Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Forbes
No Result
View All Result
Home Карьер Лидерүүд

ДИСРАПТОР

by Sanchir Otgon
1 year ago
Reading Time: 2 mins read
ДИСРАПТОР
Share on FacebookShare on Twitter

Дэлхийн стандартыг Монголд нутагшуулах чиглэлээр идэвхтэй ажиллаж буй М-Си-Эс групп өдгөө үндсэн бизнесүүдээ технологитой холбох чиглэлд түлхүү анхаарч байна. Энэ талаар группийн дэд ерөнхийлөгч Дашцэрэнгийн Энхтүвшинтэй ярилцлаа.

M-Си-Эс банк санхүүгийн салбарт орох нь, М Банк байгуулах гэж байна гэх яриа нийгэмд нэлээд явсан. Удалгүй группийн зүгээс “Simple”-ийг танилцуулсан. Энд чухам юу болсон юм бэ?
-Бидний амьдралын хэв маяг илүү цахим болох юм байна, энэ орчныг сайн дэмжиж ажилладаг уян хатан, хурдтай санхүүгийн үйлчилгээ чухал болох юм байна гэдэг үүднээс дижитал банкны М төслийг эхлүүлсэн. Нөгөө талаас харилцагч төвтэй сүүлийн үеийн банкны шинэ систем болон банкны биет салбаргүй байдал нь үйл ажиллагааны зардлыг бууруулж улмаар зээлийн хүүг бууруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломжтой харагдсан. Нөгөө талаас, харилцагчдын дадал, зан төлөвтэй холбоотой бусад мэдээллийг ашигласнаар барьцаа хөрөнгөгүй хэрэглэгчдэд илүү боломжуудыг нээх бололцоотой. Энэ зорилгоор банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хүсэлтээ 2017 онд анх Төв банкинд гаргасан. Бусад бизнесээс ялгаатай нь банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг шаардлагатай хөрөнгө оруулалт, дэд бүтцүүдээ бүгдийг нь хийснийх нь дараа өгдөг юм билээ. Тусгай зөвшөөрөл шаарддаг бусад бизнесийн хувьд эхлээд тусгай зөвшөөрлөө аваад, дараа нь хөрөнгө оруулалтаа хийдэг. Жишээ нь, харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэхийн тулд эхлээд тусгай зөвшөөрлөө авчихаад үйл ажиллагаагаа эхлүүлдэг. Энэ нөхцөлийн дагуу бид шаардагдах хөрөнгө оруулалтуудаа хийж, шаардлагуудыг нь биелүүлсэн хэдий ч одоо болтол Монголбанкнаас М төсөлд зөвшөөрөл олгох, эс олгох талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй л байна. Энэ төсөл дээр ажиллуулахаар олон шилдэг залуучуудыг гадна, дотноос урьж, баг болгож бүрдүүлсэн. Олон залуучууд Монголдоо шинэлэг юм хийе гэж гаднаас өндөр боломжтой ажлуудаа орхиж ирсэн. Манай хөрөнгө оруулалтаас гадна M төсөлд итгээд өөрийн ажил, амьдралаа золиослоод ирчихсэн залуучуудыг зорилгод нь нэг алхам ч гэсэн ойртуулах бодитой алхам хийхгүй бол болохгүй байсан. Тийм учраас хэдийгээр банк бус санхүүгийн байгууллага нь банкны үйл ажиллагаатай харьцуулахад хязгаарлагдмал ч бидний зорьсон ажлын орон зай энэ салбарт тодорхой хэмжээгээр байна гэж хараад “Simple”-ийн үйл ажиллагааг эхлүүлсэн.
-М банк тэгвэл одоо хүртэл идэвхтэй төсөл хэвээрээ юм байна, тийм үү?
-Хэвээрээ байгаа. Гэхдээ 2017 оноос хойш эрхзүйн орчинд өөрчлөлтүүд орсон. Банкны тухай шинэ хуулиар нэг хувьцаа эзэмшигч тухайн банкны 20-оос ихгүй хувийг эзэмших ёстой болсон. 2022 оноос банкууд хөрөнгийн зах зээлд гарахаар бэлтгэж байна. Үүнтэй холбоотойгоор шинэ банк байгуулах хувилбараас гадна одоо үйл ажиллагаа эрхэлж байгаа банкуудтай хамтран ажиллах, өөр банкны хувьцаа худалдаж авч хамтран ажиллах гэх мэт шинэ боломж, хувилбарууд нэмэгдээд судалж байгаа.
–Технологид суурилсан банкны үйлчилгээнээс гадна M-Си-Эс сүүлийн жилүүдэд ямар салбарт илүү сонирхол тавьж ажиллаж байгаа вэ? Одоогийн байдлаар бизнесийн нэлээд олон салбарт үйл ажиллагаа явуулж байгаа шүү дээ?
-Манайх шиг жижиг зах зээлтэй оронд нэг зах зээл дээр хэт олон өрсөлдөгч байх нь хөрөнгө оруулалт талаасаа их үрэлгэн санагддаг. Манай хувьд сүүлийн жилүүдэд зарим салбараасаа гарч, нэлээд төвлөрсөн, цомхон болсон. Жишээлбэл, ноолуурын “Гоёо” компаниа “Таванбогд” группт худалдсан. Архи, пивоны бизнесээс гарсан. Мөн анх эхэлж байсан жижиг бизнесүүдээ бүгдийг нь management buy-out буюу компанийн удирдлагуудад нь компанийг нь хувьчлах байдлаар шилжүүлсэн. Манайд бизнесүүд үйл ажиллагааны тодорхой хэсгүүддээ хамтран ажиллах орон зай их байдаг хэдий ч хангалттай хамтарч чаддаггүй санагддаг. Ойрын жилүүдэд одоо байгаа бизнесийн мэдлэг, туршлагуудаа яаж дижитал орчинд дасан зохицуулах талаар илүү анхаарал тавьж ажиллаж байгаа. Дижитал бизнес дан ганцаараа биш цогцоороо, экосистем нь иж бүрэн, тогтвортой байж амжилттай ажилладаг юм билээ. Энэ экосистемийг дэмжин, гарааны бизнесүүдтэй хамтран ажиллах үүднээс “M-Си-Эс Венчурс” гэж компани байгуулсан байгаа.


-“M-Си-Эс Венчурс” хэзээ байгуулагдсан бэ?
-Өнгөрсөн онд байгуулагдсан.
-Одоогийн байдлаар хэр хэмжээний хөрөнгө оруулалтыг ямар салбарын стартапуудад хийж байгаа вэ?
-Одоо хийж байгаа бизнесүүдтэйгээ уялдаатай гарааны хэд хэдэн бизнестэй хамтран ажиллаж эхлээд байгаа. Гарааны бизнесүүдийн хувьд хамгийн өндөр зардалтай, төвөгтэй хэсэг болох зах зээлд нэвтрэх, харилцагч татах тал дээр нь бидний зүгээс илүү хувь нэмэр оруулах боломжтой харагдсан. Нөгөө талаас олон жил яваад үйл ажиллагаа нь тогтсон бизнесүүдийн хувьд шинэчлэлт, өөрчлөлтөд дасан зохицохдоо хөшүүн, удаан байдаг. Гарааны бизнесүүдтэй хамтран ажилласнаар эдгээр сул талуудаа нөхөн, цаг хугацааг товчлох боломж гарч, хэн хэнд нь ашигтай байгаа. Одоогоор “M-Си-Эс Венчурс”-ээр дамжуулаад гарааны бизнесүүдийг дэмжиж, барагцаалбал 20 орчим сая ам.долларын хөрөнгө оруулаад байна.
–Тухайлбал ямар компани байгаа вэ?
-Shoppy, М Plus, TomYo гэх мэтчилэн нэлээд олон гарааны бизнестэй хамтран ажиллаж байгаа. Би хувиараа UBCab, GarnetOn зэрэг стартапт хөрөнгө оруулсан.
-“М-Си-Эс Венчурс”-ийн концепцыг ярихаар Shark Tank нэвтрүүлэгт та оролцсонтой холбоотой санагдаж байна л даа. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалт хийхэд та хэр нөлөөлсөн бэ?
-Би нэг их нөлөөлөөгүй ээ. Энэ санааг өмнө нь бид ярилцаж л байсан, гэхдээ хараахан жигдрээгүй байсан. Компаниа байгуулаад, бүтцүүд нь бий болоод, өнгөрсөн оноос үйл ажиллагаа нь нэлээд хурдацтай явж байна. Миний хувьд ТУЗ-д нь байдаг. Тэр чиг үүргийнхээ хүрээнд оролцож байгаа. Одоо байгаа гарааны бизнесийн экосистемийг дэмжих зорилгоор “M-Stars” хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Түүнээс гадна манай мэдээллийн технологийн салбарт тулгамдаж байгаа хамгийн том асуудал болох боловсон хүчний асуудлыг шийдэхэд хувь нэмэр болох үүднээс “M Stars IT Academy” гээд мэдээллийн технологийн сургалтын академи бас байгуулж байгаа. Энэ бүх ажил нь эцэстээ залуучуудын гарааны бизнес хийх сонирхлыг өдөөх, амжилттай гарааны бизнес бий болох магадлалыг нэмэгдүүлэх, улмаар нийт бизнесийн орчны бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, гарааны бизнесүүдийг олон улсын зах зээлд гаргах боломжийг нээх зорилготой.

RELATED STORIES

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

28/06/2022
Цасыг алт болгон хувиргагч

Цасыг алт болгон хувиргагч

22/06/2022

“Банк бус санхүүгийн байгууллага нь банкны үйл ажиллагаатай харьцуулахад хязгаарлагдмал ч бидний зорьсон ажлын орон зай энэ салбарт тодорхой хэмжээгээр байна гэж хараад “Simple”-ийн үйл ажиллагааг эхлүүлсэн.”


-M-Си-Эс группийн дэд ерөнхийлөгчид бодлогын түвшинд оролцохоос гадна тухайлсан чиглэлүүдээр төрөлжиж үйл ажиллагаанд оролцдог юм болов уу гэж анзаарсан. Таны хувьд технологи, дижитал шилжилт тал дээр түлхүү анхаарч байна уу?
-Тийм. Гэхдээ яг тогтчихсон гэхээсээ илүү хаана хэрэгцээ байна, тэр газартаа нөхөж дэмжиж ажилладаг. Огт мэдэхгүй салбар руу орж ажиллах ч тохиолдол байдаг. Аль болох богино хугацаанд тухайн салбараа судалж, ойлгоод хувь нэмрээ оруулахыг хичээдэг. Бизнесийг төслийн хэмжээнд байхад нь манай захирлууд тал талаас нь дэмжих, туслах байдлаар оролцож байгаад бие даагаад ирэхээр нь гүйцэтгэх удирдлага, багт нь хариуцуулж, бодлогын түвшинд л илүү оролцдог. Толгой компанийн зүгээс охин компаниудынхаа үйл ажиллагаанд оролцох хэмжээгээ зохистой түвшинд байлгахгүй бол хэтэрхий оролцохоор тухайн компаниудын бие дааж ажиллах чадвар сул болчих эрсдэл байдаг. Санхүү, хүний нөөцийн функц, ТУЗ гэсэн цөөн бүтцээр охин компаниудынхаа үйл ажиллагаанд оролцдог.

Та Shark Tank нэвтрүүлэгт оролцох болсон тухайгаа хуваалцаач?
-Гэнэтийн шийдвэр байсан. Хоёрдугаар улирлын бичлэг эхлэхээс гурван хоногийн өмнө надад санал тавьсан. Цаг нь нэлээд тулчихсан байсан тул тусалъя гэж бодоод л зөвшөөрсөн. Энгийнээр бол хэзээ ч өөрөө зориглож орохооргүй байсан. Ажлынхантайгаа ч зөвлөлдөж амжаагүй, зөвлөлдсөн ч хэрэггүй л гэх байсан юм билээ. Хэдийгээр амаргүй, өөрийгөө эвдсэн шийдвэр байсан ч энэ явцад олон зүйлийг шинээр мэдэж, сурч, олон ч боломжийг нээсэн гэж боддог. Миний хувь хүний туршлага, онцлогоос болоод тэр үү, тусдаа гараад бизнес хийнэ гэхээс илүү компанидаа ажиллаад, боломжоороо хөрөнгө оруулалт хийгээд явах нь зүгээр санагддаг. Энэ утгаараа бас хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээж өгсөн. “Shark Tank” нэвтрүүлгийн дараа нэлээд олон байгууллага, хүмүүстэй уулзалт, ярианууд хийсэн. Миний ажлын 24 гаруй жилийн түүх M-Си-Эс групптэй шууд холбоотой учраас компанийнхаа сайн туршлага болон алдсан сургамжаа илүү олон хүмүүстэй хуваалцах боломжийг бас энэ нэвтрүүлэг олгосон.
–Монгол Улсын Топ 100 аж ахуйн нэгж шалгаруулахад M-Си-ЭС группийн хамаарал бүхий компаниуд нийт 8 хувийг нь бүрдүүлсэн байсан. M-Си-ЭС-ийн бизнесийн салбар дахь амжилтыг та юутай холбож тайлбарлах вэ?
-Хүн. Ямар ч мундаг хүн ганцаараа бүгдийг хийж чадахгүй, чаддаг байлаа ч амжихгүй. Хүнд зөв систем, орчин, соёлыг нь бий болгоод, эрх мэдлийг нь өгч чадвал хамтдаа хөгжих боломж бүрддэг юм болов уу гэж боддог. Сайн ажиллаж чадвал ахих, хөгжих боломж байдаг нь манай амжилтын нэг үндэс байх. Манай охин компанийн захирлууд бүгд дотроосоо, доороос нь гарч ирсэн залуучууд байдаг. Жишээлбэл, “M-Си-Эс Проперти” компанийн гүйцэтгэх захирал Б.Даваа-Очир гэхэд анх санхүүгийн шинжээчээр ажилд орж байсан. Юнителийн Д.Энхбат захирал гэхэд “Юнител”-ийн охин компани болох “Орбитнет”-д холбооны инженерээр ажиллаж байсан. “М-Си-Эс Венчурс” компанийн захирал Г.Мягмаржав “Интерпресс” компанид ажиллаж байсан гэх мэт.

“Инженерингийн туршлага, ур чадвараа ашиглаад өөр улсад ажил гүйцэтгэх боломжуудыг судалж байгаа.”

–Зах зээлд тэргүүлэгч компанийн хувьд Монголын бизнесийн орчинд дэлхийн сайн туршлагуудыг нэвтрүүлэх чиглэлээр M-Си-Эс групп үүрэг хүлээдэг. Тэр олон улсын сайн жишгийг нь M-Си-ЭС яаж таньж, сонгодог юм бэ?
-Улсын хөгжлийг стандарттай шууд холбож болно. Өндөр хөгжилтэй орнуудыг ажиглахад бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартууд нь хамаагүй өндөр, өөр байдаг. Бизнесийн орчинд өрсөлдөгчдийн нэг нь өндөр жишиг стандарт тогтоовол бусад нь тэр жишигт хүрэхийг хичээхээс өөр аргагүй болдог. Иймэрхүү байдлаар стандартыг аажим аажмаар дээшлүүлээд байвал өрсөлдөгчид нь дагаад сайжрах, улмаар улсын хөгжил ч сайжирна гэсэн санаа “M-Си-Эс групп”-ийн “Дэлхийн хөгжлийг Монголд” гэсэн урианы ард байдаг. Жишээ нь, анх том шилэн цонхтой барилга барих гэхэд манайд тийм стандарт байхгүй гээд зөвшөөрдөггүй байлаа. Болно гэдгийг нь харуулаад стандартыг нь өөрчлүүлснээс хойш бүгд л том шилэн цонх хийдэг болсон. Дэлхийн стандартуудыг сурч, нутагшуулахад гаднын олон компанитай хамтран ажилладаг нь их нэмэр тус болдог. Хэрэглэгчдийн хувьд ч гэсэн тодорхой стандартыг мэдрээд сурчихаар яг тийм зүйлийг хүсдэг, түүнтэйгээ бусдыг харьцуулж жишдэг. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэлийн стандартаас гадна хэрэглэгчдийн хүлээлтүүд дагаад нэмэгддэг.
–Ер нь монголчууд олон улсын түвшинд гарч ажиллахад тулгамдаж байгаа хамгийн том, нийтлэг бэрхшээлийг та юу гэж харж байна?
-Тухайн зах зээлд нэвтрэх мэдлэг, ухаан, туршлага дутагдаж байгаа санагддаг. Өмнө нь “Энержи Ресурс”-т ажиллаж байхдаа Монголын нүүрсийг илүү үнэ цэнтэй болгох чиглэлээр 6-7 жил ажилласан. Тухайн үед манай нэг харилцагч “Та нар далайн гүнийг өөрсдөө алхаж хэмжих гээд хэрэггүй. Чадах цэг хүртлээ яваад, цаашаа чаддаг хүнтэй нь хамтарсан нь дээр” гэж хэлж байсан. Өөр зах зээл рүү орж ажиллахад тухайн зах зээлийн тухай мэдлэг хамгийн чухал байдаг. Нөгөө талаас, гаднын компани Монголд орж ирээд алддаг зүйлс нь нутагшиж чаддаггүй, монголчуудын соёл, тогтсон систем, зан заншлыг сайн мэддэггүйгээсээ болж алддаг. Нэгэнт бий болчихсон соёл, системийг гаднын ганц компани өөрчлөхөд тун хэцүү.

Хамгийн ойрын жишээ гэхэд уул уурхайн бүтээгдэхүүний экспорт. Ихэнх нь боловсруулалт хэрэгтэй болдог тул худалдааны компаниудад зараад л бизнес цикл нь дуусдаг. Яг эцсийн хэрэглэгч, зах зээлийнхээ талаарх мэдлэг, туршлага маш хомс. Ингэснээрээ эдийн засгийн үр өгөөжийг нь гүйцэд хүртэж чаддаггүй. Эцсийн хэрэглэгч нь яг хэн болох, юуг илүүд үздэг, чанарын хувьд ямар шаардлага тавьдаг, тээвэр ложистикийн хувьд ямар зардал, хүндрэл гардаг, түүнийг хэрхэн бууруулах бололцоотой гэх мэтийг мэддэггүй. Ингэснээрээ бид дэлхийн зах зээлд үнэ өссөн ч өгөөжийг нь сайн хүртэж чаддаггүй. Гарааны бизнес, технологийн салбарын бизнесүүдийн хувьд ч мөн адил.



“Хэдийгээр амаргүй, өөрийгөө эвдсэн шийдвэр байсан ч Shark Tank нэвтрүүлэгт оролцох явцад олон зүйлийг шинээр мэдэж, сурч, олон ч боломжийг нээсэн гэж боддог. Миний хувь хүний туршлага, онцлогоос болоод тэр үү, тусдаа гараад бизнес хийнэ гэхээс илүү компанидаа ажиллаад, боломжоороо хөрөнгө оруулалт хийгээд явах нь зүгээр санагддаг.”


-Ковид-19 цар тахал M-Си-Эс группийн бизнест ямар хүндрэл учруулж байна. Шинэ эгэлд дасан зохицох чиглэлээр ямар алхам хийсэн бэ?
-Бусадтай адил хорио цээрийн дэглэмээс үүдсэн бизнесийн үйл ажиллагааны тасалдал, тээвэр ложистикийн бэрхшээлүүдтэй нүүр тулж байгаа. Зарим салбаруудад, ялангуяа аялал жуулчлалаас шууд хамааралтай зочид буудал, мөн нүүрсний экспортод хүндээр тусаж байгаа. Хэрэглээ талаас нь харвал хүмүүсийн орлогод гарсан өөрчлөлттэй холбоотойгоор зарим бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалт эрс өөрчлөгдөж байна. Жишээлбэл, өмнө нь илүү үнэтэй багц авдаг байсан бол цар тахлын үед багцаа бууруулах, эсвэл арай үнэтэй бүтээгдэхүүнээс татгалзаад хямд бүтээгдэхүүний эрэлт өсөх зэрэг хандлага худалдааны салбарт анзаарагдаж байна. Хэдийгээр хямралын үе ч гэлээ нөхцөл байдал сайжирна гэсэн итгэлтэй учраас бид хөрөнгө оруулалтуудаа аль болох таслаагүй. Гэхдээ тоног төхөөрөмж хил гааль дээр саатах, түүнийг угсрах мэргэжилтнүүд нь нэвтрэх зөвшөөрөл авч чадахгүй гацах гэх мэт олон хүндрэл учирч байгаа. Цаашид үүсэж болох хүндрэлүүдийг буруулахын тулд аль болох хүний оролцоог багасгах, цахим шийдлүүд нэвтрүүлэх тал дээр илүү анхаарч байна.
-Та 24 жилийн өмнө M-Си-Эс группт нэгдсэн. Тухайн үед энэ групп компани ямар байсан танд ямар сэтгэгдэл төрж байсан бэ? Түүнээс хойш хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-1997 онд санхүүгийн шинжээчээр ажилд орж байхад 50-60 орчим ажилтантай байсан бол одоо 10’000 илүү ажилтантай болсон байна. Гэхдээ анх орж байхад байсан халуун дулаан уур амьсгал одоо болтол хэвээрээ байдаг.
–Одоо таны хувьд хувь хүнийхээ үүднээс болон M-Си-Эс группийн дэд ерөнхийлөгчийн хувьд зорьж байгаа ямар ажил байгаа вэ?
-Компанийн хувьд олон улсын зах зээл дээр ажиллах холын зорилго байгаа. Хэдийгээр амаргүй, нэлээд хугацаа шаардах боловч боломж байгаа санагдсан. Жишээлбэл, манай инженерингийн бизнесүүдийн хувьд гаднын компаниудтай нэлээд хамтарч ажилладаг. Эрчим хүчний бизнесийн хувьд нар, ус, салхи, дулааны гээд атомын цахилгаан станцаас бусад эрчим хүчний бүх эх үүсвэр дээр ажилласан туршлага байна. Гаднын компаниуд манайхыг олон улсын түвшинд гарч ажиллахад бэлэн болсон байна гэдэг. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт дээр манай “M-Си-Эс Проперти” компани мөн олон улсын түвшинд амжилттай ажиллаж байна. Оюутолгой төсөлд ажилладаг гаднын компаниудын хувьд ч манайхыг олон улсын төслүүд дээр ажиллах чадавхтай болсныг хүлээн зөвшөөрч байгаа. Инженерингийн туршлага, ур чадвараа ашиглаад өөр улсад ажил гүйцэтгэх боломжуудыг судалж байгаа. Саяхан манай залуучууд Африкт нэг төсөл дээр ажиллах боломжийг очиж судлаад ирсэн.

Sanchir Otgon

Related Posts

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр
Лидерүүд

Хямд үнээр Хятадын зах зээлд ноёлсон эр

28/06/2022
Цасыг алт болгон хувиргагч
Лидерүүд

Цасыг алт болгон хувиргагч

22/06/2022
Томоор зураглагч
Лидерүүд

Томоор зураглагч

17/06/2022
Эрүүл мэндийн зах зээлийн ганцаарчилсан тоглогч
Лидерүүд

Эрүүл мэндийн зах зээлийн ганцаарчилсан тоглогч

16/06/2022
Судалгаанд суурилан, мэдрэмжээр удирдана
Лидерүүд

Судалгаанд суурилан, мэдрэмжээр удирдана

13/06/2022
“Хүчирхэг ирээдүйг бүтээлцэнэ”
Лидерүүд

“Хүчирхэг ирээдүйг бүтээлцэнэ”

06/06/2022
“Microsoft”-ийн шинэ тархи болсон Сатья Наделлагийн амжилтын нууц
Лидерүүд

“Microsoft”-ийн шинэ тархи болсон Сатья Наделлагийн амжилтын нууц

03/06/2022
Том төслүүдийн том шийдэл
Лидерүүд

Том төслүүдийн том шийдэл

02/06/2022
Монголыг өөрчлөх төслийг хэрэгжүүлэгч
Лидерүүд

Монголыг өөрчлөх төслийг хэрэгжүүлэгч

31/05/2022
Сайн хамт олон амжилтын хэмжүүр
Лидерүүд

Сайн хамт олон амжилтын хэмжүүр

18/05/2022
  • 1.7k Followers
  • 4k Followers
  • Уналтаас сэргэсэн бизнес

    Уналтаас сэргэсэн бизнес

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Капитроны үсрэнгүй өсөлтийн цаана юу байв?

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Л.Жавзмаа: “Монголчуудаа эрүүл, аюулгүй хүнсээр хангах нь бидний үндсэн үүрэг”

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Бизнесийн экосистемийг бүрдүүлэгч

    0 shares
    Share 0 Tweet 0
  • 19 насандаа их сургуулиа хаяж, 25-тайдаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Александр Ванг

    0 shares
    Share 0 Tweet 0
Forbes

  • Бидний тухай
  • Редакцийн бодлого
  • Үйлчилгээний нөхцөл
  • Холбоо барих

No Result
View All Result
  • Карьер
    • Лидерүүд
    • Энтрепренер
    • Тэрбумтнууд
  • Бизнес
    • Эдийн засаг
    • Банк санхүү
    • Мөнгө
    • Крипто, Блокчэйн
    • Үл хөдлөх хөрөнгө
    • Хөрөнгө оруулалт
    • Старт-ап
    • Финтек
  • Амьдралын хэв маяг
    • Урлаг
    • Спорт
    • Аялал жуулчлал
    • Загварын ертөнц
    • Машин
  • Инновац
  • Forbes Brandvoice
  • Under 30
    • Видео
    • Нийтлэл
    • Шүүгчид
  • Forbes Women

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password? Sign Up

Create New Account!

Fill the forms below to register

All fields are required. Log In

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist