
Засгийн газрын үйл ажиллагааг таниулан сурталчлах зорилгоор Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас сэтгүүлчидтэй хийх ээлжит уулзалтыг өчигдөр Монгол банкны байранд зохион байгуулав. Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар оролцож, салбартаа хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, бодлогын хэрэгжилтээ танилцуулав.
Уулзалтын эхэнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ирэх онд боловсрол, шинжлэх ухааны салбарт 2.315.8 тэрбум төгрөгийг төсөвлөж байгаагаас 1.825.8 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 489.9 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулах юм. Багш нарын цалин урамшууллыг боловсролын чанар, үр дүн, гүйцэтгэлд тулгуурлан суурь цалинг 200-300 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхийг онцлов.
Хувьсах зардлын аргачлалын шинэчлэлээр сургалтын хөтөлбөрийн бодит өртөгт суурилсан санхүүжилтийг олгохоо тодотгож, цаашид өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгохгүй байх тал дээр шинэчлэл хийж буйгаа тайлбарлалаа.
Мөн Монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй нийт улсын их, дээд сургуулийн бүтцэд өөрчлөлт оруулж, хөтөлбөрийн давхцлыг арилгахаа мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, нэг мэргэжлийг зөвхөн нэг сургууль олгодог болох юм.

Үүний дараа Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 11056 хүн 8.30 гаруй тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийг аваад байгааг мэдээллээ.
Хүйтний улирал эхэлж буйтай холбоотой барилгын материалын үнэ, дулаалгын материалын үнэ хамгийн их өсөлттэй байгаа бөгөөд хил, гааль, тээврийн хязгаарлалтын хүндрэлээс үүдэн үйлдвэрлэлд шаардагдах орц, материал дутмаг байгаа нь голлон нөлөөлж байгааг тайлбарлав.
Барилга, хот байгуулалтын салбарт 2022 онд он дамжин хэрэгжих 106 төсөл хөтөлбөр байгаа бөгөөд нийт 145,4 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа бол шинээр хэрэгжүүлэх 107 төсөл байгааг дуулгалаа.

Удаах танилцуулгыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хийв. Тэрбээр ирэх онд мал эмнэлгийн үйл ажиллагаанд 32.2 тэрбум төгрөгийг, шинээр 54 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөж байна.
Ургац хураалтын ажил 09 дүгээр сарын 15-наас эхэлж өнөөдрийн байдлаар үр тарианы хураалт 52.3 хувьтай, төмс, хүнсний ногооны хураалт 76-77 хувьтай, тэжээлийн болон тосны ургамлын хураалт 30.6 хувийн явцтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 8 хувиар ахиу байна.