
АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах төв (NASA), ‘Space X’ компани олон улсын сансрын станц руу дараагийн баг бүрэлдэхүүнээ илгээхээр болжээ. Тодруулбал, энэ сарын 31-нд Флорида дахь ‘NASA’-гийн Кеннеди сансрын төвөөс орон нутгийн цагаар 2 цаг 21 минутад “Crew 3” хөлгийг хөөргөх аж.
Энэхүү бүрэлдэхүүнд ‘NASA’-гийн сансрын нисгэгчид болох командлагч Ража Чари, нисгэгч Том Маршбюрн, мэргэжилтэн Кайла Бэррон болон Европын Сансрын агентлагийн сансрын нисгэгч, мэргэжилтэн Маттиас Маурер нар багтжээ.
Хэрвээ цаг агаар болон бусад техникийн шалтгаанаар хөөрч чадаагүй тохиолдолд ирэх сарын 03-ны өдөр хөөрөх төлөвлөгөөтэй байна.
Мөн ‘Crew 2’ хөлгийн буцах хугацаа тодорхойгүй байгаа бөгөөд NASA-ийн мэдээлснээр, арваннэгдүгээр сарын эхээр буух магадлалтай байна. Тус багийн бүрэлдэхүүнд NASA-гийн сансрын нисгэгч Шейн Кимброу, Меган МакАртур, Японы сансар судлалын агентлагийн сансрын нисэгч Акихико Хошиде, ESA-гийн сансрын нисэгч Томас Пескет нар багтаж байна.
‘Crew-3’ багийн сансрын нисгэгчид олон улсын сансрын станцад долоон сарын турш байрлан даалгавар гүйцэтгэх бөгөөд 2022 оны дунд үеэс эргэн ирэх юм.
Эх сурвалж: NASA