
Дэвид Базукийг “Builderman” аватараар нь дэлхий даяар 9-12 насны хоёр сая хэрэглэгч сайн мэднэ. Түүний бүтээсэн “Roblox” бол хүүхдэд чиглэсэн, видео тоглоом, нийгмийн сүлжээг хослуулж, өдгөө хэрэглээгээрээ “YouTube”, “TikTok”-той өрсөлдөж буй платформ. Цар тахлын үеэр гэртээ “хоригдсон” хүүхдүүд “Roblox”-той нөхөрлөх болсноор Базукийн компани өсөн тэлж эхлэв. АНУ-ын Калифорни мужийн Сан-Матеод төвтэй энэ стартапын хэрэглэгчдийн тоо есөн сарын хугацаанд 81 хувиар өсөж, 31.1 саяд хүрсэн бол “Roblox”-ийн аппликейшн, вэбсайтад тэдний зарцуулсан цаг 123 хувиар нэмэгдэж, 22.2 тэрбум боллоо.
Өнгөрсөн нэгдүгээр сард санхүүжилт босгосноор “Roblox”-ийн зах зээлийн үнэлгээ 29.5 тэрбум ам.долларт хүрч, энэ хэлцлээс хамгийн том ашиг хүртсэн Базукийн (58 настай) хөрөнгө өдгөө 2.8 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.
Тэгвэл “Roblox” юугаараа онцгой юм бэ? Энэ платформ өөрийн гэсэн тоглоом бүтээж, түүнийгээ худалдах боломжоор хүүхдүүдийг хангаж, капиталист багачуудын армийг бүтээсэн юм. “Roblox” дээр нэг ам.доллараар 100 нэгж “Robux” буюу цахим валют худалдан авч, тоглоом тоглох, аватар бүтээх, тоглоомын эд зүйлс худалдан авах боломжтой. Харин тоглоом зохион бүтээгчид 100 нэгж “Robux” тутмаас 35 центийн ашиг хүртдэг аж. “Roblox” ертөнцийн нэг сая орчим зохион бүтээгч 2020 оны есдүгээр сар хүртэлх есөн сарын хугацаанд нийт 210 сая ам.доллар олжээ. Цөөн тооны амжилттай зохион бүтээгчид мэдээж энэ дүнгээс томоохон хувь хүртэж буй. Мянга гаруй зохион бүтээгч 10,000 ба түүнээс дээш ам.доллар, мөн 250 гаруй нь 100,000-аас дээш ам.долларын орлого олжээ. Харин “Roblox” өөрөө энэхүү есөн сарын хугацаанд 600 сая ам.долларын орлого олсон нь 2019 оноос 100 сая ам.доллараар өссөн үзүүлэлт юм.