
Өчигдөр /2021.10.21/ БНСУ өөрсдийн бүтээсэн анхны сансрын пуужингаа орон нутгийн цагаар 17 цагт БНСУ-ын нийслэл Сөүл хотоос 470 километрийн зайд орших Жолланам-до мужийн ‘Наро’ сансрын буудлаас хөөргөв. Пуужин 1.5 тонн хиймэл ачаатайгаар амжилттай хөөрсөн боловч тойрог замдаа бүрэн орж чадаагүй байна.
Энэ үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин ‘Пуужин нислэгийн бүх үе шатаа амжилттай дуусгасан ч даалгавраа бүрэн биелүүлж чадсангүй. Цаашид энэ төсөл маань улам сайжирч, Солонгос улсын сансрын эрин үе ойртоход хэдхэн алхам дутуу байна’ хэмээн онцлов.
Тус пуужинг ‘Нури’ хэмээн нэрлэсэн бөгөөд ертөнц гэх утгыг агуулж байгаа аж. Дэлхийгээс 600-800 км /370-500 миль/ тойрог замд гарах зориулалттай гурван угсраа хэсэг бүхий ‘Hanwha’ компанийн бүтээсэн KSLV-II ‘Нури’ пуужин нь 200 тонн жинтэй бөгөөд шингэн түлшээр ажилладаг хөдөлгүүртэй юм. Пуужингийн эхний хоёр угсраа нь 75 тонн, гурав дахь нь 7 тоннын тус тус жинтэй байна. Пуужинг 2010 оноос бүтээж эхэлсэн бөгөөд 2 их наяд вон буюу 1.8 тэрбум ам.доллар зарцуулжээ.
Дараагийн туршилтын хөөргөлтийг тавдугаар сарын 19-нд хийхээр төлөвлөж байна.
БНСУ-ын цаашдын бодлогод цэргийн хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй байгаад ‘Нури’-г зэвсэг болгож ашиглах төлөвтэй байгааг зарим хэвлэлд онцолж эхэлжээ.
Эх сурвалж: Reuters