2020 онд 300 хувийн өсөлт үзүүлсэн “Bitcoin” гэнэтхэн л удирдах түвшнийхний анхаарлыг татаж эхэллээ. “Forbes” сэтгүүлээс гурав дахь жилдээ танилцуулж буй “BLOCKCHAIN 50” жагсаалтад шалгарсан “PayPal”, “Square” тэргүүтэй томоохон 48 компани “Bitcoin” болон түүний цаадах блокчейн технологийг ашиглан зах зээлийн өрсөлдөөнд ноёлж байна.
Коронавирус АНУ даяар тархах үед Калифорнийн Пало-Алто дахь гэртээ хөл хорионд орсон “PayPal”-ийн гүйцэтгэх захирал Дэн Шульман энэ цар тахлыг амьдралд ганц удаа тохиох бизнесийн боломж гэдгийг мэдэж байв.
2014 оноос эхлэн түүний удирдсан цахим төлбөр тооцооны салбарт анхдагч “PayPal” компани хорин жилийн тэртээгээс бэлэн мөнгө ашигладаггүй ертөнц бүтээхийн төлөө ажиллаж ирсэн боловч саяхнаас өсөлт нь саарч эхэлжээ. Тус компанийг 2002 онд стартап байхад нь “eBay” худалдаж авсан бөгөөд түүнээс хойш арван жилийн хугацаанд орлого нь жилд дунджаар 38 хувиар өсөж байв. Харин өдгөө буцаад бие даасан компани болсон “PayPal” үүнийхээ тал хувьтай тэнцэх өсөлттэй ажиллаж байна. Хүмүүс гэр, гэртээ байх болсон энэ үед цахим худалдаа, дижитал төлбөр тооцоо өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болжээ.
Энэ нь “PayPal”-ийн идэвхтэй дансны тоонд шууд нөлөөлж, 2020 оны эцэс гэхэд 50 сая орчмоор нэмэгдэн 361 саяд хүрчээ. Дижитал эдийн засагт хувь нэмэр оруулдаг бусад компанийн адил хувьцааных нь ханш өнгөрсөн гуравдугаар сард 86 ам.доллар байсан бол 247 ам.доллар болж өсчээ. Дөрөвдүгээр сард эдийн засгийг идэвхжүүлэх 269 тэрбум ам.долларын санхүүжилтийг Америк даяар хуваарилах ажилд “PayPal” оролцож, банкинд данс эзэмшдэггүй 7 сая айл өрхөд бэлэн мөнгө олгоход тусалжээ. Шульман “PayPal”-аар дамжуулан банкинд дансгүй иргэдтэй ажиллаж байхдаа бизнесийн том орон зай байгааг анзаарчээ.

“3-5 жилийн дараа үүсэх байсан чиг хандлага 3-5 сарын дотор ажиглагдаж эхэлсэн. Ирээдүйн дүр төрхийг тодорхойлоход ‘PayPal’ оролцох ёстой гэж бодсон” гэж өдгөө 63 настай Шульман ярив.
Уламжлалт банкуудыг нэгтгэсэн “PayPal”-ийн хоцрогдмол, удаан технологи гүйлгээ хийхэд арваад хоног шаардаж байв. Юуны өмнө Гүржид төвтэй “Ingo Money” стартап эдийн засгийг идэвхжүүлэх хөтөлбөрийн чекийг системд оруулж, баталгаажуулах ба улмаар Гүрж дэх банк тэдгээр гүйлгээг хуваарилна. Таваас арав хоногийн дараа “PayPal”, эсвэл миллениалуудад зориулсан салбар компани “Venmo”-ийн дансанд бэлэн мөнгө орж ирнэ. Хэрэв үйлчлүүлэгч нэг хувийн шимтгэл төлөхийг зөвшөөрвөл мөнгөө хэдхэн минутын дотор хүлээн авах боловч тухайн чек баталгаажаагүй тохиолдолд банк цаана нь эрсдэл хүлээнэ.
“Bitcoin”-ийн суурь технологи блокчейнийн талаар мэддэг байсан Шульман дээрхээс илүү арга зам байгааг сайн мэдэж байв.
Блокчейн технологи “Bitcoin” гэх мэт криптовалютыг цахим хэтэвч рүү шууд хуваарилж өгдөг. Мэдээж банкинд дансгүй иргэн криптовалют зарцуулахын тулд интернэтэд холбогдох, эсвэл ногоон дэвсгэрт рүү хувиргах шаардлагатай болно. Энэ нь ч “PayPal”-ийн одоогийн шийдэлтэй нийцэж байв.
Шульман идэвхжүүлэлтийн хөтөлбөр санаачлагч АНУ-ын Засгийн газар удахгүй түүний өрсөлдөгч болох боломжтойг мэдэж байлаа. Төв банкнаас дижитал валютыг шууд олгох нь гарцаагүй байлаа. Засгийн газар аливаа төлбөр, санхүүжилтийг иргэдийн гар дээр шууд олгох боломж бүрдүүлэхийн тулд түүнийг хөгжүүлэх нь тодорхой байсан юм. Олон улсын төлбөр тооцооны банкны мэдээлснээр Төв банкуудын 70 хувь нь шинэ технологийг аль хэдийнэ судалж эхэлсэн бөгөөд Хятад, Швед, Уругвай зэрэг улс удахгүй өөрсдийн дижитал валютаа гаргах аж.


Шульманы удирдлага дор “PayPal” “Bitcoin”, блокчейнийн чиглэлээр мэргэшсэн ажилтнуудыг нэн даруй элсүүлэв. Аравдугаар сард Шульман “PayPal” дансаар дамжуулан криптовалютыг шууд худалдан авах, хадгалах, худалдах боломжийг хэрэглэгчдэд олгоно гэж мэдэгдсэн билээ. Тиймээс “PayPal”-тай хамтардаг, дэлхийн 26 сая худалдаа эрхлэгч криптовалютыг төлбөр тооцоондоо ашиглаж болохоор болжээ. Цар тахал дэгдсэнээс хойш нэгдүгээр сарын дунд үе гэхэд “Bitcoin”-ийн ханш 4,803 ам.доллараас 36,000 гаруй ам.доллар болтол өссөн учир ихэнх хүмүүс “Bitcoin” зарцуулах хүсэлгүй байна.
Криптог мөнгөний ирээдүй гэдэгт итгэдэг хүн зөвхөн Шульманаар хязгаарлагдахгүй. Өдгөө үйл ажиллагаагаа сайжруулахын тулд “Bitcoin”, түүний үндсэн технологийг ашиглаж, ашгаа нэмэгдүүлж буй томоохон компаниуд олон зуугаар хэмжигдэж байна. Энэхүү технологийг ашиглан үр нөлөөтэй төслүүд хэрэгжүүлж буй томоохон компаниудыг нэрлэдэг “Forbes”-ийн “Blockchain 50” ээлжит жагсаалтад “JP Morgan”, “Boeing”, “Honeywell”, “Aramco” мэт гэх урьд өмнө бүртгэгдэж байсан олон бизнес багтжээ.
Энэ жилийн жагсаалтад Азиас тав, Австралиас нэг, Африкаас нэг гээд 21 шинэ компани нэгдсэн байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын мессеж зонхилсон аппликейшн “KakaoTalk” бусдад барьцаалан зээлдэж, арилжаалах боломжтой “Klay” криптовалютыг гаргажээ.
Энэтхэгийн мэдээллийн технологийн томоохон компани “Tech Mahindra” блокчейн ашиглан олон сая гар утас хэрэглэгчдээ хуурамч дуудлагаас сэргийлж байгаа бол 4.9 их наяд ам.долларын активтай, дэлхийн хамгийн том банк “Industrial and Commercial Bank of China” санхүүжилтийг ердөө хоёр хоногийн дотор импортлогч, экспортлогчдод олгож байна. Энэ жилийн жагсаалтаас хасагдсан онцгой компанийн тоонд, блокчейнийг хайлтын системээс өөр зүйлд ашиглаагүй “Google” болон 2019 оны зун “Libra” цахим зоос зарлаж, өндөр эсэргүүцэлтэй тулгарсан “Facebook” орж байна. Нэрийг нь “Diem” болгон өөрчилсөн уг зоос одоо хүртэл гүйлгээнд хараахан нэвтрээгүй байна.
Үүний эсрэгээр, Жек Дорсигийн “Square” хурдацтай хөгжиж байна. Өөрийн “Cash” аппликейшн дээр криптовалют худалдан авч, арилжаа хийдэг энгийн үйл ажиллагаанаас гадна “Square” аравдугаар сард бэлэн мөнгөний нөөцөөсөө 50 сая ам.долларыг “Bitcoin” руу шилжүүлжээ. Харин “Boeing” компани блокчейнд суурилсан “SkyGrid” аппликейшн ашиглан дрон нислэгээ удирдаж байна. “Visa” карт эзэмшигчид удахгүй криптовалютаа хуванцар картаар зарцуулж, урамшууллын оноогоо “Bitcoin” хэлбэрээр хуримтлуулах боломжтой болно.
Томоохон компани, онцгой чинээлэг хүмүүст үйлчилдэг, 131 жилийн түүхтэй Чикагогийн “Northern Trust” банк саяхнаас криптовалютын дижитал хэтэвч үйлчилгээг нэвтрүүлжээ.

“PayPal” 2016 онд крипто гүйлгээгээ хурдасгах зорилгоор шинэ төрлийн дижитал хэтэвч гаргах хүсэлт гаргаснаасаа хойш уг зах зээлд нэвтэрсэн байдаг. “PayPal Ventures” анхны блокчейн технологийн хөрөнгө оруулалтаа 2019 онд Массачусетсын “Cambridge Blockchain”-ээр эхлүүлжээ. Тус компани хувийн мэдээллийг задруулахгүйгээр өөрсдийгөө нотлох боломжийг хувь хүмүүст олгодог крипто хэтэвч хөгжүүлж буй.
Тэрчлэн, “PayPal” санхүүгийн байгууллагуудыг криптовалютын луйвар, санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг “TRM Labs” стартап, криптовалютын татварын төлбөр тооцоог автоматжуулдаг “TaxBit”-ийн хувьцааг худалдаж авчээ.
Олон янзын эерэг таамгууд “PayPal”-ийн крипто үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлснээр хүлээлгийн жагсаалт үүсгэж, худалдан авах хязгаарыг долоо хоногт 20,000 ам.доллараас хэтрүүлэхгүй байх хязгаар тогтоогоод байна. Энэ түүх “Square” дээр ч давтагдсан аж. Калифорнийн Менло-Паркт төвтэй, блокчейнээр төрөлжсөн хөрөнгө оруулалтын компани “Pantera Capital”-ийн зүгээс “PayPal”, “Square” нарыг өдөр бүр шинээр олборлож буй 900 “Bitcoin”-ийн ихэнхийг худалдаж авдаг гэж тооцоолжээ.
Энэ жил “PayPal” криптовалютын үйлчилгээгээ тэлж, “Venmo”-ийн 40 сая хэрэглэгчид хүргэх аж. “Энэ бол зөвхөн хөрөнгө оруулалтын хэрэгсэл биш. Бидний зүгээс худалдааг хөгжүүлж буй арга юм” гэж Шульман тайлбарлав. Цар тахлын нөлөөгөөр “Bitcoin” хэрэгжүүлж буй өөр нэгэн компани бол 483 сая ам.долларын борлуулалттай, бизнесийн стратегийн программ “MicroStrategy”. Өдгөө 55 настай гүйцэтгэх захирал Майкл Сейлор 2020 онд 1.1 тэрбум ам.доллараар “Bitcoin” худалдан авснаас 650 сая ам.доллартай тэнцэх хувийг нь зээлээр авчээ. Виржиния мужийн “Tysons Corner” компанийн тайланд одоогийн байдлаар 2.6 тэрбум ам.долларын дижитал хөрөнгө тусгагдаж байна. 1999 оны интернэт хөөсрөлийн үеэр богино хугацаанд тэрбумтан болсноосоо хойш олны хараанд өртөхөө больсон Сэйлор үүнийгээ АНУ-ын Засгийн газрын мөнгөний зөөлөн бодлогын эсрэг хамгаалалт гэж үзэж байна. Түүний тооцоолсноор Засгийн газар ам.долларыг ханшийг жилд 15 хувиар унагаж буй.

“Ам.долларын шим шүүс сорогдох тусам тус валютын үнэ цэнэ унаж байна. Өөрөөр хэлбэл, ам.долларт суурилсан хувьцаа, бонд, үл хөдлөх хөрөнгө бүгд уналтад орж байна гэсэн үг” гэж Сэйлор хэллээ. “MicroStrategy” нь “Amazon”, “Netflix” зэрэгтэй адил органик өсөлт үзүүлж чадахгүй тул Сэйлор бизнесийнхээ үйл ажиллагааг “Bitcoin”-ийн валют арилжааны сангаар дэмжиж байна. Компанийн хувьцааны ханш 12 сарын хугацаанд 270 хувиар өсчээ. “Forbes”-ийн тооцооллоор дор хаяж 25 хувьцаат компани тайлан баланстаа “Bitcoin” тусгажээ.
“Blockchain 50” жагсаалтад багтсан ихэнх компани “Bitcoin” арилжаалах бус, криптовалютын суурь технологийг шинэлэг байдлаар ашиглахыг эрмэлзэж байна. Тодруулбал, Умард Каролинад төвтэй “Honeywell” компани блокчейн ашиглаж, хуучин нисэх онгоцны сэлбэг нийлүүлэгч, худалдан авагчдыг холбож байна. Одоогийн байдлаар “Boeing”, “Lufthansa” зэрэг 117 ханган нийлүүлэгч бүртгүүлээд байгаа бөгөөд 2020 онд 65 сая ам.долларын бараа, бүтээгдэхүүн солилцжээ. Энэ нь 37 тэрбум ам.долларын борлуулалттай үлэмж зах зээлийн өчүүхэн хэсэг боловч “Honeywell”-ийн удирдлагууд өөрсдийн платформ дээрээ хуучин сэлбэг хэрэгслийн цахим худалдааны бүхэл бүтэн салбарыг хэзээ нэгэн цагт удирдана хэмээн итгэж байна.
Мод боловсруулалтаар Өмнөд Африкийн зах зээлд тэргүүлдэг “Sappi” компани блокчейн ашиглан бүтээгдэхүүн бэлэн болох хүртэл буюу таримал ойн модыг хувцас, даавуу болгон хувиргах үйлдвэрлэлийн бүх үе шатыг хянаж байна. Улмаар блокчейнээр дамжуулан бүтээгдэхүүнийг байгалийн гаралтай ой мод ашиглаж үйлдвэрлээгүй гэдгийг жижиглэн худалдаачдад батлан харуулж, илүү үнэ нэмэхээс нь сэргийлж байна.

“Blockchain 50”-д шинээр нэмэгдсэн, Атлантагийн “CONA Services” компани “Coca-Cola”-ийн Хойд Америк дахь хамгийн том 12 савлах компанид технологийн үйлчилгээ үзүүлдэг. Блокчейн технологи нэвтрүүлэхээс өмнө сав баглаа боодол нийлүүлэгчдийн хооронд захиалга, тээвэрлэлтийг хуучирсан аргаар маягт бөглөх, тогтмол бус бүртгэл хөтлөх, толгой эргэм олон дэг журмаар зохицуулдаг байсан учир заримдаа бүтээгдэхүүн алдагдах, төлөвлөгдөөгүй зардал гарах асуудал гардаг байв. Харин шифрлэгдсэн шинэ системийн ачаар захиалга баталгаажуулалт, тээвэрлэлт, хүлээн авсан нотолгоог бодит хугацаанд нь блокчейнд оруулдаг болжээ.
Энэ жилийн жагсаалтаас харахад бизнесүүд блокчейнийн дөрвөн төрлийг хамгийн түгээмэл ашиглажээ. Ашгийн төлөө бус “Linux” сангийн блокчейн салбар “Hyperledger”-ийн үнэгүй программыг 25 компани ашигласан бол 22 компани 160 тэрбум ам.доллараар хэмжигдэх “Ether” криптовалютыг дэмждэг “Ethereum” блокчейнийг нэвтрүүлсэн байна. Есөн компани “JPMorgan”-ийн хөгжүүлж, Нью-Йоркийн блокчейн стартап “ConsenSys”-ийн эзэмшдэг “Quorum” криптовалютыг ашиглажээ. 112 сая ам.долларын санхүүжилт босгосон блокчейн стартап “R3”-ийн бүтээсэн “Corda”-г зургаан компани үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна. Жагсаалтын 11-ээс цөөнгүй гишүүн мэдээж “Bitcoin”-ийг ашиглаж буй.

“Gartner” группийн мэдээлснээр, 2020 оны арваннэгдүгээр сарын байдлаар Америкийн 1,000 гаруй компани блокчейн төсөл хэрэгжүүлж байна. Ихэнх нь эхний буюу туршилтын шатандаа байгаа боловч 14 хувь нь үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд удахгүй ашиглалтад орох аж. “Forrester Research”-ийн зүгээс идэвхтэй блокчейн төслүүдийн 30 орчим хувь нь энэ жил хэрэгжинэ хэмээн өөдрөгөөр таамаглаж байна.
Томоохон компаниуд криптовалют хадгалах, хамгаалах үйлчилгээнд хамрагдах чиг хандлага дижитал хөрөнгийн зах зээлд ажиглагдах болжээ. “MicroStrategy”-ийн Сэйлор болон бусад хөрөнгө оруулагч “Bitcoin”-оо хэрхэн хадгалдгаа илчлэхгүй байгаа нь энэ бүхнийг баталж байна.
Олон тэрбумаар үнэлэгдэх “Bitcoin” сураггүй алга болж байсан учир үүнийг байгууллагын хэмжээнд нэвтрүүлэх ажилд саад болж ирсэн. Луйвар, хулгайгаас гадна бусад асуудал ч бий. Хэрэв банкинд данс эзэмшигч нууц үгээ мартсан бол банк түүнийг нь асуудалгүй шинэчилж өгдөг. Харин “Bitcoin” эзэмшдэг хувийн түлхүүр буюу нууц үгээ алдах нь хөрөнгөө бүрмөсөн алдахтай адил бөгөөд нөхөн сэргээх боломжгүй юм.
Дижитал хөрөнгө олон нийтийн хэрэглээ болно хэмээн үзсэн санхүүгийн байгууллагууд крипто хөрөнгө хадгалах үйлчилгээг яаравчлан нэвтрүүлж байна. Испанийн “BBVA” банк, Голландын “ING”, Швейцарын “SIX” зэрэг байгууллага өдгөө крипто-хадгаламжийн үйлчилгээ үзүүлж буй. Арванхоёрдугаар сард “One River” хеж сан 600 сая ам.долларын криптовалют удирдахын тулд “Northern Trust”-ийн хадгалах үйлчилгээг ашиглаж байсан бөгөөд цаашид нэг тэрбум ам.долларт хүргэнэ гэдгээ зарласан юм. Тухайн сард “Northern Trust” Лондонд төвтэй криптовалют хадгалах үйлчилгээ үзүүлэгч стартап “Zodia Custody”-д хөрөнгө оруулалт хийжээ.
Крипто хөрөнгө хадгалах үйлчилгээ үзүүлж буй “Northern Trust”, “Fidelity” зэрэг компани дижитал активуудыг холбох төгс байр сууринд байна. Наймдугаар сард тэд Сингапурын хөдөө аж ахуйн гигант “Olam”-ын гаргасан бондын арилжааг дэлхийд анх удаа блокчейнээр дамжуулан гүйцэтгэв. Ердийн үед хоёр өдөр шаардагддаг тус арилжааг хэдхэн секундийн дотор гүйцэтгэжээ.
“Бид дэлхийн дижитал хөрөнгийн төслүүдэд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэх болно. Тэнд технологи нь байна, ойлголт нь байна. Үйлчлүүлэгчид ч бэлэн байна” гэж “Northern Trust”-ийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Жастин Чапман хэлэв.