “ECRS” дөрвөн жилийн өмнө цахим худалдааны зах зээлд нэвтэрч, 2020 онд хүнсний сүлжээний 355 компанитай гэрээ байгуулсан аж.
“Бид бусдын үйлчлүүлэгчийг булаадаггүй” гэж Мехта хэлээд “Instacart” хамтран ажилладаг жижиглэн худалдааны түншүүдээ дэмжих зорилгоор төв байранд нь тусгай шинжээчдийг ажиллуулж байгаагаа сонирхуулав. Тэд Хойд Америкийн хамгийн том 10 сүлжээ компанийн гурав руу нь өгөгдлийн шинжээчдээ аль хэдийнэ илгээжээ.
“Жижиглэн худалдаа эрхлэгчид ‘Amazon’-той биш бидэнтэй хамтардаг гол шалтгааны нэг бол “Amazon” тэдэнд анхаарал тавьдаггүйд байгаа юм. Харин бид тэдэн санаа тавьдаг” гэж Мехта хэлэв.
Өнгөрсөн жил “Instacart” 625 сая ам.долларын санхүүжилт босгосон. Энэ нь хувьдаа цахим худалдаа нэвтрүүлэх зорилготой хүнсний дэлгүүрүүдэд зориулсан хамгийн тохиромжтой хэрэгсэл, мөн тэднийг гэрээгээ цуцлуулахгүй байлгах стратегийн нэг хэсэг юм. “Instacart” анхнаасаа л бизнесийн бүх хэсэгт голлон анхаардаг байсан учир нарийн төвөгтэй энэ салбарын “эд, эс” бүрийг ойлгодог гэдгийг Мехта батлан өгүүлж байна.

Мехта 2014 онд “Whole Foods”-тэй гэрээ байгуулж, 220 сая ам.долларын санхүүжилт босгосон нь “Instacart”—ийг юникорны статуст хүргэжээ.
Мехта өдгөө бизнесийнхээ ирээдүйд зориулж, сурталчилгааны платформ бүтээж байна. Өөрөөр хэлбэл, “Instacart” “Amazon”-ийн “Facebook” хувилбар болох юм. Энэ санаа санхүү хариуцсан захирал асан Рави Гуптатай олон цагийн турш самбар дээр тоо томшгүй урт тооцоолол хийсний дараа төржээ. “Instacart” болон “DoorDash”-т хөрөнгө оруулсан “Sequoia” компанид 2019 онд нэгдсэн Гупта “Бид үйлчлүүлэгчээс илүү төлбөр авахыг хүсэхгүй байгаа ч орлогоо нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Үүнийг яаж шийдвэрлэх вэ? гэсэн асуулт тавьсан юм” хэмээн тухайн үеийг дурсав.
Тус платформыг анхнаас нь ашиглаж буй “Hormel” зэрэг томоохон компаниас гадна Юта мужийн “JoJo’s Chocolate” зэрэг хурдацтай хөгжиж буй стартапууд ихээхэн ашиг олж байна. “‘Instacart’ бидний хувьд маркетингийн зардлаа хуваарилах чухал эх үүсвэр болсон. Учир нь тус платформ зардлыг борлуулалттай үр дүнтэй холбож байна” гэж 2020 онд “Instacart”-аар дамжуулан веган өндөгний борлуулалтаа зургаа дахин өсгөсөн “Eat Just” компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жош Тетрик хэллээ.
2020 оны эцэс гэхэд “Instacart”-ийн орлого 2019 онтой харьцуулахад өдөр бүр нэмэгдэх болжээ. Одоо түүнд эдгээр зар сурталчилгаа хүнсний дэлгүүрийн ашиг, орлогод нь нөлөөлөхгүй гэдгийг итгүүлэх шаардлага тулгарч буй. Хүнсний компаниудын зар сурталчилгааны төсөв өндөр байдаг бөгөөд зарим хэсэг нь дэлгүүрийн урамшуулал, лангууны байршилд зориулагдах замаар хүнсний дэлгүүрийн орлого болдог. Тиймээс жилийн 225 тэрбум ам.долларын зардлын тодорхой хэсэг нь өдгөө “Instacart” руу шилжиж байна.
Зарим хүнсний дэлгүүр Мехтагаас болгоомжилдог бол зарим нь бүрэн итгэдэг. Тэдгээрийн дотор АНУ-ын зүүн эргээр 100 гаруй салбартай, супермаркетын сүлжээ “Wegmans”-ийн гүйцэтгэх захирал Дэн Вегман багтаж байна.
“Хурдацтай хөгжиж буй технологийн компанийн үүсгэн байгуулагчийн хувьд Мехта аливаа салбарын талаар гүнзгий судалж, боломжийг эрэлхийлж, өөрчлөлтөд нээлттэй байдаг нь хамтран ажиллахад нөлөөлсөн. Энэ жил бизнес нь 500 хувиар өсөөд байхад ‘Дахиад яаж сайжруулах вэ’ гэж асуусаар байна. Энэ бол түүний амжилтын гол шалтгаан” гэж Вегман хэллээ.
Мехта сурсан зангаараа одоогийн сорилтуудыг алгасаж, супермаркетуудаас гадна “Sephora”, “Best Buy”, “7-Eleven” зэрэг компанитай хамтрах маягаар өргөжин тэлэх арга зам эрэлхийлж байна. Тэрбээр “Би жижиглэн худалдаа эрхлэгчидтэй өдөр бүр утсаар ярьдаг. Тэдний чиг хандлага нэгэнт өөрчлөгдсөн” хэмээн нэмж хэлсэн юм.