
АНУ ОХУ-аас газрын тос худалдан авахаа зогсоосонтой холбоотойгоор Венесуэл улсад газрын тосоо импортлох санал тавьсан тухай “Reuters” агентлаг мэдээллээ. Үүний хариуд АНУ 2019 онд Каракаст тавьсан газрын тос худалдаалахтай холбоотой хориг арга хэмжээгээ сулруулахад бэлэн байгаа аж.
Тус асуудлыг хэлэлцэхээр АНУ-ын албаны төлөөлөгчид гуравдугаар сарын 5-ны өдөр Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой уулзалт хийжээ. Энэ үеэр АНУ-ын тал Венесуэл газрын тосоо шууд импортлох нь нэн тэргүүний асуудал гэдгийг илэрхийлсэн нь олон жилийн дараа хоёр улсын харилцаанд бий болсон ахиц боллоо. Хэдийгээр эхний уулзалтаар ямар нэгэн бодит шийдэлд хүрээгүй ч талууд ойрын хугацаанд дахин хэлэлцээрийн ширээний ард суухаар тохиролцсон байна.
Вашингтоны зүгээс ерөнхийлөгчийн шударга сонгуулийг зохион байгуулах, тус улсын шоронд хоригдож буй АНУ-ын иргэдийг чөлөөлөх зэрэг шаардлагуудыг тавиад байгаа бол Николас Мадуро Венесуэлийн эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ өргөн хүрээгээр сулруулахыг шаардаж байна.